Прокурорын байгууллагын 85 жилийн ойд оролцон Ерөнхийлөгчийн хэлсэн үг /бүрэн эхээрээ/

ebe1Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.

Монголын төртэй, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр бид шинэ цаг үед үүсч байгуулагдсан прокурорын байгууллагын ойг тэмдэглэж байна. Би хувьдаа Монголын төр үүссэн тэр цагаас тэнд гаргасан зарлиг тушаал, хууль дүрмийг хардаг, хянадаг, төрийн удирдлагад зөвлөдөг, хэлдэг тийм ухаант, билэгт хүмүүс Монголын төрд байнга байжээ гэж боддог. Тийм учраас Монголын төртэй, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм. Энэ эрхэм үүргээрээ та бүхэн бахархаж байх ёстой гэдгийг хэлье. Энд зөвхөн манай прокурорууд төдийгүй тэдний гэр бүл, тэдэнтэй хамтарч ажилладаг манай прокурорын байгууллагын энгийн ажилтнуудын  төлөөлөл хөдөө орон нутгаас, мөн төвөөс хүрэлцэн ирсэн байна.

Төрөөс даалгасан тусгай чиг үүргийг, тэр дотроо хамгийн хэцүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн прокурорын байгууллага, түүний ажилтнууд, прокурорууддаа Монголын үе үеийн төр үргэлж талархаж явдгийг энд бас хэлэх нь зөв юм.

Энд хамгийн гол нь манай прокурорын байгууллагын үе үеийг төлөөлсөн хүмүүс, сайхан ахмадууд ирсэн байна. Өнөөдөр ид ажлаа хийж байгаа үеийнхэн, прокурорын байгууллагад дөнгөж ажилд орсон залуус хүрэлцэн ирсэн байна. Энэ мэргэжлийг эзэмшиж улс орондоо сайн сайхан зүйлийг бүтээнэ, шударга ёсыг тогтооно гэж бодож байгаа оюутнуудын төлөөлөл бас биднийг харж байгаа. Тэр бүх хүмүүст энэ түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр бас нэг ой болж байгаа юм. ҮАБЗ-өөр 2010 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг баталсан. Энэ ойн арга хэмжээнд би өөрөө хүрэлцэж ирсэн нь бас учиртай. Монголд олон ой болж байгаа. Олон газар, олон аймаг, суманд, энд тэнд янз бүрийн ой, баяр болдог. Тэр бүхэнд би очоод байдаггүй. Гэхдээ та бүхний энэ ойн баяр дээр ирье гэж бодсон юм.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн, чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, манай шүүхийнхэн, манай хуулийн байгууллагын хүмүүс байгаа юм. Бидэнд бас тааруу нэр байна. Биднийг шударга бус гэж байна. Буруу шийдэж байна гэж байна. Хуулиа зөв болгоё. Бидний барьдаг хуулийг зөв болгоод өгөөч. Бидний хуулийг зөв болгоод өгөөч. Энэ явж байгаа хууль, дүрмийг зөв болгоод өгөөч. Шинэчлээд өгөөч. Цаг үетэйгээ нийцүүлээд өгөөч. Ард түмний шаардлагад нийцүүлээд өгөөч гэж хамгийн их хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн төлөөл бол та бүхэн байгаа юм. Ийм учраас та бүхэнд талархал илэрхийлэх гэж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм.

Өнөөдөр баярын хурлын илтгэлд олон талархлын үг гарсан учраас би хэцүү талыг нь, сорилт талыг нь ярья гэж бодсон юм. Прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. “Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна” гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Түүнийг тогтоодог ажил, Энэ бол хэрийн аавын хүү, хэрийн ээжийн охин хийдэг ажил биш. Энэ ажлыг та бүхэн үе үеийн Монголын төрд гүйцэтгэж ирсэн. Ийм ажил хийх хэцүү байдаг. Одоо улам бүр хэцүү болж байгаа. Тийм учраас би энд чихэр нь ихэдсэн, нялуун үгээр энэ баярын хурал дээр олон зүйл яримааргүй байна. Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэй гэж бодож байна. Гашуун ч байсан өнөөдөр бид ямар хүндрэл, сорилт тулгарч байна. Ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагынхан, ялангуяа прокурорын байгууллагынхан ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой.

Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг

Авлигачийг өнөөдөр” авлигач” гэж хэлдэг. “Чамд тэдэн жилийн ял тохирч байна” гэж хэлдэг ийм хүмүүс бол та бүхэн. Хууль зөрчсөн хүмүүсийг “Чи хууль зөрчсөн байна” гэж хэлдэг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг нь илрүүлэхэд хяналт тавиад явж байдаг. Бусад хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, үгүй юү гэдгийг бас хянаад хараад сууж байдаг тийм улсууд. Энэ утгаараа та бүхнийг шударга ёсны харуулууд гэж нэрлэж байгаа юм. Төрийн нүд, чих гэж нэрлэж байгаа юм. Энэ хууль зөв хэрэгжиж байна уу, үгүй юү гэдгийг харж, манаж байдаг манаач нар гэж нэрлэж байгаа юм. Ийм учраас та бүхнийг хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх гол хүмүүс, энэ фронтын цэргүүд гэж нэрлэж байгаа юм. Энэ ажлыг хийхэд хэцүү болсон. Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Манайхан заримдаа “Өө, авлигач. Авлигын хэргээр энэ хүн шийтгэгдсэн юм. Иргэн бүхэн хуулиар тэгш эрхтэй” гэдэг. Тэгш эрхтэй нь үнэн. Гэхдээ авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэдэг хүн хийдэг юм. Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн.  Би тийм чадалтай хүн гэж  эрдэж бардсан хүмүүс хийдэг.  Энэ хүмүүстэй улаан гараараа тулдаг, тэдний улаан нүүрэн дээр нь “Чи ийм хэрэг хийсэн” гэж хэлдэг, тэгж ялладаг хүмүүс нь та нар. Энэ бол хэцүү ажил. Ингэж хэлэх, ингэж ярих бол хэцүү.  Энэ ажлыг та бүхэн хийдэг.

Хулгайч хүн өнөөдөр нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас юм хулгайлсан байдаг. Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач бол улсаас хулгай хийдэг. Авлигач бол ард түмнээс хулгай хийдэг. Авлигач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авлигатай тэмцэнэ гэж ярьдаг юм. Тэгж хулгай хийдэг учраас авлигатай тэмцэх, тэр авлигачийг олж яллах, ялыг нь эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол тийм амар ажил биш. Хэцүү ажил.

Мөнгө хүчтэй. Авлигын мөнгө бүр хүчтэй

Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө бүр хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн иргэн, жирийн прокурор өөрийнхөө цалинг хүргэх гэж арга ядаж яваа. Жирийн иргэн, ариун цагаан хөдөлмөрөөрөө хэдэн төгрөг олох гэж ядарч яваа. Хуруу, хумсаа хуйхалж яваа. Авлигач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авлигад аваад, эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрөө баллахын тулд, баллуулахын тулд, тийм систем ажиллуулахын тулд цацдаг. Ийм учраас мөнгө хүчтэй.Авлигын мөнгө бүр хүчтэй. Бүр аюултай.

Ингэж Монголын төрийн утга учрыг, Монголын энэ явж байгаа замын утга учрыг балладаг юм. Ийм хүмүүстэй улаан нүүрээрээ тулж, ийм хүмүүстэй хууль ярина гэдэг бол хэцүү. Өнөөдөр энэ авлигын мөнгөөр бүхнийг худалдаж авч байгаа. Улс төрийн намыг худалдаж авч байна. Фракцийг худалдаж авч байна. Телевиз худалдаж авч байна. Радио худалдаж авч байна. Веб сайтууд худалдаж авч байна. Та бүхний хамгийн итгэдэг шударга хүнийг чинь худалдаж авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдаж авч байна. Монголд шударга өмгөөлөгч нар бий. Хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчийг нь худалдаж авч байна. Хамаагүй их мөнгө хаяж байна. Ингэдэг учраас, тэгж хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь тэндээ байдаг. Хар хүч нь тэндээ байдаг. Ад нь тэндээ байдаг.

Ийм системийг өнөөдөр бий болгож байна. Өнөөдөр энэ авлигын тухай, авлигын гэмт хэргийн тухай, үүний мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Муухай байна л гэж ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярихаасаа хүмүүс зүрхшээж байна. Айж байна. Энэ авлигын гэмт хэрэг гэдэг нь юу юм. Яагаад аюултай байдаг юм гэж гэдэс дотрыг нь ярих хэрэгтэй. Анатомыг нь ярьж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүн ойлгодог юм. Үүнийг сануулах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийх ёстой. Авлигатай тэмцэнэ гэдэг бол тийм амар ажил биш. Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Телевизийн чинь дэлгэцээр дамжуулаад, хэдэн зуун сая төгрөг хаяж байгаад хэчнээн сайхан хүн болох тухайгаа захиалгатай нэвтрүүлэг хийгээд бүх телевизээр цацаж байгаа.. Өнөөдөр та бүхэн хойноос нь цээжнийхээ махыг барж явж нэг авлигач бариад шийтгэсэн чинь араас нь та бүхнээс хүүхдүүд чинь асууж байгаа. “Ээж ээ, аав аа, та нэг их шийтгээд, яллаад байсан. Энэ чинь ийм л гавьяатай хүн байсан байна шүү дээ” гэж. Ингэж ард түмний тархийг угаах гэж оролдож байгаа. Ингэж Монголын ард түмнийг гэнэн юм. Мартамхай юм. Өрөвч юм гэж харж байгаа юм. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай.

Би үгээ хэлэхдээ хэлсэн. Жирийн иргэн авлига хийдэггүй юм. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Тийм жирийн иргэн бий юү. Ийм учраас энэ дээр ялгаж салгаж хандах ёстой. Ийм учраас авлигын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм. Энэ ийм учиртай юм. Өмнө нь ийм хүмүүсийн тухай нэг хоёроор ярьдаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо. Одоо бүлэглэлээр нь ярьдаг боллоо. Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Ийм зүйлийн өмнө бид нар бууж өгөх ёстой юу? Бид ухрах ёстой юу, ийм зүйлийн өмнө?

Би ийм үг хэлээд ад болдог. Та бүхэн ийм ялыг олж тогтоогоод ад болдог. Та бүхнийг тэд нэрээр чинь бичиж аваад“Тэрэнтэй хариуцлага бодно, тооцоо бодно” гээд явж байгаа. Намайг тэд яадаг гэж бодож байна, та бүхэн?

Хэдэн зуугаар нь хөлсийг нь төлж, мөнгийг нь төлж өмнөөсөө ажиллуулдаг бүхэл бүтэн армитай. Фейсбүүк гэж байдаг. Нүүр хуудас, нүүр ном гэж яриад байгаа. Тэдэн дээр хэдэн зуун бүртгэл, хэдэн зуун хуудастай. Пейж гэж яриад байгаа юм, тийм хуудастай. Твиттер гэж байгаа. Өнөөдөр нийгмийн анхаарлыг татдаг жиргээ. Тэнд хэдэн арваар нь хуурамч бүртгэл нээчихсэн. Аккаунт гэж яриад байдаг, түүнийг нээчихсэн сууж байгаа. Өнөөдөр тэд нар нийгмийн уур амьсгал, нийгмийн бодлогыг тодорхойлох гэж оролдож байгаа. Үүгээрээ аюултай байгаа юм. Өнөөдөр тэд нар нийгмээр чинь, хүүхдээр чинь таныг зүхүүлж байна. Учир мэдэхгүй залуусаар таныг зүхүүлж байна. Хараалгаж байна. Үүгээрээ энэ авлигатай тэмцэнэ. “Авлигач аа, чи боль” гэж хэлнэ гэдэг аюултай болсон. “Чи авлига авахаа боль.Энэ ажлаа зогсоо. Наад ажлаа өг” гэж хэлнэ гэдэг бол аюултай.

Авлигач та нарыг бөхөлзүүлэх л гэж үзнэ. Та нарт Монголын төрөөс өгсөн нэг эрх бий, авлигачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авлигачийн өмнө бөхөлзөж болохгүй, авлигачийг өмнөө бөхөлзүүлэх үүрэгтэй. Та нар яллах хуультай, тэмцэх хуультай, тийм эрхийг та нарт өгсөн юм шүү. Түүнийг Үндсэн хуулиар, хууль ёсоор өгсөн, Монгол Улсын хуулиар та нарт өгсөн. Тийм учраас тэр эрх, тэр үүрэгтээ, тэр хариуцлага, тэр манаандаа, тэр харуулдаа үнэнч зогсох үүрэгтэй. Миний хамгийн гол хэлэх гэсэн зүйл бол мөнгөтэйд нь битгий бөхөлз, мөнгөгүй чадал муутайд нь үйлчил. Бас яавал өршөөж болох вэ, яавал тэр хуулинд байгаа хамгийн бага ялыг  өгч болох вэ гэдгийг хар. Албан тушаалтайд нь битгий бөхөлз, алба ажилгүй анх удаа алдсан, гэндсэн тэр хүмүүст та нар үйлчил. Тэр хүмүүст хуулийг нь ойлгуул л даа. “Чи ийм алдаа хийсэн байна, чи ийм хуулин дээгүүр гишгэсэн байна, миний дүү” гээд ойлгуул. Бид нар Эвлрүүлэн зуучлах тухай хууль гээд тийм хууль хийж өгсөн шүү дээ. Тэр хуулийг ажиллуул л даа. Тийм гэндсэн улсууд хэдэн мянгаараа байгаа. Нөгөө талд нь тэгж даварсан этгээдүүд арав, хорь л байгаа. Тэр арав, хорьтой тэмдэглэж аваад тэмц.

Тэр мөнгө муутай явж байгаа ядуу зүдүү ард иргэдийн хүүхдүүд, Монголд баялаг бүтээх гээд хуруу хумсаа хуйхлаад зүтгэж байгаа тэр хүмүүстэй хөөцөлдөж тэдний халааснаас сүүлчийн цайны мөнгө, сүүлчийн талхны мөнгийг нь битгий ав. Битгий тэднийг дарамтал, хэрэггүй. Тэдэнд зөөлөн ханд. Болохгүй задарсан улсад нь та бүхэн төмөр нүүрээ харуул. Бид хэлдэг, би хэлдэг. “Чиний эрх ашгаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм. Ийм ажлыг чи хийж болохгүй, одоо боль” гэж хэлдэг. Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байгаа юм. Уг нь ард түмний төр, сонгогдсон хүмүүсийн төр байх ёстой шүү дээ. Манай ард түмэн чинь төрөө би байгуулж байна гэж сонгож байгаа. Гэтэл тэр ард түмний төрийг авлигачид замаас нь булааж авч байгаа юм. Яг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байгаа. Тэгээд өөрийн болгож байгаа юм.

Авлига гаднын дайснаас аюултай

Энэ УИХ-ын гишүүд гэдэг чинь тоотой юм шүү дээ. 76- хан тоотой, тэднийг дотор нь намаар нь нэг хуваана, дараа нь фракциар нь нэг хуваана, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хуваана, тэгж хувааж аваад хоорондоо ярина. Тэгээд хүсэл зорилгоо тэдэнд тулгана. Ямар учраас авилга гэдэг улс оронд гаднын дайснаас илүү аюултай вэ? Гаднын дайсан Монгол руу довтлоод ирвэл бид нар бүгдээрээ  нэгдэж зогсоод эх орноо хамгаална. Бидний бүх үе тэгж ирсэн, бид ч тэгэх л болно. Монгол Улсад гаднын аюул тохиовол шүү дээ. Гэтэл энэ авлига гэдэг чинь дотор нь хуваадаг байхгүй юү. Намаар нь хуваагаад өмчилж аваад өмч хөрөнгөөр нь хуваагаад, гишүүдээр нь хуваагаад, бодлого тодорхойлогчдоор нь хуваагаад, Монголын төрийг саринуулдаг. Тэгж хувааж Монголын төрийг сульдуулдаг, тэр төрд үнэнчээр зүтгэж байгаа хүнийг мохоодог, мохоох гэж оролддог.

УИХ-ын гишүүд дотор шударга гишүүд олон бий. Ард түмнийхээ өмнөөс ажиллаж, зүтгэж байгаа гишүүд бий. Өнөөдөр тэр хүмүүс рүү мессеж явуулж дарамталж байгаа. “Дараа нь чамайг дэмжихгүй шүү, миний л хэлсэн сайдыг сонгоорой” гэж Ерөнхий сайдыг өнөөдөр дарамталдаг.Та нар тэр тавьсан сайдаараа ажил хийлгэнэ гэж бодож байна уу. Тийм этгээдүүд хоёрхон зорилго л тавьдаг юм.

Нэгд, чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авлигын мөнгө авчирч өг, хоёрт нь, чи бусдын хийх гэж байгаа зүйлийг битгий хийлгэ гэдэг. Ингэж болохгүй, ийм төрийн түшээ байж болохгүй. Ийм төрийн бодлого тодорхойлогч байж болох уу? Үүнийг бид өөрчлөх ёстой. 25 жилийн өмнө энэ хүйтэн талбай дээр жагсаж цуглаж байхдаа төрдөө ажиллах ёстой, бодлого тодорхойлох улсуудаа өөрсдөө сонгодог болъё гэсэн. Өөрсдөө сонгуульд оролцоод өрсөлдүүлж байгаад дотроос нь арай гайгуйг нь төрд явуулдаг болъё гэж 25 жилийн өмнө тэмцэж байсан.

Саяын тэр Өршөөлийн тухай хуулийг “Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, Ардчилсан Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан” гэж гаргасан. 25 жилийн өмнө бид ариун гэгээн хүсэлтэй, төрдөө ажиллах, төрдөө бодлого тодорхойлох хүнийг сонгох нь л хамгийн чухал байлаа. “Тэр сонгуульд ялагдсан ч гэсэн бид баярлан дэвхцэж байсан. Аль нам нь ялагдах нь яах вэ, хэн сонгогдох нь яах вэ, ардчилал яллаа, ард түмэн яллаа шүү дээ. Монголчууд өөрсдөө төрөө байгуулдаг боллоо” гэж бид нар нүдэндээ нулимстай баярлаж явсан юм. Гэтэл өнөөдөр төрд шургалсан авлигачид, тийм төлөөлөл зөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг, баяжих гэж үздэг. Тэгвэл тийм улсаас яаж салах вэ, тийм хүнээс яаж салах вэ гэдэг өнөөдөр асуудал болоод байна. Өнөөдөр Монголын төрд тулгамдсан хамгийн том асуудлын нэг энэ болж байна.

Тэр бүрэн эрхээр хуяглагдсан, тэр хэд хэдэн удаа сонгогдсон гэдэг, тэр өөрийгөө шударга гэж үздэг, эх орныхоо төлөө гэж орилж чаддаг. Монгол үгийг хэн ч адилхан хэлнэ шүү дээ. Тэгж чаддаг. Гэхдээ цаад талдаа хамаг муу муухайгаа нуусан байдаг тэр хүмүүсээс яаж салах вэ? Уулын чинээн цагаан зорилгыг туулайн чинээн хар хар болгодог гэж ярьдаг шүү дээ. Савтай сүүнд нэг дусал тараг дусаахад гашилдагтай л адилхан юм даа. Тэр дусал таргаа ардаа нуусан, тэр халбага хороо ардаа нуусан, тэр хувийн явцуу сонирхлоо ардаа нуусан, өмнөө худлаа ярьдаг тийм этгээд, тийм бодлого тодорхойлох гэж оролцож байгаа улсаас бид яаж салах вэ?

Авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин

Намайг ад үздэг юм, “Өө энэ худал ярьж байна” гэж. Би энэ үгийг хэлэх ёстой. Энэ үгийг хэлснийхээ төлөө худал ярьж байна гэж хэлүүлдэг болсон. Би хэлснийхээ төлөө л явдаг. Би энэ үгийг гудамжинд байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг УИХ-ын гишүүн байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг гишүүнээс өөрөө өргөдөл өгөөд гарч байхдаа ч хэлээд гарч байсан. Би энэ үгийг өнөөдөр Монголын төрийн тамгыг атгаад сууж байгаа хүний хувьд ч хэлж байна. Би нэг л аашаараа байгаа. Энэ авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин. Түүнээс биш энэ миний амлалт биш. Би хонь хариулж өссөн хүүхэд, хонь хариулж явсан. Өнөөдөр хоттой хонины чинь тал алга болчихсон, гэтэл хоттой хонины чинь талын оронд тэр хонийг чинь барьж идсэн хонины арьс нөмөрсөн чоно ороод ирчихсэн байна. Яах вэ? Бүтэн хоттой хонь байна гэсэн чинь тал нь хонины арьс нөмөрсөн нөгөөдүүл ороод ирчихсэн байна. Үлдсэн талыг нь барих гэж байна. Чамайг барих гэж байна. Ийм байгаа тохиолдолд бид нар ярих л ёстой. Ямар хууль гаргаад, юу хэлэлцээд сууж байна вэ? Хэчнээн их сануулж хэлж байна. Би сануулж хэлэх эрхтэй. Та нарын өмнөөс шаардлагатай бол сануулж хэлье. Хэцүү юмыг чинь хэлье гэж би гарч ирсэн. Өнөөдөр энэ үгийг хэлснийхээ төлөө, авлигачийг “авлигач” гэж хэлснийхээ төлөө, авлигачийг “Чи боль, чи зогс, чи наад ажлаа өг” гэж хэлснийхээ төлөө, та бүхнийг урамшуулсныхаа төлөө, авлигатай тэмцэж байгаа тэр хүмүүсийг, үнэхээр тэргүүн галын шугаман дээр үзэж байгаа хуулийн байгууллагынхныг урамшуулсныхаа төлөө, тэр үгийг хэлснийхээ төлөө би ад болдог юм. Би цаашаа ч хэлэх л болно. Би дэмжих болно. Би шударга юмны төлөө, тэр их мөнгөнд бууж өгөхгүй зүтгэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазын зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.

Авлигач авлигад авсан мөнгөөрөө үйлдвэр барилаа гэж сонссон уу, та нар? Үйлдвэр барьдаггүй юм. Одоо сүлжээ үүсгэдэг болсон. Одоо нэг аюул болчихоод байна. Манай баялаг бүтээж байгаа хүмүүс үйлдвэр барьж, гаднаас оруулж ирдэг нэг ч гэсэн юмыг Монголдоо хийе гэж ёстой хуруу хумсаа эмтэлж яваа. Тэгэхэд авлигач бол үйлдвэр барьдаггүй. Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг. Хамгийн нэр хүндтэй гэж үзэж байгаа тэр нэвтрүүлгүүдийг худалдаж авдаг. Тэр телевизийг худалдаж авдаг, сэтгүүлчид нь мөнгө өгдөг. Тэдний үгийг дамжуулахгүй бол тэднийг боодог, хорьдог. Ийм л болсон. Тийм юманд л мөнгөө зарцуулж байгаа. Тийм юманд мөнгөө зарцуулаад, сайд тавиад, эргэж сонгогдоод, эргэж тэр мөнгөө олж авахын төлөө явдаг. Тийм учраас л тэр ажлыг зогсооё гэж  байгаа юм. Авлигачдад Монголын ард түмний эрх ашиг ямар хамаа байна? Ард түмэн зовно уу, ажилтай байна уу, мөнгө нь хүрч байна уу, хүрэхгүй байна уу хамаагүй.

Өнөөдөр жирийн хүмүүсийн амьдрал ямар хүнд байна. Өнөөдөр дансандаа тэрбум төгрөгтэй аж ахуйн нэгж гэж бараг алга боллоо шүү дээ. Өнөөдөр үнэхээр юм олоод, ашиг хийгээд явж байгаа, үйлдвэрлэл хийгээд явж байгаа хүмүүсийн амьдрал ямар хэцүү байна аа. Өнөөдөр худалдаа хийж байгаа хүний амьдрал ямар хэцүү байна аа. Нэг өдөр зогсоод олдог байсан мөнгөө сар зогсоод олж чадахгүй байна шүү дээ. Тэр хүмүүсийн төлөө гэж худлаа ярина, наадуул чинь. Тэр хүмүүст очих ёстой ажлын байрыг наадуул чинь хулгайлж авч байгаа. Тэр бондын мөнгө гэдгийн цаана, янз бүрийн хөрөнгө оруулалт гэдгийн цаана, тэр сайдын нэрээр хулгайлж авч байгаа. Тэгээд тийм хүмүүсийг томилох гэж оролдож байгаа. Тэгж бизнес хийж баяжаад байна. Би үүнд л дургүй. Би үүнийг л үзэн яддаг. Чи бизнес хийх л юм бол улс төрөөс гараад, хийдэг юмаа хийгээд л яв гэж хэлдэг. Чи улс төрд байж болохгүй, сайд байж болохгүй. Би зарим хүнд хэлдэг. “Чи Их Хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал, тэр намын даргын албан тушаалд лав л тэнцэхгүй гэж. Би өмнө нь зарим хүнд хэлж байсан. “Үнэхээр чи юм хийх гээд хүсэл чинь оргилоод байгаа бол тэр хийдэг юмаа л улс төрөөс гараад хий, тэр гишүүнээс гараад л хий” гэж. Гэтэл тийм юм хийх гэж зүтгэснээс тэднийг худалдаж авч, сүлжээ босгож, түүгээр өөрийгөө хуяглаж, хамгаалуулах гэж оролдож байна. Тэгээд хамгийн гол нь ард түмэн гэнэн, энэ ард түмэн мартамхай. Энэ хүмүүс рүү ийм нэвтрүүлэг явуулаад байхад, ийм зураг эвлүүлээд байхад энэ хүмүүс ойлгоно гэж авлигачид боддог.

Прокурор хийж байхдаа чи Монгол Улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйд нь дээрэлх, битгий чадалтайнх нь өмнө бөхөлз

Өнөөдөр наадуул чинь арван талаас, арван тал гэж байдаг бол зуун талаас довтолж байгаа. Хэцүү. Яах гэж та нарыг Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? “Авлигачийн өмнө бөхөлз, бөхөлз” гэж хэлэх байсан юм бол яах гэж Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? Яах гэж Монголын ард түмэн шударга ёсны төлөө тэмц гэж намайг сонгосон юм бэ? Тэр авлигачийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө л би байх байсан юм бол, тэр авлигачийг хамгаалахын төлөө, тэр тусгай сонирхлыг нь хамгаалахын төлөө намайг ажиллуулах гэсэн юм бол яах гэж надад тэгж хэлсэн юм бэ? Яах гэж надад тэгж ажиллаж болно гэж итгүүлсэн юм бэ? Хэзээ ч тийм эрх ашгийн төлөө явахгүй. Хэзээ ч тийм авлигачийн өмнө бөхөлзөхгүй шүү. Би хэлдэг юм.” Тэр зарим нэг хүний үгийг сонсож болно. Гэдээ шүүлтүүртэй авах хэрэгтэй. Бөхөлзөж болохгүй ээ”игэж хэлдэг. Авлигатай тэмцэх гэдэг бол сонгуулийн үед хэлээд өнгөрдөг зүйл биш ээ. Авлигатай тэмцэх гэдэг бол сууж байх үедээ хийдэг ажил. Ажилтай байх үедээ хийдэг ажил. Гудамжинд орилдог үг биш энэ бол. Прокурор хийж байхдаа л чи шударга бай. Прокурор хийж байхдаа чи Монгол Улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйд нь дээрэлх, битгий чадалтайнх нь өмнө бөхөлз. Чамд тийм эрх өгсөн шүү дээ. Чамд тийм итгэл хүлээлгэсэн. Тийм учраас чамайг Монголын төрийн хууль цаазын зөвлөх гэж байгаа юм. Зөвлөх гэдгийн цаана нүд гэж харж байгаа юм, зөвлөх гэдгийн цаана харуул гэж харж байгаа юм, чамайг. Мууг битгий оруул, сайныг хамгаал гэж чамайг тавьсан.

Өнөөдөр авлигатай тэмцэнэ, яг сонгууль болоод ирэхээр шударга ёс тогтооно барина гээд баахан лоозон ярьдаг. Сонгуулийн үеэр ингэж ярьж болно, ард түмэндээ хэлж болно. Харин итгэсэн үед нь, ажлаа авсныхаа дараа хийх л хэрэгтэй. Тэр зарчим дээрээ хатуу суух хэрэгтэй. Ингэхгүй бол чи ард түмнээсээ урвасан болно. Миний хамгийн их итгэж явдаг зарим нэг Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр ямар нөлөөнд орсон юм бүү мэд. Авлигачдын өмнөөс ярьж, явж байгаа. Тэдний өмнөөс үг хэлж явж байгаа. Энэ бол сонгогчийнхоо эрх ашгийг огоорсон огооролт шүү. Чи энэ ажлыг үгээр хийхгүй ээ. Үйлдлээр хийнэ. Чи энэ ажлыг гаргаж байгаа хуулиараа хийнэ. Тэр хуулийн үг, өгүүлбэр бүхэн дээр дарж байгаа тэр саналаараа л хийнэ. Үүгээрээ л харуулах ёстой. Үнэхээр энд ийм үг хэлнэ гэдэг бол, ийм ажил хийнэ гэдэг бол хэцүү. Би хэлдэг юм. Төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтанд ганцхан том шалгалт бий шүү. Чи авлигатай тэмцэж чадаж байгаа бол, чи тэр их мөнгөний өмнө, тэр их амлалтын өмнө,  тийм зүйлүүдийн өмнө толгой өндөр зогсож чадаж л байгаа бол чи шалгалтаа давж байна. Бусад нь яах вэ, ард түмний татварын мөнгөөр ороод ирсэн тэр хэдэн төгрөгийг хэн ч хувааж чадна. Хэн ч өнөөдөр гоё гоё юм ярьж чадна. Хэн ч өнөөдөр тэр сайд даргын ажил гэдэг дээр очоод нэг өдөр өнгөрөөж чадах л байх. Ганцхан шалгалт бол ”Чи наад мөнгөө аваад гар, чи наад үгээ татаж ав, чи миний өрөөнөөс гар” гэж хэлж чаддаг,  чи энэ хуулийг хэрэгжүүл, чи хууль зөрчиж байна” гэж хэлж чаддаг тийм л ажил хэрэгтэй.

Авлигачид бол санаанд оромгүй юм хийнэ шүү дээ. Хуульчид үзсэн дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. 90 гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Өндөр настай ээж рүү нь хүртэл дайрна. “Хүү чинь хүн алах гэж байна” гэж 7 хоног, сар улиглана. “Амийг нь өршөөгөөч, цаг минутаар хэмжигдэж байна, нэг хором өнгөрөхөд үхчих гээд байна гэж” эрлэгийн элчтэй цуг эх рүү чинь ирж байгаа юм. Тэгээд аваад явж байгаа юм. Тийм юмыг хүртэл давах хэрэгтэй. Тийм юмыг сөрж чаддаг л байх хэрэгтэй. “Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч” гэж. Та нар ийм юм үзсэн. Бид ийм юм үзсэн улсууд. Хэцүү байсан шүү. Хэцүү байдаг юм. Үхэхээрээ айлгана. Өлсөхөөрөө айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг  эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа. Би энэ үгийг хэлээгүй биш хэлсэн юм. 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би тангараг өргөхдөө хэлж байсан. Энэ өдрөөс эхлэн авлига авахаа зогсоо, төрийн мөнгөнөөс авдагаа зогсоо. Үүнээс өмнөхийг чинь өршөөе. Би 19-ний өдөр Өршөөлийн хууль санаачлана гэж байгаад оруулж байсан. Бид нэг шугам татах гэж үзсэн юм шүү.

Өнөөдөр улсууд “Алдсан, эндсэн өршөөе. Тэгээд цааш явъя” гэж яриад байгаа. Бид үүнийг 7 жилийн өмнө хийсэн. Авах сургамж ч гарсан, хэцүү юм ч гарсан. Хүнд байдаг юм. Тэнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь  хүртэл автдаг. Би хүн уучлахдаа амь бодож уучилж байсан. Үнэхээр цаг хормоор хэмжигдэж байгаа юм бол гэж уучилж байсан. Би Монгол Улсынхаа нэрийг бодож хүн уучилж байсан. Би 40-50-иар нь, 200-300-аар нь албан тушаалтны хэргийг уучлаагүй. Амийг нь бодъё, Монголынхоо нэрийг бодъё гэж уучилж байсан. Өнөөдөр над руу тэгж дайрдаг. Хөлсний нөхдүүд над руу өдөржин юм бичиж байгаа. Миний хамгийн их шударга гэж боддог, шударга үнэний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр над руу хэдэн талаас минь дайрч байна. Гэхдээ бид зүтгэнэ. Бид ухарч болохгүй. Бид ухарвал хэн нугарахгүй байх юм бэ. Бидний ард ард түмэн, Монгол түмний эрх ашиг байгаа.

Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана

Прокурорууд аа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд аа.

Ийм юмны өмнө бид бууж өгч болохгүй. Монгол Улсад хууль сахиулахын төлөө бид урагшаа явах ёстой. Бид хийх ёстой. Өнөөдөр наад авлигачид чинь бариад авахад “Би баригдаагүй байна” гэж орилдог улс шүү дээ. Хэргийг нь бариад “Чи ийм хэрэг хийсэн байна” гэхэд “Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. “Ийм нотолгоотой байна” гэхэд “Тэр худлаа” гэж орилдог. “Би хэлмэгдлээ” гэдэг. “Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн” гэдэг.

Тэр авлигач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана. Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Бидний өвөг дээдсийн түүхтэй төр. Шударга явж ирсэн төр. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана. Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид төрийн алтан гагнаас, нэг гинж нь болоод ажиллаж байгаа энэ үедээ л ажлаа хийгээд бууж өгөхгүй цаашаа явах үүрэгтэй.

Хүн төрийн дор амьдрана. Төрийн дор амьдрана гэдэг хуулийн дор амьдрана гэсэн үг. Төр гэдэг бол ардчилсан улс оронд хууль гэсэн үг. Төр эзэнгүй байна гэж заавал нэг эзэн сууж байх ёстой юм шиг, заавал нэг авлигач сууж байх ёстой юм шиг, заавал нэг хүчтэй сүлжээтэй хүн сууж байх ёстой юм шиг ойлгох юм. Төр гэдэг бол хууль гэсэн үг, ёс суртахуун гэсэн үг. Түүнийг хэрэгжүүлж байхыг л бид шаардаж байх ёстой. Энэ бол төрийн систем. Өнөөдөр тэгж ярьдаг, хэлдэг болсон.

Би хэлдэг юм. “Чи авлига аваагүй юм бол, хэрэг хийгээгүй юм бол шүүхээрээ шийдүүл” гэж. 1994 онд намайг хэрэг хийсэн байж магадгүй гээд ороод ирэхэд УИХ-ын гишүүн байсан Цахиагийн Элбэгдорж би “УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү. Бүрэн эрхээсээ татгалзаж байна. Шударга шүүхээр хэргээ шийдүүлье” гэж өргөдлөө өгөөд тэр өдөртөө УИХ-ын гишүүн биш болж байсан. “Ц.Элбэгдорж хэрэг хийгээгүй байна” гээд Монголын шүүх цагаатгаж байсан. Хэрэг хийгээгүй хүнийг Монголын төр хийгээгүй гэж, хийсэн хүнийг хийсэн гэдэг юм. Монголын хуулийнхан ийм нүдтэй, ийм уламжлалтай.

Авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй

Зарим хүмүүс хэлдэг. “Шүүхээр шийдүүлье, үнэн мөнөө шийдүүлье” гэдэг. Чи тийм мундаг УИХ-ын гишүүн юм бол өргөдлөө өгөөд гар, тэр хуягласан бүрэн эрхээсээ татгалз. Тэр улс төрд оролцож улс орны амьдралыг баллахаа боль л доо. Ард түмэн алдааг уучилж чаддаг. Харин мэдсээр байж хийж байгаа гэмт хэргийг уучилдаггүй. Чи хууль сахиулах ёстой, үүрэгтэй байтлаа гэмт хэрэг үйлдэж байвал ард түмэн уучлахгүй. Чи мөнгийг завших ёсгүйг мэдсээр байж завшиж байвал чамайг уучлахгүй. Зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч байгаа тийм зүйлийг олон түмэн үзэж чаддаггүй. Ард түмэн өөрсдийнх нь итгэлээр тоглох, ус цацахыг дэмждэггүй юм. Ард түмэн болохгүй гэж хэлээд байхад УИХ-д суучихаад өршөөнө гээд  байгаа юм. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш, хүн өршөөхийн төлөө байна. Би тэр ядуу зүдүү, анх удаа алдсан хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм. Түүнээс биш хийсэн гэмээ ухаарч байгаа, анх удаа шоронд орсон эхчүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд, дарвиж доргиод алдчихсан тэр хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа. Одоо намайг түүгээр барьцаалж байгаа. Хэдэн мянган хүн суллах гэж байна гэж ярьж байгаа биз. Энэ бол авлигачдын хийж байгаа ухуулга. Тэгж л хэлнэ. Ерөнхийлөгч өршөөхийг зогсоож байна гэж. Би тэр хэдэн мянгыг зогсоогоогүй, өршөөхийн төлөө байна. Ингэж хуйвалдаан болгож, далд хуралдаан зарлаж, зарим нь хаяад гарч байхад үлдэж, бүтэн өдөр сууж байгаад Засгийн газрын хуулийг тэгж зөрчиж болохгүй шүү дээ. Бидэнд зарчим байсан юм. Бид 2009 онд Өршөөлийн хууль гаргасан. Тэнд алдаа дутагдал ч бий, оноотой юм ч бий. Тэгээд “Энэ цаг мөчөөс хойш төрийн мөнгө рүү битгий гар дүрээрэй. Авлигад орооцолдож, ийм хэрэг илрэх юм бол хатуу хариуцлага тооцно шүү” гэж хэлээд явуулж байсан.

Ингээд Эрүүгийн хуулийг шинэчилнэ, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг шинэчилнэ, одоо зөрчлийн гэж яриад байгаа хуулийг шинэчилнэ. Үүнийг шинэчилснийхээ дараа шинэ хуулийнхаа үзэл санаанд тааруулж, өнөөдөр хорих ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх асуудлыг нэг удаа авч үзнэ. Ер нь өршөөлийн асуудлыг хэн нэгэн, Засгийн газар нь санаачилдаг биш, ерөөсөө хуулинд нь хийж өгье, ямар үед нь өршөөх вэ, ямар үед нь гаргах вэ гэдэг эрхийг шүүхэд нь өгье, хууль хяналтын байгууллагад нь өгье, аль ч төрийн тэргүүнд байдаг, Үндсэн хуульд байдаг уучлал үзүүлэх гэдэг нь Төрийн тэргүүндээ байвал байна биз гэж бид ярьж байсан. Ингэж бид зарчим тогтоож байсан. Ингэж авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй. Тийм хуулийн төсөл оруулж ирсэн ч батлахгүй гэж зарчмаа тогтож байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд тэгж байлгаж байлгаж Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж “Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад “Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад оруулж байна. Засгийн газар авлигын хэргийг өршөөхгүй гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Саяын хуулиар өршөөнө гэж дарж байна. Өршөөхгүй гэдэг нь Засгийн газрын бодлого. Би “Өршөөлийн хууль гэдэг төрийн бодлого байх ёстой” гэдгийг хэлсэн.

Тийм шударга бус заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй

Энд зарчим байх ёстой. Ингэж ялгахыг зарчим гэж байгаа юм. Албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй гэж оруулж иртэл бүх зүйл ангиар нь хамааруулсан. Хууль бусаар хөрөнгөжихийг хамааруулахгүй гэсэн, хамааруулихсан. Төсвийн мөнгө хөрөнгийг зориулалт бусаар завшсаныг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Залилан хийхийг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Ингэж өөрчилсөн. Засгийн газар хуулиа татаж авна гэхэд нь дарамталж, айлгаж байгаад баталсан. Тэрний цаана наймаа явж байна. Аймшигтай юм явж байна. Танай энэ хүн сулрах гээд байна, манай энэ хүн сулрах гээд байгаа. Танай намд ч ашигтай, манай намд ч ашигтай. Манай фракцид ч ашигтай, чиний фракцид ч ашигтай, чиний тэр чинь байгаад байна, чи яасан хүн чанаргүй юм бэ, яагаад чи үүнийг дэмждэггүй юм бэ гэж, хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү нь дайрч байж үүнийг гаргаж байгаа. Ийм юмыг тэвчээд, ийм зүйлийг Монголын төрийн босгон дээгүүр бид явуулж болох уу? Ингэж барьцаалж гаргаж байна. Тэгэхгүй бол чиний ажлыг явуулахгүй, чиний асуудлыг маргааш ингэж тавина гэдэг. Монголын төрийн нэрийг, Монгол Улсыг даан ч бодсонгүй дээ. Энэ засаг төрийг ингэж барьцаалж, бужигнуулж байхдаа өөрийнхөө нэрний чинээ, нүүрний арьсны чинээ ч бодсонгүй дээ. Монголын төрд хийж байгаа сайн юм бий, сайн хийж байгаа юм бий. Тэр улсууд чинь татвар төлөхгүй бол, надад мөнгө өгөхгүй бол гэж “авлигын бизнесийн хууль” болгох гэж оролдсон шүү дээ, наадуул чинь. Та бүхэн бодож байж магадгүй. Алдаж эндсэн, жижиг танхай хэргүүд гэж байдаг даа. Залуучууд дарвиад жижиг алдсан байдаг. Тэр ороогүй байна шүү дээ гэж зарим судлаачид надад хэлж байна лээ. Бүх л өршөөлийн үед ордог байсан тэр зүйл ороогүй байна. Борчуудын хүүхэд алдсан хэрэг ороогүй байна, наадуул чинь худлаа хэлсэн байна аа гэж байсан. Та бүхэн бодож байж магадгүй. Өршөөлийн хууль батлагдлаа гээд 2-3 хоногийн өмнө ярьсан. Өнөөдөр над руу орж ирсэн юм алга. Тэд эмээж л байгаа. Ерөнхийлөгч рүү явуулбал тэр заалтууд дээр хориг тавих гэж байна. Өнөөдөр болтол эцсийн найруулга сонсоогүй нэрээр УИХ дээр бариад байгаа шүү дээ. Хүмүүс бодож байгаа. “Өршөөлийн хууль батлагдчихлаа, хориг тавих таван хоног байдаг юм гэнэ лээ. Хугацаа нь дуусч байгаа юм биш биз дээ” гэж. Тийм биш ээ. Эцсийн найруулгаа сонсоод, Монгол Улсын хууль гээд гар, хөлийн үсэг нь зурагдаад, манай Тамгын газар ирээд, тэгж ирсэн цагаас нь хойш тав хоногийг тоолдог. Тайван байж болно.

Тийм шударга бус, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй. Иймэрхүү байдлаар Монголын төрийг барьцаалж ажиллаж болохгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү ажил юм л даа. Та нарын нүүрийг улайлгаж байгаад “Хүний эрх шүү дээ гэнэ. Тийм ээ, хүний эрх. Авлигач ч эрхтэй, хүүхэд ч эрхтэй, жирийн иргэн ч эрхтэй. Хуулийн өмнө бүгд адилхан шүү дээ гээд улайлгана. Чи барьж хорилоо, чи шүүх гэж байна гэж улайлгана. Чи яллах гэж байна гэж улайлгаж байгаа. Хэцүү байдалд оруулж байгаа. Энэ юмыг яаж дундуур нь зааглах вэ. “Чи ийм хуулийг зөрчсөн байна. Хууль л бол хууль. Энэ хуулийг чамд хэрэглэх гэж байна” гэж хэлэх хэрэгтэй. “Өө ардчилал, үхлээ, хатлаа, өлслөө цангалаа” гээд гарч ирээд, хамгийн мундаг телевиз, хамгийн мундаг сурвалжлагчийн өмнө чиний нүүр рүү ус цацаж байгаа. “Би ийм хэрэг хийгээгүй. Ийм буян хийж байгаад хэлмэгдэж үхэх шахлаа шүү тэнд чинь. Ёстой балладаг юм байна, энэ хууль хяналтынхан гээд л. Энэ хууль хяналтынхан дотор шударга явъя гэж бор зүрхээрээ Монголын төрд тангараглаад явж байгаа олон мянган хүн байгаа. Тэр нэрийн дор бүгд рүү нь ус цацаж байгаа. Тэр гэр бүлийнхэн рүү нь ч ус цацаж байгаа. Тэгээд өмнө чинь гарч ирээд сууна даа. Тэгээд өөрийгөө хамгаална. Өөрийгөө хамгаалах эрхтэй л дээ, авлигач ч, хүүхэд ч өөрийгөө хамгаалах эрхтэй. Эмэгтэй хүн, жирийн иргэн, борчууд ч өөрийгөө хамгаалах эрхтэй. Эрхтэй, эрхтэй. Гэхдээ авлигач өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчихоод байна. Яагаад гэвэл мөнгөтэй. Хэдэн тэрбумаар нь цацдаг. Өөрийн биеийг нь аваад ороход мөнгө нь үлдчихдэг байхгүй юу. Тэгээд мөнгө нь үлдчихэж байгаа учраас мөнгөн дээр суурилсан сүлжээ, түүн дээр суурилсан гутаах үйл ажиллагаа, түүн дээр суурилсан доромжлох үйл ажиллагаа нь тэр шударга ёсыг сахиулах гэж байгаа улсууд руу явна. Үүн дээр суурилсан цагаатгах үйл ажиллагаа, үүн дээр суурилсан магтах үйл ажиллагаа, үүн дээр суурилсан бичсэн захидлыг тараах үйл ажиллагаа, хийсэн нэвтрүүлгийг түгээх үйл ажиллагаа Монголын нийгмээр нэг явдаг юм даа. Яах вэ гэвэл хүний эрх, хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Би хэрэг хийгээгүй гэж хэлэх эрхтэй. Нотлогдтол би хэрэг хийгээгүй гэж ярьж явах эрхтэй, шүүхээр шийдвэрлэгдтэл тэгж явах эрхтэй.

Гэтэл тэр хүний ард тэрбум, тэрбум төгрөг, тэр нам нь, тэр телевиз нь, тэр сүлжээ нь байгаа. Ийм учраас эрх чөлөө эмзэг байдаг. Ийм учраас заримдаа ардчилал гэдэг арчаагүй мэт санагддаг байхгүй юү. Ийм учраас л ардчилал гэдэг юманд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй гэж хэлээд байгаа нь тэр. Арчилгаа нь энд аюул болж байгаа тэр авлигатай тэмцэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш нэг алчуур аваад ардчилал гэдэг А үсэг арчаад зогсоод байна гэсэн үг биш. Үүнийг ялгаж салгахыг бодлого гэж хэлж байгаа юм. Бодлого гээд хүн ярьдаг. Би бол доторхийг нь ярьдаг. Би бол үгийн, хэлж байгаа тэр бодлогынхоо утгыг нь ойлгох гэж оролддог юм.. Бодлого гэдэг бол ийм зүйлийг ялгаж салгахыг, хар цагааныг ялгаж салгахыг хэлж байгаа юм. Энэ бодлого тэр Өршөөлийн хуулинд туссан байх ёстой.

Хамгийн ноцтой юм нь чи мэдсээр байж, чи бүр тэр хуулийг зөрчихгүй үүрэгтэй байж, чи тэр мөнгийг авахгүй, тэр мөнгө төгрөг бүх юмнаас нэг ч төгрөг хумслахгүй үүрэгтэй байж, мэдсээр байж хумсалсан. Чи мэдсээр байж хуулин дээгүүр гишгэсэн. Чи үүнийг мэдсээр байж “Би шоронд явсан, намайг бариад явсан ч тэр Улсын Их Хуралд сууж байгаа тийм бүлэглэл намайг татаж авна, намайг гаргана. Миний төлөө тэмцэнэ, хууль санаачилна” гэж мэдсээр байж чи хууль зөрчсөн. Үүнийг хүндрүүлэх гэмт хэрэг гэж үздэг юм. Үүнийг хүндрүүлж ялладаг юм. Ингэж хүндрүүлж ялласан бол өршөөдөггүй юм. Үүнийг бодлого гэдэг юм. Аль ч оронд ийм байдаг юм даа.

Ард түмний эрх ашгаас, ард түмэнд амалсан амлалтаасаа авлигачид буцдаг. Үүнийг өнөөдөр авлигалын анатом гэж нэрлэж байгаа юм

Би хүний эрхийг хүндэтгэдэг, би хүний эрхийн төлөө байдаг. Бүр “Би төрийн хууль зөрчихгүй, би ард түмний эрх ашгийн төлөө, би тэр нийтлэг эрх ашгийн төлөө байна” гэж тангараг өргөчихөөд, түүнийгээ зөрчиж байгаа юм. Бүр ард түмэнд очиж ц-Та бүхэн бол миний шүтээн, та бүхэн бол юу гэж хэлж байна, “шударга бай” гэж байгаа юм уу, би шударга байна. Та бүхэн мөнгө битгий завш гэж байгаа юм уу, би завшихгүй. Та бүхэн албан тушаалын гэмт хэрэгтэй тэмц гэж байгаа юм уу, би тэмцэнэ гэж хэлж ирчихээд, эргээд тэр хэлснээсээ буцаж байгаа юм. Тэр ард түмний эрх ашгаас, тэр ард түмэнд амалсан амлалтаасаа буцаж байгаа юм. Үүнийг өнөөдөр авлигалын анатом гэж нэрлэж байгаа юм. Үүнийг би гэдэс дотрыг нь ярина гэж нэрлэж байгаа юм. Түүнээс биш авлигатай тэмцэнэ гэж зүгээр үг хэлээд яах юм бэ ?

Өнөөдөр авлигачид, өнөөдөр энэ хүмүүс Элбэгдорж ийм үг хэлэх вий гэхээс сүнсээ хальтал айж байгаа. Өнөөдөр ийш, тийшээ мөнгө цацаж байгаа. Өнөөдөр наадуул чинь хутгаа хурцалж байгаа. Өнөөдөр наадуул чинь захиалгаа өгч байгаа. Элбэгээгийн үгийг битгий гаргаарай, тэр дамжуулсан компьютер, тэр юмыг нь вирустүүлээрэй, тэрийг нь зогсоогоорой гэж хэлж байгаа. Ийм, бидний хийж байгаа бузар үйл ажиллагааг гарч ирээд хэлчих вий гэж тэд нар үхтэлээ айж байгаа.

Эд нар нэг л юмнаас айдаг. Тэр муухай гэмт хэрэг, тэр муухай үйлийг нь, тэр цагаан нэрээр, ганц нэг нэрээр халхлаад байгаа үйлийг нь илчлэх вий. Тэр анатомыг гарч ирээд ярьчих вий гэж л айдаг юм. Авилгын албан тушаалыг анзааралгүй үйлдэнэ гэж байдаггүй юм. Үнэхээр анхаараагүй, үнэхээр анзаараагүй алдаж эндсэн хүнийг өршөөж болно. Авлигач анзаарагагүйгээр авлигач болно гэж байдаггүй. Албан тушаалын хэргийг анзаарагагүй үйлдэнэ гэж байдаггүй юм. Санхүү, мөнгөний хэргийг санамсаргүй үйлдэнэ гэж байхгүй. Үүнийг л та бүхэн ойлгох ёстой. Үүнийг Монголын ард түмэн мэднэ, үүнийг Монголын хуульчид мэднэ. Хамгийн аюултай нь өнөөдөр хамгийн том авлигачаас дараа үеийн авлигачид суралцаж байна шүү дээ. “Аан, телевизтэй байх ёстой юм байна, сонинтой байх ёстой юм байна, үнэн худал нам байгуулах ёстой юм байна, хэдэн хүн гишүүн гэж оруулах хэрэгтэй юм байна. Тэд нараар юм яриулах ёстой юм байна, тэд нараар хамгаалуулах ёстой юм байна, тэд нараар явж байгаа төрийн бодлого тэр бүхэн рүү дайруулах ёстой юм байна, Өө ингэж гардаг юм байна шүү дээ, ингэж хуулиас зугтаж болдог юм байна шүү дээ”. Хамгийн аюултай хамгийн муу жишиг энд л байгаа. Би ийм зүйлийг үзэж чадахгүй. Улсын Их Хуралд сонгогдох хэрэгтэй юм байна, бүрэн эрх гэдгээр орж авах юм бол болох юм байна гээд наадуул чинь бүүр хуулиндаа хийчихсэн шүү дээ. “Авлигалын хэрэг гэж байран дээрээ нотлох баримттайгаар баригдвал” гэж хуулинд байгаа.

Ер нь нотлох баримттайгаа баригдсан хэдэн авлигач байна аа, Монголд. Нотлох баримттайгаа баригддаг хэдэн албан тушаалын гэмт хэрэгтэн байна. Наадахыг чинь нууж хийдэг, хааж хийдэг, дамжуулж хийдэг, тив давуулж хийдэг, улс дамжуулж хийдэг, бүлэглэл дамжуулж хийдэг. Тийм үгний ард өнөөдөр өөрсдийгөө хуягласан байгаа. Тийм улсууд нь, тийм эрх ашиг нь олон болчихоод байна. Ийм муу жишгийг цааш явуулж болохгүй. Ингэх юм бол Монголын төр доройтоно. Үүнийг Монголын төрд учирч байгаа аюул гэж байгаа юм. Үүнийг л Монголын төрд гаднын дайснаас илүүтэй дотоодын ийм бүлэглэл, дотоодын ийм явцуу эрх ашиг, дотоодын ийм хууль бус эрх ашиг Монголын төрд, Монголын ард түмэнд аюул учруулж байна гэж яриад байдгийн учир нь үүнд байгаа юм. Үүнийг задалж ярих гэмт хэрэгтэн гэдэг нь шийдэгдчихсэн хүн өнөөдөр зөвлөгөө өгөхөөр ирлээ. Хэрэгтэй бол өгье. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ, энэ намууд. Түүний оронд тэр залуу шинэ санаануудыг дэмж л дээ. Монголын нийгэмд, энэ улс төрд тулгамдаж байгаа, төрд тулгамдаж байгаа шинэ санаанууд, асуудлыг шийднэ гэсэн шинэ санаанууд зөндөө байна шүү дээ.

Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн

Наадуул чинь Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн. Өнөөдөр тэр хүний тэгш эрх, тэр бүх юмаар дайрч байна. Өнөөдөр та бүхэн рүү дайрч байна. Өнөөдөр манай хууль хяналтын байгууллагын ахмадууд нүдэндээ нулимстай над уу утасдаж байна. “Олон жил зүтгэсэн зүтгэл алга боллоо доо. Яах вэ ? Өнөөдөр биднийг нугалахыг оролдож байна шүү дээ. Өнөөдөр биднийг хугалах гэж оролдож байна. Аргагүй байдалд оруулах гэж оролдож байна. Бид олон хэрэг өршөөж байгаа, бид олон хүн өршөөж байгаа, бид олон гэмт хэрэг бас өршөөхгүй байгаа” гээд ярьж байгаа. Зүйл ангиар нь биш ээ. Зарчим барьж өршөөдөг юм гэж би хэлээд байна шүү дээ. “Насанд хүрээгүй” гэдэг бол зарчим, -“анх удаа” энэ бол зарчим, “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” энэ бол бас зарчим. Хэргийг зүйл анги барьж хаадаг. Авлига авсан бол хаана, албан тушаалын гэмт хэргийг хаана. Өнөөдөр үүнийг сонсоод, хориг ирж магадгүй гэдгийг сонсоод, ёстой бүгдийг хийж байна наадуул чинь. Нөгөө хаалтын гэрээгээ хийж байна. Зарим хүний тухай хэвлэлд юм гардаггүй шүү дээ. Өнөөдөр үйлдвэрийн таван зуун ажилтан, түүний зуун хүн нь конторт ажилладаг байхад хоёр давхар үүрэг өгчихсөн байна. Чи гарсан бүх юман дээр магтсан сэтгэгдэл бич, тэр рүү дайрсан сэтгэгдэл бич. Та нар руу ч тэгж байгаа. Хоёр давхар цалинжуулаад ажиллаж байгаа. Өнөөдөр тэгтэл энэ нь нийгмийн толгойг угааж байна шүү дээ. Чи тэгж дайраарай, чи ингэж дайраарай, чи энэ рүү нь дайраарай, чи энэ эвлүүлсэн зургийг явуулаарай, чи видеог хэвлээд өгөөрэй, цацаад өгөөрэй. Энэ мэдээллийн технологийн сайхан нь, зөв юм л даа.

Өнөөдөр зарим нэг хүн яаж биеэ үнэлэхээ бодож байгаа. Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Монгол Улсын хөгжлийхн тухай ярих гэж ирсэн гэж бодож байна уу та бүхэн. Монгол Улсын хөгжил ярьж явж байна гэж бодож байна уу. Ийм зүйлийн өөдөөс бид үгүй гэж хэлж чаддаг байх ёстой. Энэ үгийг хэлснийхээ төлөө ад болох, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах, хамгаалаад ад болох гэдэг нь байдаг л зүйл, энэ бол хугацаатай юм.

Монголын ард түмний эрх ашиг бол мөнх, авилгачдын эрх ашиг бол авилгачдаар нь дуусна

Монголын ард түмний эрх ашиг бол мөнх, авилгачдын эрх ашиг бол авилгачдаар нь дуусна. Тэр мөнгө нь дуусахад дуусна. Авилгачдын эрх ашиг тэр хүнээр хэмжигдэнэ. Шударга ёсны эрх ашиг бол Монголын төрийн оршин тогтнохоор хэмжигдэнэ, олон зуун жилээр хэмжигдэнэ шүү. Бид энэ хэлхээсэнд муу юм оруулж өгөх үүрэггүй. Бид үүнийг сайнаар авч гарахын төлөө зүтгэх ёстой Монголын төр үлдэнэ, би тэгж боддог. Шударга ёсны төлөөх тэмцэл үлдэнэ. Өнөөдөр улс төр, нийгмийн амьдралын төлөө зүтгэе гэж явж байгаа хүмүүсийн юм үлдэнэ. Энэ авилгатай тэмцэнэ гэдэг хэцүү. Мөнгөгүй байгаагаар чинь, цалин чинь хүрэхгүй чамайг байргүй байгаагаар чинь, чамайг зээлтэй байгаагаар чинь далимдуулдаг.

Тийм учраас Монголын хэдхэн шүүгчдийн цалинг 2 дахин нэмье гэж би хэлээд байсан. Тийм учраас араас нь дагуулаад энэ прокурорын асуудлыг энэ жилийн, ирэх жилийн төсөвт тусгая гэж хэлээд байгаа. Хууль сахиулах гэж хууль манаж зогсож байгаа хүн чинь хүнээс, нөгөө шүүж байгаа хүнээсээ, нөгөө яллаж байгаа хүнээсээ утасны нэгж гуйчихсан явж байвал яах вэ. Айлын тогоо руу өнгийж явж байвал яах вэ. Өмсөж байгаа хувцаснаасаа, сууж байгаа байрнаасаа ичиж явбал яах вэ. Авч байгаа цалин нь аманд нь ч биш, хаана нь ч хүрэхгүй байвал яах вэ. Тийм хүнээс чи шударга ёс сахиулаад орхи, тийм хүнээс саяны миний ярьж байгаа бүлэглэлийн эсрэг тэмцээд орхи гэж шаардаж болох уу. Цалинг чинь 2 дахин, 3 дахин нэмж, үнэхээр Монголд мөнгө байдаг бол шүүгч нартаа, энэ прокурорууддаа хүний гар харахгүйгээр амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд шударга ёс шаардаж байх хэрэгтэй. Өгөөд шаардаж байх хэрэгтэй. Өгөхөд тэр хариуцлага нь давхар явдаг юм. Бид нар та бүхэнд, Монголын төр та бүхэнд мөнгө өгч байгаа юм биш. Та бүхэнд хариуцлага өгч байгаа юм. Өөдөөс нь эргээд шаардана. Чи надаас 3 дахин өндөр цалин авч байгаа шүү дээ. Яагаад ийм юманд орооцолдож байгаа юм бэ. Би чиний мөнгийг төлж байгаа. Татвар төлөгчид, жирийн ард иргэд, миний хүүхэд чиний цалинг төлдөг юм аа. Чиний машины бензинийг хийж байгаа, чи яаж байгаа юм бэ гэж асуудаг болдог юм л даа.

Хүмүүст ер нь Монголд ганцхан найдвар байгаа гэж би боддог. Энэ бол ард түмэн, энэ бол олон нийт. Өнөөдөр магадгүй Өршөөлийн хуулийг зогсоох ганцхан найдвар Ерөнхийлөгчийн хориг гэж олон нийт ярьж байх шиг байна. Тийм байж магадгүй. Гэхдээ улстөрчид, энэ улс төрд суугаа улсууд өөрсдийнхөө нэр төр муу болох вий гэдгээс ичдэг, зовдог. Тэд нарыг ичээх хэрэгтэй. Тэд нарыг гишгэх газаргүй болгох ёстой.

Ингэж хуйвалдаж Өршөөлийн хууль баталж байгаа, үүний төлөө санал өгч байгаа, тэр авлигачийг өршөөнө гэж хэлээд, тэр ядуу ардын хүүхдийн ард нуугаад кноп дараад сууж байгаа, тийм өгүүлбэр бичээд сууж байгаа хуульчийг гишгэх газаргүй болгох ёстой. Тийм хууль тогтоогчийг ичээх хэрэгтэй. Хүмүүс тал талд нь гарч, бид нар нэг нийгэмд амьдарч байгаа. Хүн бүхэн алхах гишгэх бүрт нь шоолоод, ичээгээд, дайраад, хэлсэн үг бүр дээр нь эргүүлж хэлээд байхад, наадуул чинь хэлтэй амтай учраас одоо гараад л тэгж хэлнэ. “Өө Элбэгдорж тэгж хэлсэн, энэ нь буруу, тэр нь буруу, өөрөө тийм, энэ нь ийм, тэр нь тийм” гээд л. Бүх талаар дайрна. “Гэхдээ тийм биш ээ, чи өөрөө” гэж хэлж чаддаг болох ёстой. Ганц найдвар бол олон түмний жигшил байгаа юм. Ганц найдвар бол олон түмний зэвүүцэл байгаа юм. Ганц найдвар бол олон түмний тэмцэл байгаа юм. Ганц найдвар бол олон түмний шударга ёсны төлөө эв нэгдэл байгаа юм. Үүнийг бий болгох хэрэгтэй.Үүнийг бий болгохын тулд тэр авлигын гэдэс дотортой нь холбоотой юмыг ярих хэрэгтэй байгаа юм.

Өнөөдөр Өршөөлийн хууль гаргаад зогсож байхаар ээлжит бус чуулган зарлаад улстөрийн намын хуулийг л батлах байсан юм. Төрийн албаны хуулийг батлах байсан юм

Ийм учраас өнөөдөр Монголд улс төрийн намыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас би тийм хууль санаачилж байгаа. Монголд төрийн албыг өнөөдөр байгаа энэ байдлаас нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ улс төрчдийн дурын гарын шүүс болгож болохгүй. Дурын улстөрчийн, авлигач улстөрчийн, ёс зүйгүй улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Монголын төрийн албыг хамгаалах ёстой.

 Тэр хуулийг нь гаргах ёстой. Өнөөдөр өршөөлийн хууль гаргаад зогсож байхаар ээлжит бус чуулган зарлаад тэр улстөрийн намын хуулийг л батлах байсан юм. Төрийн албаны хуулийг батлах байсан юм. Би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Тэр Төрийн албаны хуулийг, Улс төрийн намын хуулийг, тэр Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийг яг оруулснаар нь л батлаад өгчих. Битгий үг үсэг өөрчил, оруулснаар нь дэмжээд өг өө, Их Хурал. Тэгэх юм бол оруулснаар нь би хариуцлага хүлээе. Монгол Улсын Ерөнхийлөгч би хариуцлага хүлээе ээ. Би санаачилж оруулсан юм, би түүнийг оруулж байгаа юм, би тэр тогтолцоог бий болгох гэж явж байгаа юм. Тэр нь буруу ажиллавал надтай хариуцлага тооц.

Саяын Засгийн газар Өршөөлийн хууль өргөн барилаа гэдэг шиг, баахан хулгайн заалт оруулдаг шиг юм хийгээд, ийм хууль гаргалаа гэвэл болохгүй л дээ. Чи оруулснаар нь л баталчих. Чи тэр үндсэн үзэл санааг нь дэмжээд баталчих. Би түрүүн хэлсэн. Бид нар 25 жилийн өмнө монгол хүнийг Монголын төрд сонгох гэж, өрсөлдүүлж сонгох гэж, тэр нь бидний мөрөөдөл байлаа. Өнөөдөр тэнд орчихсон байгаа зарим нэг хууль бус ашиг сонирхолтой, түүгээрээ дамжуулж бизнес хийдэг, мөнгө хийдэг, нэр төр хийх гэж оролддог тийм этгээдүүдийг тэндээс татаж гаргах хэрэгтэй байна. Над шиг 21 жилийн өмнө тэгээд гараад явах улстөрчид алга байна. Тийм Улсын  Их Хурлын гишүүн өнөөдөр алга байна. Гараад явах хэрэгтэй, явахгүй байна. Тийм учраас татаж гаргая, тийм учраас огцруулъя, тийм учраас ард түмэн гарын үсэг цуглуулъя гэж байгаа юм. Тийм учраас ёс зүйн хариуцлагатай болгоё гэж байгаа юм. Тийм учраас улс төрийн хариуцлагатай болгоё гэж байгаа юм. Тийм учраас захиргааны шийтгэл ногдуулъя гэж байгаа юм. Тийм учраас эрүүгийн шийтгэл ногдуулъя гэж байгаа юм. Тийм учраас хэрэг нь илрэх юм бол Ерөнхий прокурор асуудал тавиад, оруулаад, гишүүдийг татдаг болгоё гэж байгаа юм. Тийм хүнийг нэр дэвшүүлдэггүй байя гэж байгаа юм. Тийм заалтыг, тийм зохицуулалтыг би тэр хариуцлага тооцох хуулинд хийж өгсөн юм. Үнэхээр чи шударга ёсны төлөө байгаа л юм бол өнөөдөр тэр хуулийг батлаад л гаргачих. Тэр хуульд гарын үсэг зурчих.

 Тэр намын дарга, тэр удирдлага, тэр хуульчид, өнөөдөр гарч ирээд, долоо наймаараа зэрэгцэж зогсож байгаад мэдэгдэл хийдэг юм байна лээ. Энэ хуулийг гаргана гээд мэдэгдэл хийгээд өг. Тэгвэл бас би бас болж байна. Монголын төр цэвэрших нь дээ гэдэг итгэл байна гэж хэлэх гээд байгаа юм. Энэ зүйлийг өнөөдөр би хэлэх гэсэн юм. Ийм юм хэлэх гэж бид нар хэцүү ажил хийж байгаа. Үүнийгээ бид нар хэлэх гэж өнөөдөр энд цугласан гэж бодож байна. Тийм учраас миний түрүүчийн хэлсэн нэг л шийдэл байгаа юм. Зүгээр л чи тэнд аюул тарихаасаа өмнө, Монголын төрийг аюулд унагахаасаа өмнө гар. Дахиж Улсын Их Хуралд битгий нэр дэвш. Одоо гараад мэдэгдэл хий л дээ. Тийм л шудрага юм бол гараад л чи мэдэгдэл хийчих. Чиний тухай ярьж байгаа, хэний тухай ярьж байгааг наадуул чинь маш сайн мэднэ. Тэр бүлэглэл, тэр фракцын удирдлага, тэр ажил явуулдаггүй, тэр хуйвалдаан зохион байгуулдаг. Тэр мессеж явуулдаг, тэр ар талд нь зохион байгуулдаг, тэр бүх мөнгийг төлдөг, зээл аваад талыг нь тэр муухай сүлжээндээ зарцуулдаг, муу аргаар ажил хийдэг, муу аргаар хөтөлбөр хийдэг, тэр нэвтрүүлэг хийдэг дайрдаг, хүний зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө, Монголын зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө дайрдаг тэр улсууд сайн мэдэж байгаа. Дахиж л битгий УИХ-д нэр дэвш. Дахиж битгий улс төрийн албан тушаал хаш. Дахиж битгий ийм юмны үнэрээр ордон дотуур эргэлд, эргэлдэхгүй ээ гээд түүнийгээ л хэлчих. Дахиж халдашгүй дархан эрхийн төлөө орно гэж зүтгэ. Үнэхээр зовж байгаа юм бол, хэлмэгдэж байгаа юм бол, зовон зовон энд юугаан хийж суугаад байгаа юм бэ. Хэлмэгдэн хэлмэгдэн яагаад суугаад байгаа юм бэ. Зүгээр л гараад яв. Боллоо. Энэ л шийдэл байна.

Нэг бол тэгж гаргаж явуулдаг замыг чинь засах дээр хариуцлага тооцох хуулийг минь л батлаад өг. Үүнийг л хэлж байгаа юм. Үнэхээр Монголын төрд бодлого тодорхойлдог, Монголын төрийн гэр дотор, Монголын төрийн гэрийн босгонд ойртуулахааргүй тийм улсууд байгаа юм. Тийм нэр бүхий улсууд байгаа юм. Босгонд нь байтугай, босгоных нь шороонд нь хүртэл ойртуулмааргүй тийм улсууд байгаа юм. Би өнөөдөр Монголын төрийн бар тамгыг барьж байгаагийнхаа хувьд өнөөдөр энд ард түмнээ төлөөлж хэлэх эрхтэй. Болохгүй ээ. Энэ дээр нь зогсъё. Ийм хууль гаргаад, ийм юм гаргаад явж болохгүй. Гэхдээ би өнөөдөр хууль хяналтын байгуулага, ялангуяа энэ прокрорын байгуулагын хүмүүст хандаж гурван зүйл хэлэх гэсэн юм. Та нар тийм дутагдалгүй, та нар тийм бүх юм сайн байгаа юм биш. Энэ хууль хяналтын байгуулага, авлигатай тэмцэж байгаа байгууллагууд энэ дотор анхаарах гурван асуудал байгаа. Юуны өмнө анхаарах гурван асуудал байна.

Нэгдүгээрт,  хүнийг олон хоногоор барьж хорьдог, саатуулдаг. Хүнийг хорьж  гэмт хэрэг илрүүлэх гэдэг Вишневскийн аргаасаа татгалз л даа. Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг улс болсон юм. Түүнийг гадуур явж байхад нь нотлохын төлөө, тэр ур чадвараа гаргаж, хуулийн байгууллагууд нь зүтгэж явуул л даа. Хүн хорино гэдэг хамгийн сүүлчийн авах арга хэмжээ байг л даа. Хамгийн түрүүчийн биш ээ. Хамгийн сүүлчийн авах арга хэмжээ байх ёстой. Үүнийг анхаарах ёстой. Үүгээр чинь далимдуулаад өнөөдөр та бүхний ажил үйлсийг харлуулж байна. Дээрээс нь энэ авлигын, албан тушаалын, төрд бугшсан, бугласан, энэ болохгүй байгаа зүйлийн аюулын хор хохирлыг ойлгуулах хэрэгтэй. Энэ ажлыг тэр авлигатай тэмцэж байгаа газрууд, энд ажиллаж байгаа хүмүүс сайн хийж чадахгүй байна. Үүнийгээ саяны миний ярьсан шиг задалж, ямар хортой, ямар холбогдолтой, ямар байдлаар аюул үүсдэгийг хэлэхгүй байгаа юм.

Хоёрдугаарт, Албан тушаалтай би прокурор болсон, би шүүхч болсон, би тийм юмны мөрдөн байцаагч болсон, ийм газрын мөрдөн байцаагч хийдэг гэсэн үнэмлэхийн нэрээр, албан тушаалын нэрээр хүн дээрэлхээг, хүн доромжилдог, хүн дарамталдаг энэ юмаа боль л доо. Үүнийгээ зогсоо л доо. Би үүнийгээ зогсоо гэж зөндөө хэлсэн шүү дээ. Сайн ажил үүргээ хэрэгжүүлээд явж байгаа прокурор бий. Энэ дүрэмт хувцсыг зөв өмсөөд, зөв үйлтэй явж байгаа хүмүүс бий. Чиний хийж байгаа жил үйлсийг олон түмэн мэдээгүй,  муу ажил хийж байгааг чинь мэдээгүй байгаа ч гэсэн цаанаа бүртгэгдэж байдаг юм. Тэр чинь гай болж, тэр чинь лай болж өөр дээр чинь ирдэг. Битгий тийм юм хий. Энэ цаг мөчөөсөө. Монголын төрд зүтгэнэ гэдэг бол буян хийж байгаа ажил. Ард түмнийхээ төлөө хийж чадахгүй байгаа, хэлж чадахгүй байгаа үгийг нь хэлж, хийж чадахгүй байгаа ажлыг нь хийлгэхийн тулд хийж байгаа тийм хэцүү ажил. Тэр хэцүү ажлаа хий. Гэхдээ энд асуудал байгаа.

“Барьж хорихгүй ээ, удаан хориод байна” л гэдэг. Гаргаад тавихаар үгсэн хуйвалддаг. Гаргаад тавихаар нөгөө өмгөөлөгч нь баахан өмгөөлөгч аваад л, баахан телевизороор яваад л, баахан өөрийгөө рекламдаад л, баахан өөрийгөө сурталчилдаг, баахан өөрийнхөө хэлмэгдлийг ярьдаг. Оргон зайлдаг, нөгөө хамсан үгсэн хуйвалдсан улсуудаа оргон зайлуулдаг. Бүгдийг нь явуулдаг. Прокурорын өмнө, хуулийн өмнө, шүүхийн өмнө юу гэж ярих вэ гэдгээ бүгдийг нь үгсдэг. Зарим үед хорих үе гардаг. Гэхдээ үүнийг тэр шинэ хуулиндаа тодорхой зааж өгөх хэрэгтэй. Зовлон байгаа шүү дээ. Ийм юмыг зохицуулж байж, ийм юмыг харж, ийм хутганы ир шиг юмны дундуур зөв явахыг л төрийн ажил гэдэг шүү дээ. Түүнээс биш төрийн ажлыг бүдүүн баргаар, зүгээр таамгаар хийдэг ажил биш.

Гуравдугаарт, авлигач гарч ирээд л өнөөдөр тэр соён гэгээрүүлэх ажил л гэж байна. Энэ Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх ажлаа хий. Энэ хууль хяналтынхан соён гэгээрүүлэх ажлаа хий. Авлигын бузар булайг ярь. Энэ ажилд чинь зориулаад 500 сая төгрөг төрөөс тавьж өгч байхад нөгөө авлигачийн авлигад авсан мөнгө нь 5 тэрбум төгрөг байгаа. Соён гэгээрүүлэх ажилд бүхэл бүтэн хууль хяналтын байгууллагуудад тэрбум төгрөг тавьж байхад нөгөө нэг авлигачийн халаасанд 10 тэрбум төгрөг цацаж байна шүү дээ. Өнөөдөр соён гэгээрүүлэх гээд юм ярих гээд, мөнгө цацах гэхээр “Энэ явж байгаа хэргийн талаар ярилаа, энэ ингэлээ” гээд дарамтлаж байгаа. Та нар руу байнгын тийм дарамт ирдэг. Тэр дарамталж байгаа, тэр явж байгаа хүмүүс хэдэн тэрбумаар нь цацаж байна. Харин энд хэдэн арван сая төгрөгний төсөв байгаа. Зовлон бий. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гэвч энэ зовлонтой ажлыг аль болох зөв талаас нь хийх  хэрэгтэй. Энэ ажлыг та бүхэн хийгээч ээ гэж л хэлэх гэсэн юм. Авлигатай тэмц.

Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголд ирдэг юм

Үнэхээр энэ манай хууль хяналтын байгууллагынхан, хууль шудрага ёсыг тогтоолгох гэж байгаа хүмүүс бол хулгайтай тэмцэх гэж, авлигалтай тэмцэх гэж, хууль зөрчиж байгаа хүмүүстэй тэмцэх гэж үсээ зулгааж яваа даа. Би түрүүн хэлсэн. Монголын нэрийг аятайхан авч гаргах гэж, Монголын хууль байдгийг үзүүлэх гэж цээжнийхээ махыг барж яваа. Гэтэл зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголд ирдэг юм. Би салхилах гэж Монголд ирлээ гэдэг. Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газар тансаг өндөр өндөр байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй. Тэр авлигач тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр авлигаар зугтаалгасан олон зуун сая төгрөгөө аваад ир. Тэр олон тэрбум төгрөгөө, тэр олон сая ам.доллараа аваад ир. Тэр хамсаатан болгоод зугтаалгасан дүүгээ авчруулж салхилуул, дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа  туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр гаргаад зугтаж яваа хүмүүстэйгээ Монголын салхинд хамтдаа салхил л даа. Заавал тэр хүний нутгаар явж, тэр салхигүй газраар явж зовж яах юм. Монголдоо ирээд сайхан салхил.  Тэр гадна дотноос дамжуулж, тэр авлигын сүлжээ гар хөл бологсдоо санхүүжүүлдэг тэр мөнгөө ил тод болгочих, тэгээд болно. Өөр юм шаардаагүй байна. Үүнийг л шаардаж байгаа юм.

“Шоронд орлоо” гээд орилолддог. “Намайг гаргаад өг, би амь тавих гээд байна” гээд орилоод байдаг. Аймшигтай том хэрэг нь илрэх гээд, аймшигтай том сүлжээ нь илрэх гээд гадна дотногүй үйл ажиллагаа яваад ирэхээр л “амь тавилаа, хором хормоор хэмжигдлээ” гээд л орилоод эхэлдэг шүү дээ. Яах юм, тэгж гадагш дотогш зугтааж. Өнөөдөр хамгийн нэг ноцтой нь энэ авлигын мөнгөн дээр, энэ том том авлигачдын мөнгөн дээр ажилладаг дахиад нэг авлигач сүлжээ олон улсад бий болсон. Нөгөө гадагшаа явуулсан мөнгөн дээр нь банк нь ажилладаг. Түүнийх нь талыг нь хураагаад авчихдаг. Нөгөө авлигалчийн хадгалуулсан мөнгөн дээр нь хадгалуулсан хүн нь аваад алга болдог. Та нар  энэ гадагшаа яваад байгаа, гадна байгаад байгаа хүн зүгээр тэгээд хүний нутгийн тоостой салхинд салхилаад суугаад байна гэж бодож байна уу. Тэр мөнгөнийхөө хойноос явж байгаа юм. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү дээ. Тэгж л тэр дүү, тэгж л тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа юм. Тэр нь илрэнэ гэж бодож айж байгаа юм.

Тийм учраас чонь борооноор гэж Өршөөлийн хууль гарлаа ч гэдэг юмуу, нэг барилдаан болж байна ч гэдэг юмуу, тийм юмаар орж ирж хүмүүсийн дунд суусан дүр үзүүлдэг байхгүй юу. Эх орноо саналаа гэж. Санаад байгаа юм бол эх орондоо бай л даа. Эх орондооо тэр мөнгө төгрөг, тэр гаргасан зүйлээ л авч ир л дээ.

 Энэ хууль хяналтын байгууллагынхны ажилд амжилт бий. Ямар амжилт бий вэ гэвэл “үгүй энэ нэг ч гэсэн авлигачийг бариад шоронд хийх юмсан, нэг ч гэсэн авлигалчид хариуцлага тооцохсон” гэж мөрөөддөг үе байсан юм.

Өнөөдөр харин шоронд орсон яллагдсан авлигалчийг, нэг ч гэсэн авлигалчийг шоронгоос гаргах юмсан гэж ярих боллоо.

Авлигчдын эрхшээлд биш хуулийн эрхшээлд амьдарья

Өөрчлөлт байгаа биз. Өршөөе гэж ярьдаг боллоо. Өөрчлөлт амжилт байгаа шүү. Наадуул чинь хорхойссон баавгай шиг мөнгө рүү дайрдагаа больсон шүү. Шилэн дансны хууль, Сонсголын хууль гарсан. Бас нэг наанатай цаанатай болсон. Бас нэг татуургатай болсон шүү. Монгол Улсын авлигын индекс 120 байсан, өнөөдөр 80 болтолоо буурлаа. Бас нэг ч амжилтгүй, огт та бүхний хөдөлмөрийн үр дүн үнэлэгдэхгүй байгаад байгаа юм биш ээ. Бид авлигачдыг  барьж хорих тухай мөрөөддөг байсан. Тэгвэл өнөөдөр суллах, өршөөх тухай, хууль гаргах тухай ярьдаг боллоо шүү дээ. Авлига байхгүй бол Авлигын эсрэг хууль байхгүй шүү дээ. Авлига гэдэг юман дээр хууль хяналтынхан саад болоод байгаа юм биш ээ. Авлига байхгүй бол Авлигын эсрэг хууль байхгүй, авлига байхгүй бол Авлигатай тэмцдэг газар байхгүй ээ. Хүмүүс мөрөөддөг байсан. Авлигатай тэмцдэг газар байгуулах юмсан, үгүй ер нэг тийм газартай болох юм сан гэж. Өнөөдөр авлигачийн асуудал биш, тэр газрын асуудал асуудал болж байна.

 Би муу дутагдалтай юм байгааг  түрүүн хэлсэн. Бид нар сайн хийж чадсан амжилт гэж үзэж байгаа юмаа улам цааш ахиулаад явах хэрэгтэй. Муу болж байгаа юмаа дараад явах хэрэгтэй. Тэгээд би төгсгөлд нь юу хэлэх гэж байна вэ гэхээр үнэхээр Монголын эрх ашиг гэдэг бол агуу юм. Энэ мөнхөд үргэлжилнэ. Үргэлжид байна. Авлигачдын эрх ашиг гэдэг юм бол тэр авлигачаараа тэр эрх ашгаараа л хэмжигдэнэ. Би түүнийг түрүүн хэлсэн. Тийм учраас энэ ажиллаж байгаа цаг үедээ бүгдээрээ шударга зүтгэе. Монголын хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэе ээ. Монголчууд хүний эрхшээлд амьдрахад дургүй улс. Тэгэж ардчиллыг сонгосон, тэгэж эрх чөлөөг сонгосон юм. Одоо монголчууд авлигчдынхаа эрхшээлд амьдрах уу. Тийм бодолтой байгаа хүмүүст үгүй гэж хэлье. Тийм бодолтой байгаа хүмүүст дураа тат гэж хэлье.Бүгдээрээ, зогс гэж хэлье. Авлигачид өөрсдийнхөө эрхшээлд нийцүүлж төрийн бодлогыг тодорхойлдог болох уу. Тийм бүлэглэл өнөөдөр орж ирж төрийн бодлого тодорхойлдог болох уу. Тийм улсуудад зогс гэж хэлье.  Өөрийн эрхээрээ хуулийн эрхшээлээр амьдарья. Авлигчдын эрхшээлд биш хуулийн эрхшээлд амьдарья. Хууль сахиулж амьдаръя бүгдээрээ.

 Тийм учраас би үгээ хэлэхдээ та бүхэн хэцүү ажилтай, би үнэн үг хэлье гэсэн. Үнэн үг гэдэг бол ийм л үг байдаг юм. Үнэн үг гэдэг бол хэрэгтэй үед хэлдэг хэрэгтэй үгийг үнэн үг гэдэг юм. Тийм ээ, өнөөдөр ийм үг Монголын нийгэмд хэрэгтэй байгаа. Ийм урамшуулал, энэ авлигатай тэмцэж байгаа, шударга ёсыг тогтоохын төлөө, хууль сахиулахын төлөө зүтгэж байгаа шударга ажилтнуудад ийм үг хэрэгтэй байгаа. Тэдний ажил үйлсийг харлуулж болохгүй. Тэдний зүрх сэтгэлийг мохоож болохгүй. Тийм хүмүүсийг мохоож болохгүй. Бидний бие мөнх биш ээ. Бидний улс мөнх. Би үүнд нь итгэдэг юм. Бидний эрх ашиг, монголын ард түмний эрх ашиг мөнх. Энэ харуулд бид нар нэр төртэй зогсох ёстой шүү.

Үүнийг би та нарт сануулах гэсэн юм. Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …