Хүссэн амьдралаараа амьдарч, аз жаргалтай, эрүүл энх байхын тулд энергийн хэлбэлзлийн түвшнээ өндөр байх зайлшгүй шаардлага бий болдог. Ухамсар болон энергийн хэлбэлзлийн түвшин хоёр хоорондоо шууд холбоотой байдаг. Хэрэв хэн нэгний хэлбэлзлийн түвшин сул байх юм бол ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болно. Үүний эсрэгээр хэлбэлзлийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авдаг. Энергийн хэлбэлзлийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг. Учир нь эго нь амин чухал энерги, цэвэр ухамсрын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг. Энергийн хэлбэлзлийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг байна. Өндөр хэлбэлзэлтэй байснаар та цэвэр хайр, энэрэлийг гадагшлуулж, таны энергийн хүрээнд өртсөн хэн бүр үүнийг мэдрэх болно.
Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж бол таны энергийн түвшнийг илэрхийлэх био-химийн дохиоллын систем юм. Ямар ч мөчид, ямар ч нөхцөл байдалд байсан бай хамаагүй таны мэдрэмжүүд таны энергийн хэлбэлзлийн түвшнийг бүрэн илэрхийлнэ. Энергийг эерэг, сөрөг гэж ангилах нь түгээмэл. Гэвч энэхүү 2 туйлын хооронд өчнөөн зуун мянган төрлийн хэлбэлзлийн давтамж байгаа. Хэрэв та энергийн хэлбэлзлийн түвшнээ дээшлүүлэх гэж байгаа бол юуны өмнө эерэг болон сөрөг хэлбэлзлийг хооронд ялгаж сурах хэрэгтэй. Үүнийг сурахын тулд юу мэдэрч байгаагаа тодорхойлох шаардлагатай. Жишээ нь та таагүй сэтгэл хөдлөл мэдэрвэл энэ бол сөрөг буюу доогуур түвшний хэлбэлзэл байна гэж тодорхойлж болно. Харин таатай сэтгэл хөдлөл төрж байвал энерги өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр энергийн түвшнээ дээшлүүлнэ гэдэг бол нэг ёсондоо эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгоно гэсэн үг юм. Одоо тэгвэл сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгэл хөдлөлийг бодлууд үүсгэдэг. Бодол өөрөө энергийн хэлбэлзэл юм. Зарим бодлууд сөрөг мэдрэмж төрүүлж, энергийн түвшнийг доошлуулдаг бол эерэг бодлууд таатай мэдрэмж төрүүлж, энергийг дээшлүүлдэг.
Юунд анхаарал төвлөрүүлж, юуны талаар бодож байна гэдэг нь нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх ач холбогдолтой. Эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, нөхцөл байдал, үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь өвчтэй хүнийг эргэж очихдоо өвдөж зовж байгаа талаар нь бодохын оронд эдгэрч, эрүүл болохыг ерөөн, хамт байж, өвчнөө даван туулахад нь тусалбал илүү үр дүнтэй байх жишээтэй.
Хэрэв та одоогийн байдлаар сөрөг бодлуудад автсан бол энэ нөхцөл байдлаас гарах хамгийн сайн арга зам нь БЯСАЛГАЛ. Бясалгал хийх үед та тодорхой хэмжээнд бодлоо зогсоох боломжтой. Сөрөг зүйл бодож байгаад бодлоо зогсоон улмаар эерэг бодлууд руу шилжих нь сөргөөс эерэг рүү шууд үсрэхээс илүү хялбар.
Хэрэв бясалгал хийх боломжгүй бол БОДЛОО АЖИГЛАХ аргыг хэрэглэж болно. Үүнийг хийхдээ ямар нэг шүүмжлэлгүйгээр өөрийн бодлыг ажиглаж эхэл. Бодлууддаа автахын оронд ажиглаж эхэлснээр та бодлуудаа ухамсарлах болно. Яг л тэнгэрт хөвж буй үүлсийг ажиглахтай адил ажиглалт хийгээрэй. Юу мэдэрч, юу бодож байгаадаа төдийлөн ач холбогдол өгч, зөв, буруу гэж бодох хэрэггүй. Энэ үйлдэл бол ЭГО сэтгэлгээнээс ангижрах нэг хэлбэр юм. Таны ЭГО өөрийгөө зөвтгөж, уурлаж, уйтгарлаж болно. Тэр бүгдийг нь чөлөөтэй илэрхийлэн гарга.
Мөн юу мэдэрч байгаагаа бичиж тэмдэглэх нь сөрөг мэдрэмжүүдийг гаргахад тустай. Орилж, уйлж, инээж сөрөг энергиэ гадагшлуул. Үүний дараа өөрийгөө эерэг болгох зүйлсийг хий. Та өөрийн хийх дуртай зүйлсийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Танд эерэг мэдрэмж төрүүлж, аз жаргалтай болгодог тэр бүхнийг хийгээрэй. Харин энд хүмүүсийн түгээмэл хийдэг, эерэг мэдрэмж төрүүлдэг үйлдлүүдийг сануулах зорилгоор бичлээ:
Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.
Хөгжим, аялгуу– хөгжим бол хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны ЭГО-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.
Өндөр энергитэй хүн, амьтан, газар орон, эд зүйлстэй ойролцоо байх. Энэ нь сүнслэг багш, амьтан, чулуулаг буюу кристалууд байж болно. Жишээ нь онгон байгал бол маш өндөр энергийн түвшнийг өөртөө агуулж байдаг. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм. Энэ мэт өндөр энергитэй зүйлстэй ойролцоо байснаар тань энергийн түвшин дээшилж, дөхөж очдог.
Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ.
Дасгал хөдөлгөөн– биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг эндорфин хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.
Үнэр болон өнгө – хөгжим, аялгуутай адилаар өнгө болон үнэр нь энергийн давтамжид нөлөөлдөг.
Талархлын тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл бичих нь таны анхаарлыг илүү төвлөрүүлдэг учир аль болох цаасан дээр бичиж тэмдэглэхийг хичээгээрэй. Хэрэв ингэх боломжгүй бол амьдралд байгаа эерэг зүйлсийг түлхүү олж харахыг хичээх хэрэгтэй. Бид өөрийн харахыг хүссэн, анхаарлаа төвлөрүүлсэн зүйлсээ түлхүү олж хардаг. Иймээс аль болох эерэг зүйлд төвлөрч, анхаарлаа хандуул. Жишээ нь машин бариад явж байхдаа “Энэ ямар аятайхан өнгөтэй машин бэ?”, “Зам тавиад өгдөг сайн жолооч байна” гэх зэргээр эерэг бодлуудыг өөртөө бий болгоорой. Талархлын давтамж нь ертөнцийн цэвэр ухамсар, мөн чанар, цэвэр хайр энэрэлтэй адилхан энергийн давтамжтай байдаг. Иймээс талархалтай байх тусам хамгийн өндөр энергийн давтамжид ойртож очих боломжтой болно.
Ус – Гэрэл бол цэвэр ухамсар, бурхан, дээд энергийн биелсэн хувилбар юм. Ус бол гэрлийн дараа орох өндөр давтамжтай матер. Иймээс усанд сэлэх, усанд орох нь таны бие махбодыг төдийгүй энергийг цэвэршүүлдэг ач холбогдолтой.
Сайн үйл хий – Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.
Асууж, эрэлхийл – эрж, хайж, асуух тусам та өөрийгөө илүү өндөр энергийн түвшинд аваачиж, айдас, хязгаарлалтаас хальж гардаг. Өөрийгөө таних тусам баригдмал байхаа болж, өндөр энергийн түвшнийг удаан хугацаанд хадгалах боломжтой болно.
Инээмсэглэ – танд инээд, баяр хөөр авчирч буй зүйлс бүхэн таныг дээшлүүлнэ. Инээд гэдэг бол давтамж өндөрсөж буй шинж тэмдэг. Иймээс инээд, баяр хөөр авчирдаг зүйлсийг эрэлхийл.
Хэрэв танд сөрөг бодол төрвөл үүнийг үгүйсгэж, өөрчлөхийг оролдох хэрэггүй. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Сөрөг мэдрэмжүүдээ зөвөөр илэрхийлж, гадагшлуулаад эерэг мэдрэмжүүд төрүүлэх зүйлсийг хийгээрэй.
Энэ бүгдийн эцэст сануулах хамгийн чухал зүйлс бол эерэг таатай мэдрэмж мэдрэх нь таны сонголт юм. Та сонголтуудыг ухамсартай болон ухамсаргүй байдлаар хийж байдаг. Эцсийн эцэст танаас өөр хэн ч таны өмнөөс бодож, мэдрэмж, энергийн түвшнийг дээшлүүлж чадахгүй. Та дуу хөгжим сонсож, үнэрлэж, өндөр энергитэй хүнтэй харьцсанаар эдгээр зүйлсийн өндөр энергийг хүлээн авч, үүний тусламжтайгаар өөрийн энергийг дээшлүүлэх шийдвэрийг гаргаж байгаа хэрэг юм.
Энергиэ дээшлүүлэх нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд харин ч өөрийнхөө аз жаргалын төлөө илүү мэдрэмжтэй, ухамсартай, тууштай хичээж байгаа хэрэг билээ. Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж бол таны энергийн хэлбэлзлийн түвшнийг илэрхийлэх гол зүйл гэдгийг санаарай. Та бүхэнд амжилт хүсье.
http://keytosecret.blogspot.com/