Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга, хорооны хэсгийн байцаагч, Засаг дарга болон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах тасгийн эргүүлийн цагдаа нар 2015 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 23-ны хооронд давхардсан тоогоор 96 чиглэлд 192 алба хаагч, албаны 20 нохой 12 автомашинтай, өдөр бүр 4 буюу нийт 48 байгууллага, аж ахуйн нэгжийн 192 ажилтнууд 96 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Баянгол дүүрэгт 2014 онд 2521 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурсан боловч 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт 2013 онд 1147, 2014 онд 1269 гэмт хэрэг бүртгэгдэж, 10.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
2015 оны эхний 2 сарын байдлаар нийслэлд 3443 гэмт хэрэг бүртгэгдсэний 564 буюу 16,3 хувь нь Баянгол дүүрэгт, үүний 4.7 хувь нь тус дүүргийн 17 дугаар хороонд бүртгэгдсэн байна. Хорооны нутаг дэвсгэрт баар цэнгээний газруудын төвлөрөл бүхий “Модны 2”-ын хэсэг хамаардаг ба 2015 оны эхний 2 сарын байдлаар нийт 456 дуудлага мэдээлэл, 23 зөрчил, 27 гэмт хэрэг бүртгэгдсэн. Арга хэмжээг 2015 оны 3 дугаар сараас эхлэн зохион байгуулснаар гэмт хэргийн дуудлага, мэдээлэл эрс буурч, гэмт хэрэг, зөрчлийн тоо тодорхой хэмжээгээр буурчээ.
Арга хэмжээний үр дүнд:
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамж зөрчсөн 4 баар, рестораны удирдлагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 зүйлийн 7.8 дахь заалтыг үндэслэн 1,000,000, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 145 хүнд 600,000, нийт 1,600,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 4 РС тоглоомын газрын эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоосон.
Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн “Үйлсболд” ХХК-ний “55 караоке”, “Энхлэн гийгүүлэн” ХХК-ний “Black white”, “Бэрх зараа” ХХК-ний “ЛМ саундс” караоке, “Шангас” ХХК-ний “Дөлгөөн дон” зэрэг 4 баарны тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/28 тоот тушаалаар эрхийг нь түдгэлзүүлүсэн.
Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр ажлын хэсэг ажиллах хугацаанд нийт 92 дуудлага мэдээлэл, зөрчил 12, гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс /2014.03 сар/ зөрчил 42,8 хувь, гэмт хэрэг 1 нэгжээр буурсан байна.