Нийслэлийн есөн дүүрэг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийн төвүүд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Нийт есөн дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвүүд оролцох бөгөөд давхар улирлынхаа тайланг хамгаалах юм. Өдөрлөг гурав хоногийн хугацанд үргэлжилж өдөр өдөртөө гурав гурван дүүрэг өөсрдийн хийсэн ажил, үр дүнг удирдлагууддаа болон иргэдэд тайлагнах зорилготойгоор зохиогдож байна. Өнөөдрийн хувьд Баянгол, Налайх, Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийнхөн ажлаа тайлагнаж байна.
ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа:
Өнөөдрийн өдөрлөгийн онцлог, гол зорилго….
Өнөөдрийн Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн тайлан хамгаалах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ өдөрлөгийн гол онцлог нь нээлттэй, ил тод гэдгээрээ давуу талтай. Урьд нь манай байгууллага болон есөн дүүрэг удирдлагууд болон ажилчиддаа л тайлангаа хаалттай хамгаалдаг байсан. Энэ удаа иргэддээ мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ нээлттэй хүртээмжтэй байдлаар тайланг хамгаалж байна. Ингэснээр бие биенээсээ суралцах, мэдээллийг дэлгэрэнгүй түгээж байна.
Өнөөдрийн өдөрлөгийг яагаад энэ танхимд зохион байгуулж байна вэ?
Нийслэл Жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт мэдээллийн төв танхимд өнөөдрийн өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ төв маань ашиглалтанд ороод сар гаруй болж байгаа бөгөөд хоёр дахь үзэсгэлэн худалдаагаа мөн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Танхимын гол үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчид иж бүрэн мэдээлэл авах боломжтой. Иж бүрэн мэдээлэл гэдэг нь төрийн байгууллагууд болон ЖДҮ-ийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны чиглэл, хэрхэн үйл ажиллагаанд хамрагдах, өөрийн бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл авдаг гэсэн үг. Нийтдээ хорин жижиг лангуутай. Эдгээр лангуунуудад үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Мөн хоёр төрлийн сургалтанд хамрагдах боломжтой байдаг.
Сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулвал?
Нэгдүгээрт: Төсөл хэрхэн бичих вэ? хоёрдугаарт Үйлдвэрлэл менежментийн сургалт гэсэн хоёр төрлийн сургалт явуулдаг. Төсөл хэрхэн бичих вэ? сургалт маань нийт дөрөв хоногийн хугацаанд явагддаг бөгөөд суралцагчид маань өөрийн дотор байгаа санааг төсөл болгон бичиж түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг сурдаг. Ингэснээр тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэл хэр үр дүнтэй болох, төсөл нь хэрэгжих боломжтой эсэх. Цаашид ашигтай байх үгүйг мэдэж үнэхээр сайн төсөл байвал боловсруулж дуусаад дүүргийнхээ ЖДҮ-д өгдөг байгаа. Харин хоёр дахь сургалт маань төслийнхөө үйл ажиллагааг хэрхэн зөв чиглүүлж ашигтай ажиллах тал дээр зөвлөдөг .
Жилд хичнээн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг вэ? Хэр үр дүнтэй болдог вэ?
Жилдээ дотоод, гадаад гэсэн зургаан үзэсгэлэн худалдаа явуулдаг. Нийтдээ тэрбум гаруй төгрөгний худалдаа хийдэг. 11-р сарын 21-24-ны хооронд манай брэнд үзэсгэлэн худалдаа “Улаанбаатарт үйлдвэрлэв” жил бүр зохион байгуулагддаг.
Өдөрлөгийн хүрээнд нийт есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үзэсгэлэнгээ гаргасан байсан юм. Ингэснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой болж байгаа юм. ЖДҮ-ийг дэмжих төв нь үйлдвэрлэгчидэд маш олон төрлийн боломжыг олгож тэдний үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Банкны хүүнээс бага хүүтэйгээр зээл олгодог буюу жилд таван хувийн хүүтэй байдаг байна. Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс 100 гаруй төсөлд 6 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж. Зээлд хамрагдсан иргэд ч маш амжилттай ажиллаж өөрсдийн үйлдвэрлэлийг хөл дээр нь босгосон гэнэ.
Тайлангаа хамгаалж нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Д.Ихбаяртай ярилцлаа:
Баянголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Нээлттэ хаалганы өдөрлөгт оролцож байгаагийн хувьд ажлынхаа үр дүнг тайлагнавал…
Өнөөдөр гурван дүүрэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаагын нэг нь манай Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв юм. Иргэддээ өөрсдийн хийсэн ажлаа тайлагнаж гуравдугаар улирлынхаа ажлын үр дүн болоод ирээдүйд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулж байна. Манай төв нь байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Бусад дүүргийг бодвол хамгийн отгон байгууллага гэж хэлж болно. Энэ хугацаанд чамлахааргүй олон ажлыг хийж зохион байгууллаа. Нийт 500 гаруй иргэдийг сургалтанд хамруулж “Баянгол үйлдвэрлэв” нэртэй 100 гаруй телевизийн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэжээ. Нэвтрүүлгүүдээ нэгтгэн DVD хэлбэрээр гаргаж “Franchising” нэртэй улирал тутмын сэтгүүлтэй хамтран үйлдвэрлэгчидээ сурталчилах онлайн худалдааг хийж эхлүүлсэн зэрэг олон үйл ажиллагаа явуулсан. Эдгээр үйл ажиллагаанууд нь иргэдийн бизнесийн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэгдсэн юм.
Цаашид өөр ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Хичнээн иргэд ЖДҮ-ийг дэмжих зээлд хамрагдсан бэ?
Сургалтанд 500 гаруй иргэд хамрагдсан гэж хэлсэн. Эдгээр иргэдийн 20 гаруй хувь нь зээлд хамрагдсан. Манай төвөөр дамжуулж ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжих зээлд нэг иргэн таван сая хүртэл төгрөгөөр хамрагдах боломжтой байдаг. Дүүргийн хэмжээнд 2,3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг ба хороодод 100 сая болгон хуваагдаж иргэдэд хүрдэг. Өнөөдрийн байдлаар тэрбум орчим төгрөгийн зээлийг 200 гаруй иргэдэд олгосон байна. Цаашдаа бид дээр дурдсан ажлуудаа сайжруулах мөн ухаалаг утасны аппликэшнтэй болж байна. Удахгүй ашиглалтанд орно. Ингэснээр зөвхөн манай дүүрэг бус бусад дүүргүүд ч манай төвийн талаар мэдээллийг илүү шуурхай, илүү дэлгэрэнгүйгээр өөрийн гар утсаар авах боломжтой болох юм.
Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн ярианаас…
Гэр бүлийн таван гишүүн нийлж үйлдвэрлэл эрхэлдэг. Эсгий урлал, нэхмэл сүлжмэл эдлэл, гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэдэг B&O гэдэг компани байгуулагдаад 7 жил гаруй хугацааг өнгөрөөсөн. ЖДҮ-ийг дэмжих төвөөс зээл авч үйл ажиллагаагаа сайжруулж байгаа хэдий ч улам өргөжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн илүү өргөн мэдлэг, санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй болдог. Зээлийн хувьд хүү багатай байгаа нь маш их нэмэр болдог.
B&O компанийн дизайнер Б.Мөнхцэцэг
Эхнэртэйгээ хамтран шагайн үйлдвэрлэл эрхэлдэг. Хүнсний болон томоохон захуудаас шагайгаа худалдан авч 4 цаг гаруй чанаж зөөлрүүлсэний эцэст шагайгаа цэвэрлэж хатаадаг. Үүгээрээ автомашины суудлын бүрээс, массажны зориулалттай гишгүүр хийдэг. Үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж байна. Манай эхнэр загвар дизайн, зургыг нь гаргаж хамтарч хийдэг. Тэтгэвэрийн насны хүнд зээл авах маш хүндрэлтэй байдаг.
“Шагайн урлал” урлан Ч.Зоригт
Б.Нарангэрэл