Монгол Япон цэргүүд зам барих хамтарсан сургуулилтыг эхлүүллээ

2015072003Япончуудад нэг эрхэм зан бий. Энэ бол аливаа ажлыг бүрэн төгс, гүйцэтгэл сайтай, чанартай хийж гүйцэтгэх явдал юм. Тэдний барьж гүйцэтгэсэн зам барилгын насжилт хэдэн зуун жилээр яригдах хугацаатай гэх нь бий. Тэгвэл Монгол Улсын Зэвсэгт хүчин япончуудын зам барилгын арга ухаанаас суралцах боломжтой болжээ. Тодруулбал, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм байна.

2015072006

Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон бөгөөд  Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори манай улсад айлчлахтай энэхүү арга хэмжээ давхацсан. Ноён Ниши Масанорийн айлчлалын зорилгуудын нэг нь хоёр орны цэргүүдийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх явдал байсан юм. Түүнийг дагалдаж Японы Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Косэ Микио, Японы Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын хэлтсийн дарга Ёошида Масанори тэргүүтэй албаныхан ирсэн байв. Харин Монгол талаас хамтарсан сургуулилтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нарын удирдлагууд оролцлоо.

2015072004

Хошууч генерал З.Болдбаатар арга хэмжээнд нээж үг хэлэхдээ Япон, Монгол Улсын батлан хамгаалах салбар ойрын хугацаанд илүү эрчимтэй хөгжиж буйг онцлоод  хоёр орны Зэвсэгт хүчин цэргийн чадавхийг дээшлүүлэхээр хамтарсан сургалт дадлагыг эхлүүлж буйдаа талархсан юм. Харин Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори “2010 онд Монгол Улсад айлчилж байлаа. Тэр үед би яамныхаа  Гадаад хамтын ажиллагааны дарга байсан. Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга болоод Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Бид энх тайван байдлын төлөө санаа зорилго нэгтэй ард түмэн. Тэр ч утгаараа бүх салбар хамтран ажиллаж байна. Мэдээж  Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг онцлох учиртай. Манай улс анх удаа энэ жил  “Хааны эрэлд” олон улсын сургуульд өөрийн цэргийн багаа оролцууллаа. Цаашдаа илүү хамтран ажиллана гэдэгтээ илтгэлтэй байна” гэсэн юм.

2015072005Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …