Уул уурхайн салбарын асуудал араасаа хэл ам, хардлага сэрдлэг дагуулсан байх олонтоо. Орон нутагт уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд аймгийн захиргааны байгууллагуудын дэмжлэгийг авсан албан бичгээр сум орон нутгийнхныг “сүр далайлган”, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулах нь энүүхэнд болсон бололтой. Ийм нэгэн жишээ Увс аймагт гарчээ. Увс аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батмөнх гэгч, тус аймгийн Өмнөговь сумын Засаг даргад гаргасан албан бичгээрээ өдгөө хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байгаа “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн заалтыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргажээ.
Г.Батмөнх гэгч хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч энэ эрхэм Өмнөговь сумын Засаг даргад илгээсэн албан бичигтээ: “Өмнөговь сумын ИТХ-ын 2013 оны 6 сарын 19-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэлийг хэлэлцүүлэхээр “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 25-р зүйлийн 25.4-д заасны дагуу аймгийн ИТХ-д санал оруулахсан. Аймгийн ИТХ-ын зохих шийдвэр гарах хүртэл нөхөн сэргээлттэй холбоотой аливаа гэрээ хэлцэл байгуулахгүй байхыг мэдэгдэж байна гэжээ.
Харамсалтай нь эл шийдвэрийг гаргагч Г.Батмөнх гэгч хууль мэддэггүй нэгэн бололтой. Хүичн төгөлдөр мөрдөгдөж байгаа “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 25.4.Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.
/Энэ хэсгийн “… , эсхүл дээд шатны” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/ “ гэсэн хуулийн заалттай.
Өөрөөр хэлбэл орон нутгийн ИТХ өөрийн гаргасан шийдвэрээ хууль тогтоомжид болон Засгийн газрын шийдвэрт нийцэхгүй байгаа бол тухайн ИТХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө л хүчингүй болгох эрхтэй. Түүнээс биш урьд урьдын жилүүдийнх шиг сумын ИТХ-ын шийдвэрийг Аймгийн ИТХ цуцладаггүй. Товчхондоо орон нутгийн удирдлага өөрийн нутаг дэвсгэртээ ямар компани, хувь хүмүүсээр нөхөн сэргээлтээ хийлгэх нь тэдний эрх мэдлийн хүрээний асуудал. Энд хууль зөрчсөн зүйл алга. Сумын ИТХ-ын ийм шийдвэрт хуулийн хүрээнд аймгийн ИТХ-аас хориг тавих, шийдвэр гартал хүлээлгэх боломжгүй гэдэг нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар тов тодорхой харагдаж байна.
Гэтэл аймгийн захиргааны байгууллагын удирдлагууд ийм хүчин төгөлдөр тус хуулийг заалтыг үндэслэн буруу тогтоол шийдвэр гаргаж иргэдийг хохироож байна.
Ийнхүү Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон Хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх нар хүчин төгөлдөр бус шийдвэр гарган, албан тушаалаа уруулан ашиглаж, сумын ИТХ-ын эрх мэдэлд хууль бусаар халджээ.
Ц.Мөнх