ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд онцгой амжилт гарган Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 сая, Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 сая, Сингапурт болсон “Авъяаслаг азичууд” олон улсын телевизийн уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсон “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр уран бүтээлчдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэж үг хэлэхдээ Монголын ард түмэн, монгол залуусын бахархан дуурайх үйлстнүүдэд Засгийн газрын шагнал гардуулж байгаадаа сэтгэл өндөр байна гэлээ.
П.И.Чайковскийн нэрэмжит дэлхийн том уралдаанд оролцоно гэдэг бахархал. Уралдаанд нь оролцоод, эрэгтэй дуучдын төрөлдөө түрүүлж, зургаан төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээ магнайлсан Г.Ариунбаатарын Гран-При шагнал бол Олимпын наадамд манай Түвшинбаяр аваргын гаргасан амжилттай дүйцэх амжилт юм.
Э.Амартүвшин маань оролцсон тэмцээн, уралдаан бүртээ амжилт гаргаж, дэлхийн дуучдыг өнгөлж яваа. “Cardiff Singer of the Word” уралдаан бол дэлхийн уралдаан. Энэ наадмын үзэгч олны талархлыг хүлээнэ гэдэг хамгийн том шагналыг нь авснаас ялгаагүй.
Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын амжилтууд манай улсын дуурийн урлагт шинэ сургууль гарч ирлээ гэдгийг дэлхийд харуулж байна. Та хоёр урлагийн тайзнаа өөрсөд шигээ олон олон дуучин, залуусыг бэлтгэж, энэ урлагт сургаж, булган сүүлтэй байгаарай гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газраас Монголдоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татах, дэлхийд эх орноо сурталчлахад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газраас арга хэмжээ авч байгаагаас дутахааргүй том суртачилгааг “Хөсөгтөн” хамтлаг хийж чадаж байна. “Авъяаслаг азичууд” тэмцээд амжилттай оролцож эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж чадсан, манай үндэсний урлаг, Монголын соёл урлагийн нүүр царай болсон “Хөсөгтөн” хамтлагийнханд баярлалаа.
Монголын соёл урлаг шавхагдашгүй, Монголын соёл урлаг өвөрмөц, Монголын соёл урлаг дэлхийн брэнд болж чадна гэдгийг та бүхэн харуулж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.
Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газраас санаачилсан юм. Энэ шийдвэрийг бид өнөөдөр ч амжилттай хэрэгжүүлж явж байна. Ийм гялалзсан авьяастнуудаа дэмжих ажлыг Монголын төр, Засгийн газар баримталж ажиллах болно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.