Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг аж. Арван таван сантиметрээс нэг метр хүртэл өндөр ургадаг. Онцлог нь бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, том цагаан дэлбээтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой байдаг байна. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Энэ ургамалд эм, эр бэлэг хамтдаа байрладаг.
Өөрөөр хэлбэл, хос бэлэгтэй нэг гэрт ургамал юм. Иймээс энэ цэцгийг аз жаргалын бэлэг тэмдэг гэж нэрлэдэг. Мөн энэ цэцгийг хосоор нь ургасан байгааг харсан хүн аз жаргалтай амьдардаг гэж домогт өгүүлдэг билээ. Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг.
Хосоороо ургахдаа өөр хоорондоо арваас хорин метрийн зайтай ургадаг. Үүний нууц нь одоог болтол тайлагдаагүй байна. Вансэмбэрүү цэцгийг монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна. Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож Монголын Улаан номд орсон байна. Мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглосон байдаг аж.
Эх сурвалж: www.jirgee.mn