Өнчин хүүгийн аминд хүрсэн жолоочид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

-ТАЛИЙГААЧ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БОЛЖ, ЖОЛООЧИЙГ ГЭМ БУРУУГҮЙД
ТООЦСОНЫ УЧИР ЮУ ВЭ-

Өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагийн орчим Буянт-Ухаа хорооллын урд замд 10 настай хүү автомашинд мөргүүлсний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тухайн үед эл хэргийг үйлдсэн жолооч А цагдаа дуудаж, хүүг эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь Б хүү эмнэлэгт очиж, хагалгаанд орсноос хойш хоёр хоногийн дараа нас баржээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээний дүнд жолооч А нь зам тээврийн дүрэм зөрчөөгүй, 50-60 км цагийн хурдтай явж байсан гэх дүгнэлт гарсан байдаг аж.

Тээврийн прокурорын газрын прокурор Ч гэгч жолооч А-д холбогдох хэргийг хянаж, талийгаач хүүг дүрэм зөрчсөн, жолоочийг гэм буруугүйд тооцон, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс сэжигтэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй тооцжээ. Гол үндэслэл нь хохирогч Б нь зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй учраас амь насаа алдсан гэж үзсэн байна.

Тухайн үед энэ хэргийн талаар Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Ууганбаяр “Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоггүй гэж техникийн шинжээчийн дүгнэлт гарсан” хэмээн хэлж байжээ.

Б хүү өнчин нэгэн байсан бөгөөд түүний асран хамгаалагчид нь хэрэг гарсны дараахан шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг аж.

Талийгаач хүүгийн хамаатан Л “Бид хүүхэд дайрч хөнөөсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэж итгэж байсан. Гэтэл өчигдөр тогтоол хүлээж аваад үнэхээр хүнд байдалд орлоо. Бүх зүйл талийгаач хүүгийн буруу болж хувирсан. Тээврийн хэрэгсэл барьж яваад, хүүхдийн аминд хүрсэн жолооч ямар ч хариуцлага хүлээхгүй болж, хэргийг нь хэрэгсэхгүй болсон. Өнөөдөр Монголд хүний амь малын аминаас үнэгүйдсэн ийм цаг үед амьдарч байна” хэмээн хэлжээ.

Бага насны хүүхэд дайрч хөнөөсөн А-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал нэг удаа буцаж, хоёронтаа хэрэгсэхгүй болсон байна. Талийгаач хүүгийн амь насыг нэхэх ижий аав нь байсансан бол хэрэгт ингэж хандаа ч уу үгүй ч үү. Хүний аминд хүрсэн этгээд гэмгүйд тооцогдож, сул чөлөөтэй яваа ч уу, үгүй ч үү.

Хохирогчийн асран хамгаалагчдын хувьд шүүх хяналтын байгууллагад итгэл алдарсан уу, ямартаа ч “Бурхан авах цаг нь болоод буцаагаад аваад явсан байлгүй дээ” хэмээн сэтгэлээ хуурч, энэ хэргийн араас хөөцөлдөхөө больсон байхыг үгүйсгэхгүй.

Зам тээврийн ослын хувьд гарцаар гараагүй явган зорчигч буруудаад, жолоочийн зөв болж үлддэг тохиолдол цөөнгүйн жишээ энэ. Аравхан настай бяцхан хүүг дайрч, амь насыг нь хөнөөсөн этгээд гэм буруугүйд тооцогдож, ял шийтгэлээс мултарсан нь хэн хүнд нэгийг бодогдуулах биз. Хурд хэтрүүлсэн ч бай, хэтрүүлээгүй ч бай хүний алтан амийг хөнөөсөн этгээд хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл энэ хэргийн хувьд “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн шиг биеэ авч явах бүрэн чадваргүй бяцхан хохирогч буруудсан нь өөрийн эрхгүй нхаарал татаж буй юм. Энгийнээр бодоод үзэхэд, зам хөндлөн гарч явсан таны, бидний хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос боллоо гэхэд ямар ч маргаангүй буруудаад, хохь нь болоод үлдэх харамсалтай дүр зураг ажиглагдаж байгаагаас эцэг эхчүүддээ үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг анхааруулж байна. Өнчин юм, өөр амийг нь нэхэх хүн байхгүй гэдэг утгаар мөрдөн байцаагч, прокурор хууль хяналтынхан энэ хэрэгт “хүнийрхэж” хандаагүй гэж найдъя.

-10 НАСТАЙ ХҮҮХЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГГҮЙ- 

Энэ хэргийн талаар Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн намар Нисэхийн Яармаг орох замд зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон хэргийн талаар ирж зөвлөгөө авсан. Гэтэл тухайн хэргийг шалгаж байсан хяналтын прокурор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан тул тухайн жолоочид үүсгэсэн Эрүүгийн хуулийн 215.3 дахь заалтад хамаарах эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарчихсан байсан. Энэ талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Энэ нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.1-д Хүн амьд явах эрхтэй. Улсын дээд шүүхээс цаазаар авах ял оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас хөнөөж бусниулахыг хатуу хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Гэтэл замын хөдөлгөөний энэ дүрэм нь Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсгийг замын хөдөлгөөний дүрмээр үгүйсгэчихэж байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 9.1-д байх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлаг хүлээлгэнэ гэсэн хууль ёсны зарчмыг бас зөрчиж байна. Энэ мэт хуулиудыг зөрчсөн байна, дүүргийн ерөнхий прокурорт хандах хэрэгтэй гэсний дагуу хандахад манай прокурорын тогтоол үнэн зөв байна гээд хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон.

Энэ тохиолдолд прокурорууд хуулийг буруу тайлбарлах замаар бусдад хүний амь нас хөнөөх боломжийг зааж өгч байна гэсэн үг. Учир нь замын хөдөлгөөний дүрмийг 10 настай хүүхэд биелүүлэх үүрэггүй байдаг. Иргэний хуулийн 16.1-д зааснаар 18 насанд хүрсэн этгээдийг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэнэ.

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээд л хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байдаг. Гэтэл 0-12 насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны, болж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй этгээдэд тооцдог. Тэгэхээр 10 настай хүүхдэд замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхийг үүрэгдээд, замын хөдөлгөөний дүрэм мөрдөөгүйгээс амь нас хохирох чинь зөв гэдэгэ байдлаар шийдэж байгаа нь тухайн хүүхдийн амьд явах эрхийг хууль бусаар зөрчиж байна, үхлийг хүртэл хэлмэгдүүлж байгаа тохиолдол болчихоод байгаа юм. Энэ бол Египет улсад 4 настай хүүхдэд ял өгчихлөө гэж шуугиж байгаатай яг адилхан. Өөрөөр хэлбэл 10 настай хүүхдэд цаазаар авах ял оногдуулчихаж байгаатай адил. Чи гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа юм чинь үхэх ёстой гэж байгаатай адил. Ийм тохиолдолд хуучнаар прокурорын мөрдөн гэж байсансан бол тусгай субъектүүдийг мөрдөн шалгах газарт өгөх шаардлагатай байгаа юм. Гэтэл ийм газар байхгүй. УМБГ-т тусгай субъектыг шалгах хэлтэс гэж байдаг боловч эрүүгийн хэрэг үүссэн хэргийг авдаг учир төвөгтэй. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн прокурорыг тус дүүргийн цагдаагийн хэлтэст өгөөд, тэндээс эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Хан-Уулын прокурорт өгнө. Хан-Уулын прокурор эрүү үүсгэсэн тохиолдолд УМБГ-т шилжих болчихоод байдаг. Тэгэхэд тус дүүргийн прокурорынхон хэзээ ч өөрсдийнхөө прокурорт эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Энэ мэт хуулийн үл зохилдлогоо их гардаг болсон нь ард иргэдийг хэлмэгдэх, амь насыг нь үнэгүйдүүлэх нөхцлийг бий болгож байгаа юм. Ингэж хуулийг буруу тайлбарласнаар нийгэмд үүсэх сөрөг үр дагавар асар өндөр.

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …