Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг эдийн засагчдын “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох гэж байна.
Чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, Монгол судлаачид болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгох зэрэг ажээ.
Түүнчлэн зөвхөн эдийн засгийн ерөнхий онол, чиг хандлага, судалгааны бааз суурийг хэлэлцээд зогсохгүй судлаач эдийн засагч, бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих нь уг арга хэмжээний бас нэгэн зорилт аж. Чуулганд, Ажил эрхлэлт ба цалин, Тодорхой бус байдал ба хөрөнгийн үнэ, Хэрэглээний экономикс, Эдийн засгийн онол гэсэн дөрвөн бүлэг сэдвээр АНУ, Дани, Канад, Солонгос, Турк, Монгол зэрэг улсын их, дээд сургууль, судалгааны төвийн эдийн засагч, судлаачид илтгэл тавих ажээ.