Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,
Хүндэт дайчид, оюутан-цэргүүд ээ,
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Монгол Улсын батлан хамгаалахын шинэ нөөц хүчин, цэргийн албаны шинэ хэлбэр оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангаргаа өргөлөө. Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд Эх орон бүтнээрээ шингэдэг учиртай. Ийнхүү оюутан гэсэн хариуцлагатай нэрэн дээрээ цэрэг хэмээх бахдам алдар, чанд хатуу хариуцлагыг нэмж, монгол оюутан, монгол цэргийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж буй Та бүхэндээ тангаргийн баярын мэнд хүргэе.
Цэргийн тангараг бол эр хүний хамгийн чанд мөрдөх хариуцлага юм. Оюутан-цэрэг та нар цэргийн тангарагтай хамт оюутны хариуцлагын тангараг давхар өргөж буй гэж бодох ёстой. Монгол цэргийн нэрийг өргөж, оюутны үлдсэн жилүүддээ хичээх шаардлагатай. Цэргийн тангараг өргөсөн оюутан хүний үүрэг хариуцлага, хандлага төлөвшил, хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үлгэрлэж, алхам тутамдаа хичээн санаж яваарай.
Оюутан-цэргийн жагсаал, тангараг өргөх ёслол монгол цэргийн жавхааг бадрааж, золбоо хийморийг өргөж байгааг харахад Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд сэтгэл нэн таатай байна. Эндээс хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, оюутны байгууллагууд, холбогдох хүмүүсийн ажлыг дүгнэж болохоор байна. Та бүхэнд баяр хүргэе.
Энэхүү хөтөлбөр оюутан залууст суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн бэлтгэлд хамрагдаж, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйн болон эх орноо батлан хамгаалах цэргийн бэлтгэл олгож, хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, төрийн албанд ажиллах боломжийг нээж байна. Цэргийн алба та нарт бодсоноос ч илүү боломжийг нээж, зөв төлөвшлийг олгож, хамгийн чухал үзлийг төлөвшүүлснийг эцэг эх, гэр бүл, багш нар, сургуулийнхан чинь гэрчлэх биз ээ.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн анхдагчид болж 418 оюутан-цэрэг тангараг өргөж байсан бол өнөө жил алдарт 1000 цэргийн карантин болж цэргийн мэргэжлийн бэлтгэлд 2 сар гарлаа. Хөдөө орон нутгийн оюутнуудыг анх удаа хамруулсан сайн туршлага нэмэгдлээ. Оюутан-цэрэг хөтөлбөр ийнхүү жилээс жилд өргөжиж, улам бүр чамбайрах болно.
“Бүх нийтийн цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль”, “Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль”, “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт “Оюутан-цэрэг” хөтөлбөртэй холбоотой эрхзүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр баримт бичгүүд батлагдсанаар тус хөтөлбөрийн хүрээнд асуудал бүрэн шийдэгдэх болно.
Их эзэн Чингис хааныхаа талбай дээр эх орон, ард түмнийхээ өмнө баталсан Монгол Улсын цэргийн тангарагтай нийт оюутан залуучууд Та бүхний цаашдын эх орноо батлан хамгаалах, сурч хөдөлмөрлөх үйл хэрэгт их амжилт хүсье.
Эр цэргийн цээжин дэх мэт эх оронч үзэл, сайн үйлс дэлгэрэх болтугай.
Та бүхэнд баярлалаа. Хурай, дайчид аа” гэлээ.