Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багийн нутагт 2015 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 хүний амь нас хохироосон, 3 хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, онц хүнд гэмт хэрэг үйлдэгдэн, гарсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Уг хэргийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч нар хяналтын камерын тусламжтайгаар сэжигтнийг илрүүлэн тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэнээр аймгийн прокурорын газраас 2015 оны 12 сарын 23-ны өдөр Э-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 03 сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Э-г танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 3 хүний биед хүнд гэмтэл учруулсан, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2 хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6, 96.2.9, 96.2.10, 91-р зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-дахь хэсэгт зааснаар нийт 25 жилийн хорих ял оногдуулан, хорих ялын заримыг буюу 8 жилийн ялыг гянданд эдлүүлэхээр, 17 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэргийг нээлттэй хэлэлцсэн ба хуралдааны зарим хэсгийг орон нутгийн “NB HD”телевиз сурвалжлан иргэдэд мэдээлсэн байна.