ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

russianeducation Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд манай улсад нийт 220 тэтгэлэг олгосон бөгөөд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бакалаврын түвшинд байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр нийт 100 /үүнээс төмөр зам 30, цөмийн эрчим хүч 10/, анагаах ухааны чиглэлээр 10, хөдөө аж ахуйн чиглэлээр 10, эдийн засаг, менежментийн чиглэлээр 10, боловсролын чиглэлээр 10, биеийн тамирын чиглэлээр 5, нийгмийн ухааны бусад чиглэлээр 20 оюутан сонгон шалгаруулна.

Түүнчлэн соёл, урлагийн чиглэлээр 10 оюутан суралцуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг Соёл, спорт, аялал жуулчлаын яам жич зохион байгуулна. Орос хэлний олимпиадад амжилттай оролцож ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдсан 10 хүн сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр нэр дэвшинэ. Магистрантурт 10, аспирантур, докторантурт 20 хүнийг сонгон шалгаруулах бөгөөд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой бүх мэргэжлээр суралцуулна.

Мэргэжил дээшлүүлэгч 5 хүнийг Оросын талтай тохиролцсоны дагуу шууд нэр дэвшүүлнэ. Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны www.russia.edu.ru/enter/2013 гэсэн хэсгээс авах, мөн БШУЯ-ны Олон нийттэй харилцах алба /утас:12-09, е-шуудан: info@mecs.gov.mn/-наас лавлах боломжтой.

Тэтгэлэгт хамрагдагчдад тавигдах шаардлага

1/ Бакалавр оюутан нь:

– Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд “А”, “В” үнэлгээтэй төгссөн,

– ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд “А”, “В” үнэлгээтэй төгссөн,

– Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа,

– ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харъяа 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны;

2/ Магистрант нь:

– Магистрант нь бакалаврын зэрэгтэй, бакалаврын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд “А”, “В” үнэлгээтэй, 35 хүртэлх насны,

3/ Аспирант нь:

– Аспирант нь магистрын зэрэгтэй, магистрын дипломын голч дүн нь 3,0-аас доошгүй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд “А”, “В” үнэлгээтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 45 хүртэлх насны;

4/ Докторант нь:

– Докторант нь доктор / Ph.D/-ын зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.

Өмнө нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан болон одоогоор Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Бүртгэл

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн суралцагч нь өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээр сургуульдаа бүртгүүлнэ. Тухайн сургууль нь шаардлага хангасан оюутныг зохих журмын дагуу бүртгэж, бүртгэлийг шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Төмөр замын болон цөмийн эрчим хүчний чиглэлээр суралцахыг хүсэгчдийн бүртгэл тусдаа хийгдэх тул БШУЯ-нд хандаж тодруулна уу.

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцагчид болон төгсөгчид, дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, мөн магистрантурын сургалтад хамрагдахыг хүсэгчид 2013 оны 5 дугаар сарын 25, 26, 27-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд, аспирантур, докторантурт суралцахыг хүсэгчид 2013 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн 2 дугаар байрны 179 дүгээр өрөөнд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ үү.

1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид:

– Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн суралцаж байгаа сургуулийн албан бичиг,
– Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт,
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Шалгалтын хураамж 5000 төгрөг.

2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл анги төгсөгч:

– Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь,
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Одоо хаана, юу хийж байгаа тухай албан ёсны тодорхойлолт/тайлбар бичиг,
– Шалгалтын хураамж 5000 төгрөг.

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

– Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг,
– Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт,
– Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Шалгалтын хураамж 5000 төгрөг.

4. Магистрантурт суралцахыг хүсэгч:

– Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан бичиг,
– Ажил байдлын тодорхойлолт,
– Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Шалгалтын хураамж 10000 төгрөг.

5. Аспирантур, докторантурт суралцахыг хүсэгч:

– Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан бичиг,
– Ажил байдлын тодорхойлолт,
– Магистрын диплом, дүнгийн хавсралтын буюу доктор /Ph.D/-ын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),
– Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт,
– Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
– Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Тэтгэлэгт хамрагдагчдад тавих шаардлагыг хангаагүй болон бичиг баримтаа бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт

Бакалавр болон магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт ба орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгээр өгнө.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Хими, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн чиглэл тус бүрээр мэргэжлийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.

Бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлж, тэтгэлэгт нэр дэвших болзол хангасан хүмүүсийн нэрс, орос хэлний ярилцлагын цагийн хуваарь болон мэргэжил сонгох хуваарийг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана. Ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монгол Улсын БШУЯ хамтран зохион байгуулна.

Аспирантур, докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгөх, ярилцлага хийх хэлбэрээр сонгон шалгаруулна. Ярилцлагын хуваарийг оролцогчдод жич мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Тэтгэлэгт нэр дэвшүүлэх

БШУЯ сонгон шалгаруулалтад амжилттай дүн үзүүлсэн иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам тэтгэлэгт нэр дэвшигчдийг хүлээн авч суралцуулах, эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Оросын тал ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцах иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд мэргэжлийн дагуу хуваарилна. ОХУ-ын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Суралцагч нь замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны төлбөрийг өөрөө хариуцна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …