УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл нар оролцсон.
Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 337 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 209, УИХ-ын тогтоолын төсөл 14, Байнгын хорооны тогтоол 5, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2-ыг хэлэлцэж, 38 санал, дүгнэлт, 4 төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга гаргажээ.
Үүнээс гадна, тус байнгын хорооны дарга А.Бакей “Намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 2, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 6, хууль хүчингүй болгох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 11-ийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Үүний нэг нь Сонгуулийн тухай хууль юм. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэснээр сонгогчид хууль эрх зүйн хувьд нэгдсэн нэг гарын авлагатай болж байна гэсэн үг” гэсэн юм.