Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа.
Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт иргэдийг баярлуулах ажил байх нь зөв гэж бодоод энэ ажлыг санаачилсан. Гэхдээ баяр гээд зөвхөн наадаж цэнгэх биш төрийн үйлчилгээг иргэдэдээ өргөн хүрээнд хүргэх зорилготой юм. Иргэд маань хаанаас ямар үйлчилгээ авахаа мэдэхгүй, асуудлаа шийдүүлэхийн тулд шууд Засаг даргатай уулзана гэх жишээтэй байдаг. Аль ч шатны төрийн алба, түүний албан хаагчид нь иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилладаг. Дүүргийн хэмжээний төрийн байгууллагууд чухам юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнана. Мөн иргэд наадах зуураа төрийн бүхий л үйлчилгээг тэндээс авна. Сонирхолтой хэлбэр байгаа биз.
–Наадам юм бол бөх, морь сур байна биз?
-Тэгэлгүй яахав. Монголчууд эртнээс уул, усаа тахиж, байгаль орчноо хайрлан хамгаалдаг сайхан уламжлалтай. Энэ уламжлалын дагуу дүүргээ овоглосон хайрхан уулаа тахина. Бөхийн холбоотой ярьж байгаад залуу бөхчүүдийг барилдуулахаар болсон. Түрүүлсэн бөхөд нь сумын заан цол олгоно. Мөн хоёр насны морь уралдуулж, яруу найраг, урлаг соёлын арга хэмжээ зохионо. Дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийг дэмжиж, баяр дээрээ урьж оролцуулж байгаа. Хамтын ажиллагаатай байдаг гадаадын хот, дүүргүүдийн төлөөлөгчид ч хүрэлцэн ирнэ. Энэхүү баяраар дүүргийнхээ бүх иргэдийг Хүй долоон худагт очоосой гэж хүсч байна даа.
–Та нэг ярилцлагадаа Манай дүүргийн төрийн албан хаагчдын хуваарилалт бол шог. Гэхдээ тэднээрээ бахархдаг” гэж ярьсан байсан. Төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
– Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр эхлүүлсэн. Дүүргийн төсвийн орлогын 5-6 хувийг Иргэдийн хурлаар батлуулаад, сан үүсгэнэ. Энэ мөнгөөрөө төрийн албан хаагчдад сургалтын төлбөр, байрны мөнгө, эмчилгээний зардал ч юмуу аль хэрэгцээтэй зүйлд нь дэмжлэг үзүүлэх юм. Энэ асуудлыг шийдэхгүй бол үнэхээр болохгүй. Учир нь газар нутаг том, 300 гаруй мянган хүн амтай дүүрэгт 6000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 1000 хүнтэй суманд 30 гаруй хүн үйлчилж байхад манай 10000 гаруй хүнтэй долдугаар хороонд гэхэд долоон төрийн албан хаагч үйлчилж байна гэхээр хуваарилалт нь шог байгаа биз дээ. Тиймээс бүтэц хийхдээ заавал хүн амтай нь харьцуулах шаардлагатай болчихоод байгаа юм.
Цаашид энэ янзаараа ажиллавал ажлын үзүүлэлт муудах эрсдэлтэй биш үү. Энэ асуудлын гарцыг юу гэж харж байна вэ?
– Юуны өмнө Үндсэн хуульд 100-300 мянган хүн амтай дүүргүүд сумын статустай байхаар заасныг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Бид дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүдэд тодорхой ойлголт, мэдээлэл өгч саналаа уламжилсан. Хүн амын тоотой харьцуулж орон тоо , төсөв баталдаг байх ёстой юм. Ажлын үзүүлэлтийн хувьд би төрийн албан хаагчдаараа бахархдаг. Энэ олон хүнд цөөхүүлээ үйлчилдэг мөртлөө манай дүүргийн төрийн албан хаагчдын ажлын үзүүлэлтийг шалгасан ажлын хэсгийнхэн тогтмол дээгүүр үнэлдэг. Гэхдээ сайн байна гээд цаашид энэ маягаараа явж болохгүй.
–Танай дүүрэгт баригдаж байгаа “Авто худалдааны цогцолбор”-ыг дэмжихгүй байгаа хүмүүс ч байна. Автомашины худалдааг үнэхээр хотын нэг захад бөөгнүүлэх хэрэг байна уу?
-Энэ ажил туйлын зөв. Одоо байгаа техникийн захууд бол орчин, хөрс бохирдуулах, дуу чимээ,ил задгай хүнсний худалдаа гээд шаардлагатай хангахгүй зүйл их байна. Мөн Улаанбаатар хотын замын түгжрэлийн нэлээдгүй хувь нь техникийн захуудаас үүдэж байна. Авто худалдааны цогцолборын ажлын явц их сайн байгаа. Дүүргийн зүгээс энэ ажилд чадах зүйлээрээ туслаад, хамтран ажиллаж байна.
– Засаг даргын албыг аваад багагүй ажил хийсэн байх. “Иргэдийн баяр”-аар тавих тайлангийн бүтээнбайгуулалтын ажлуудаасаа цухас дурьдвал?
-Бүтээн байгуулалт их өрнөж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл хатуу хучилттай зам 50 гаруй км, 4000 метр урт гэрэлтүүлэг тавигдлаа. Хуучин арван жилд 50 км засмал зам тавигддаг байсан бол гурван жилийн дотор хийж чадлаа. Дүүргээ иж бүрнээр нь камержуулах ажил хийж байна. Манайх нийслэлийн төвийн зургаан дүүргээс улсаас татаас авдаг ганц дүүрэг. Татварын бааз суурь муутай. Томоохон аж ахуйн нэгжийн татварыг улсын төсөв, арай доогуурхыг нь нийслэлийн төсөв авчихдаг. Тэгэхээр манайд орлогыг нь тодорхойлох боломжгүй, лангууны татвар ирдэг гэж хэлж болно. Ийм байхад татварын төлөвлөгөөний давалт байхгүй гэж бусад дүүргүүдтэй харьцуулаад байдаг. Намайг ажил авахад манай дүүрэг улсад 2.8 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан харин одоо бол 7.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байгаа. Бид өөрсдийгөө санхүүжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн хүн амын орлогын албан татварыг дүүргүүдэд нь өгөх талаар хуульд өөрчлөлт оруулчихвал манай дүүрэг хөгжөөд л ирнэ. Энэ мэтээр шийдвэрлэх асуудал их байна.Түүнчлэн хотыг хөгжүүлнэ гэдэг цэвэрхэн, цэгцтэй байлгах гэж боддог. Тиймээс хоггүй болох менежментийг амжилттай хийсэн. Урьд нь сэтгүүлчид хогтой газрын зураг авья гээд манай дүүрэг рүү ирдэг байсан. /инээв/ Өнгөрсөн жилээс эхлэн манай дүүрэг “Хотын соёл” төсөл хэрэгжүүлэн явж байна. Санаачлагын тугийг дүүргийн хэмжээнд аялуулж, ЕБС-иудын сурагчдад хотын соёлын талаар хичээл зааж, хэлэлцүүлэг явуулсан. Иргэдийн ухамсар руу чиглэсэн төрөл бүрийн ажил хийсний үр дүнд одоо хур, үүсмэл хогийн цэг байхгүй болсон. Дүүргийн тохижилтын ажил, Баянхошуу, Сонсголон, 22-ын товчоо гээд зам тавих ажлыг хийж чадсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд урагштай сайхан явж байна. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд иргэд ам сайтай, халуунаар хүлээн авч байна. Ногоон байгууламж байгуулахад анхаарч байгаа. Худаг, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлуудыг хийгээд явж байна. Цаашид 1.5 тэрбум төгрөгөөр хорооллын дундах зам, бусад замууд тавигдана. Иргэдээс санал авсан болон бүтээн байгуулалтын нэлээд ажил хийнэ. Ер нь хийх юм маш их байна, мөнгө бага. Гэхдээ дүүргээ хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гээд л хамт олноороо шаргуу ажиллаж байна.
– Сонгинохайрхан бол 300 мянган хүн амтай аймгаар тооцвол зургаан аймгийн нийлүүлсэн хэмжээнийдүүрэг. Энэ олон хүний амьдралын гол эх үүсвэр жижиг, дунд үйлдвэрлэл байх. Тэднийг хэрхэн дэмжиж байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, судалгааны төвийг байгуулсан. Үйлдвэрлэгчдэд тулгардаг гол асуудал бол бүтээгдэхүүний борлуулалтын асуудал байдаг. Энэ асуудлыг тус төвөөр дамжуулан тодорхой түвшинд шийдэж байна. Бодлогоор дэмжихээс гадна бодит дэмжлэгүүдийг ч үзүүлдэг. Гадаадаас зочид төлөөлөгчид ирэхэд наад зах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээсээ дурсгалын зүйл аваад өгөх жишээтэй. Гадаад харилцааны тал дээр ч энэ талын асуудлыг тусгаж ажиллахыг хичээж байгаа. Саяхан хамтын ажиллагаатай Хайлаар хотын удирдлагуудыг айлчлахад нь жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг Хайлаар хотод борлуулах “Сонгинохайрханд үйлдвэрлэв” худалдааны цэг ажиллуулах талаар санал тавьсан. Энэ сардаа багтаад хариу өгөх байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин