Ц.Энхтүвшин: МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон зарим хүний өмнөөс ичих ч багадна

entuvshin   МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Энхтүвшинтэй уулзаж ярилцлаа. МАН-ыг шинэчлэхээр зорин тэмцэж байгаа залуучууд Удирдах зөвлөлийнхөө хурлыг өнгөрсөн мягмар гарагт хийхээр багагүй хүчин чармайлт гаргасан ч МАН-ын “архагууд” нь амралтаа авч хөдөөгүүр наадам хэсч яваа учир ирц  бүрдэлгүй хурал нь хойшилжээ. Гэхдээ шинэчлэгчид найман сарын эхээр Удирдах зөвлөлийнхөө хурлыг ямар ч байсан хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

-Удирдах зөвлөлийн ху­рал чинь төлөвлөсөн өдрөө хуралд­сангүй. Ямар шалтгаан, нөхцөл үүсээд  хурлаа тодорхойгүй шалт­гаанаар хойшлуулав аа?

-Удирдах зөвлөлд байдаг хү­мүүсээс хурлын товыг дуу­лаа­гүй хүн байхгүй. Хэрвээ тэд цуглахгүй бол намын бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар бага хурлыг зарлана гээд намын дүрмэнд заачихсан байгаа. Бид Удирдах зөвлөлд хүлүүлчихсэн юм шиг сууж л байдаг хариуцлагагүй, намын шинэчлэлийг үл ойшоо­дог нөхдүүдийг хүлээгээд, ха­раад суугаад байж таарахгүй.

Бид намын бага хурлын ги­шүүдийн 1/3-ийн саналыг аваад дуусч байна. Ер нь удирдах зөвлөлд насаараа шахуу лаглайгаад сууж байгаа хариуцлага, ёс суртахуунгүй нөхдийн асуудлыг ч цэгцлэх ёстой. Зарим хү­мүүсийн санаатай үйлдлээс бо­лоод Удирдах зөвлөлийн хурал хой­шилсон ч найман сарын эх­ний долоо хоногт ямар ч байсан хурлаа хийнэ.

-МАН-ын шинэчлэлийн хо­рооны залуучуудын тавьж бай­гаа шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэр­хэн хүлээн авч байгаа вэ. Ер нь УИХ-д олон жил сууж байгаа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Энхболд, Д.Дэмбэрэл нарын гишүүдээс та нарын ажлыг дэм­жиж уулзаж ярилцсан хүн байна уу?
-МАН-ын  шинэчлэлийн  та­лаар нийгэмд танигдан дуу­гарч байгаа нь залуучууд боловч үнд­сэндээ манай намын бүх насны гишүүд дэмжигчид, удирдлагын зохих хүрээнд ч бидний ажлыг ойлгон дэмжиж байгаа хүмүүс олон бий. Энэ чухал асуудалд зөвхөн залуучууд л яваад бай­гаа юм шиг  ойлголцлын зөрүү багагүй  байна. МАН-ын арай эрчтэй, зоригтой залуучууд эхэнд нь яваад байгаа болохоос биш намаа шинэчлье, улстөрийн тулхтай хүчний хувьд улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ дорвитойхон оруулъя гэж бүх шатандаа зорьж, тэмцэж байгаа нь сүү­лийн өдрүүдэд илэрхий ажиг­лаж байгаа.
Шинэчлэлийн хө­дөл­гөөний 14 гишүүн УИХ-ын гишүүдтэйгээ байнга уул­заж, санал бодлоо со­л­илцон на­м­ын шинэчлэлийн кон­цевц бо­ловс­руулах ажилд ухаан бод­лоо уралдуулж байна. Гэх­дээ таны нэр дурдсан ги­шүү­дийн хувьд байр сууриа тодорхой илэр­хийлсэн зүйл байхгүй.
-МАН-ыг шинэчлэх хороонд НАМЗХ, НАМОХ, НИТХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-дахь МАН-ын зарим гишүүд гээд олон төлөөлөл багтсан юм билээ. Сүүлийн үед МАН-ыг ши­­нэчлэгч залуус байр суурь, тэмц­лийн арга хэлбэр, тавьж байгаа шаардлагын зөрүүгээс шалт­гаалан хэд хуваагчихаад ажил нь урагшлахгүй байгаа та­лаар шуугих боллоо. Энэ талаар сайн мэдэх хүний хувьд тайлбар хийхгүй юу?    
-МАН-ын шинэчлэлийг өөр өөрсдийн  байр  суурь,  үзэл бод­лоор харж байхыг үгүйс­гэх­гүй. Гэхдээ тэгтлээ сүрхий үл ойлголцоод, хэдэн тийшээ хараад суучихсан зүйл үнэхээр байхгүй. МАН-ын санхүүжилтийг ил бол­гож, фракциудыг нээлт­тэй  байлгая гэсэн хүмүүс бай­­на. Эцсийн эцэст МАН-ыг ши­нэч­лэх зорилго дээр нэгдэж байгаа мөртлөө шинэчлэлийг хэр­хэн хэрэгжүүлэх талаар дэс да­раалал нь өөр байх зэрэг бага зэргийн саналын зөрүү бол бий. Намын шинэчлэлийн тулгуур үзэл баримтлал дээр тэгт­лээ санал зө­рөлдсөн юм байх­гүй. Яах вэ. Зарим маань намын удирд­ла­гуудыг яаралтай шинэ­чилж, хариуцлага тооцох ёстой гэж байхад зарим нэг нь үзэл бодлын шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг.
Хамгийн гол нь МАН-ын шинэчлэлийн эхлэл нь бага, их хурлууд хуралдах ёстой гэ­дэг дээр санал нэгтэй байгаа. Ми­ний хувьд МАН-д 10-аад төр­лийн шинэчлэл хийх ёстой гэж боддог. Гэтэл зарим нөхдөд маань энэ олон шинэчлэлийг базаад цөөрүүлэх гэдэг ч юм уу бүр лавшруулаад олон төрлийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж ч үзэж байж болно.
Хамгийн гол нь олон ургальч үзэл бодлын нэгдэл нь МАН-ыг улстөрийн хүчний хувьд ялагдагч биш, ялагч нам болгоход л орших учиртай. Тэгж гэмээнэ бидний нэгдэл, тэмцэл жинхэнэ утгаараа утга учиртай болж, хожмын өдөр сайнаар дурсан яригдах болно.
-Томоохон гурван ч сонгуульд МАН ялагдсан бурууг   гишүүд, дэмжигчид нь, тэр ч байтугай жирийн ажиглагчид ч намынх нь удирдлагын  идэвхгүй, зо­риг зүрхгүй, тогтсон үзэл ба­римт­лалгүй, гуйвж дайв­сан үйл ажиллагаатай нь хол­бон шүүмжилсээр байгаа. Тэг­вэл сүүлийн үед МАН-ын дараа­гийн даргаар М.Энхболд,  У.Хүрэл­сүх хоёрын нэг нь томилогдож энэ намд шинэчлэл ерөөсөө хийг­дэхгүй гэж яригдах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ? 
-Сүүлийн хоёр намын дарга бага хурлаас сонгогдсон. Одоо бидний барьж байгаа бодлого бол бага хурлын 200 гаруй гишүүдийн лобби, бас бус юм хутгалдсан заал­наас сонгодог байдлыг халж, нийт гишүүдийнхээ дунд на­мын даргын сунгаа явуулж, ил тод, шударгаар дараагийн даргыг тодруулахаар тэмцэж бай­на. Хүнийг нь биш МАН-ыг ши­нэч­лэх хөтөлбөрийг нь сонгох нь хамгийн чухал байгаа юм. Хуучин жишгээс харвал улс эх орон, намын нийт гишүүдийн  эрх ашгийг урьтал болгохоос илүү­тэй танхимд цугласан на­мын бага хурлын гишүүн 200 гаруй хүний саналыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан нь л МАН-ын дарга болоод яваад байсан.

Одоо энэ байдлыг да­хин давтаж хэрхэвч болохгүй. Зөвхөн намын дарга гэлтгүй бусад удирдлагуудад санаархаж байгаа нөхдүүдэд ч хатуухан сануулга өгөхөд гэмгүй. Намын шинэчлэл, үзэл баримтлалын тул­гуур зарчим болох сайн хө­төлбөр танилцуулах чадвартай нэр дэвшигчдийг гаргаж ирвэл манай нам цаашдаа хөлөө олоод, улам чадавхжаад явах бо­ломж­той.
-МАН-ыг шинэчлэх хорооны залуусын ихэнхийг УИХ-ын ги­шүүн асан У.Хүрэлсүх хөтлөн авч ирж МАН, тэр ч байтугай их улстөрд оруулсан гэж яригдаад байгаа. Одоо анзаарч байхад нээрээ ч У.Хүрэлсүхийн хөтлөн авч ирсэн залуус олон байгаа нь анзаарагдаж байна. Эдгээр залуусын ард нь сууж байгаа У.Хүрэлсүх намын дарга бо­ло­хоор хүчтэйхэн хөдлөөд эхэл­сэн сурагтай. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яг Хүрэлсүхийн хөтөлж авч ирсэн хүмүүс гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой нэр устай нь бичих, зарлах хэрэгтэй л дээ. Уг нь хүмүүсийн яриад байгаа за­луу­чууд бол урьд нь бүгдээрээ л намд идэвхтэй ажиллаж, зүтгэж байсан хүмүүс шүү дээ.
-Тэгвэл  заримыг нь нэр­лэх­гүй бол болохгүй бололтой. Жи­шээ нь НАМЗХ-ны Ерөн­хий­лөгч байсан Н.Оюун-Эрдэнэ гэдэг нөхрийг яах аргагүй У.Хүрэл­сүх хөтөлж авч ирсэн гэх юм билээ. Харин өнөөх Н.Оюун-Эрдэнэ нь Харвардад су­рах мөнгө хэрэгтэй болоод УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн аж­лаа “бэлэглэчихсэн” гэж яриг­­даад байгаа л даа. Энэ нь тэ­­гээд худлаа болж байна уу?
-Би тиймэрхүү зүйлийн на­рийн ширийнийг мэдэхгүй. Гэхдээ тэр нь тэрний хүн, энэ нь ийм учиртай гэж бүхнийг Сталинч маягаар хардаж, сэр­дээд байвал цэвэр нэртэй хүн үлдэхгүй нь тодорхой. ХХI зуунд амьдарч байгаа бид ХХ зууны цуст дарангуйлагч Ста­лины маягаар, гол өрсөлдөгч Тройц­кийтой ажиллаж байсан бүх хү­нийг барьж, хорьж цаазалсан жишээгээр нь ажиллаж, асуудалд хандаж хэрхэвч болохгүй.
-МАН-ын даргыг сонгох сон­гууль ихэнхдээ тайзны ард, хөшигний араар энэ намд уд­сан хэдхэн дарга нарын ашиг сонирхол, хуйвалдаанаар явагд­­даг байсан нь нууц биш. Та бүхний баримталж байгаа да­раагийн даргаа сунгаагаар тодруулах процесс амжилттай хэрэгжих баталгаа байна уу. Ялан­гуяа УИХ дахь “архаг” ги­шүүдийн зүгээс ирэх шахалт, дай­ралт, хор найруулах ажил­ла­гааг та бүхэн урьдчилан харж, ямар нэгэн бэлтгэл хийж байна уу?
-УИХ дахь МАН-ын жаг­саал­­таар орж  ирсэн зарим ги­­шүүдийн хувьд  үнэхээр  арчаа­гүй  байдалтай байгаа нь үнэн. АН амалж аваад, ганц үг хэлэх ч зориггүй болтол нь буулгаад авчихсан. Ёстой л нөгөө загас шиг дүлий дүмбэ оргиод суугаад л байдаг нөхдүүд байгаа. Эдгээр гишүүд бидэнтэй байлдах са­наатай байгаа бол ёстой “ууч­лаарай”. Эхлээд намынхаа тө­­лөө цохилох зүрх, зоригтой бол­­­чи­хоод дараа нь бидэнтэй юм ярих хэрэгтэй.
УИХ-д МАН-ыг тө­лөөлсөн бүлэггүй удаан явах бо­ломжийг АН-д хэн олгосон юм, хэн нь байр суурь, үзэл бодлоо тууштай хамгаалж чадахгүй үхээнц ца­райлаад яваад байсан юм гэдгийг ярилцаж, хатуухан хариуцлага тооцох л ёстой. Хэн нь “Би хуулиа мэдэж байна, цаг нь болоогүй” гэж ханхалзсаар байгаад бүлэг байгуулах бо­ломжоо алдаж байсан юм гээд сай­тар нягтлан ярилцах зүйл их бий. Өнөөдөр УИХ дахь ма­най намын гишүүдийн ихэнх нь ганцхан байнгын хороонд харьяа­лагдаж байхад АН-ын ги­шүүд бүгд гурваас дөрвөн байн­гын хороонд харьяалагдаж байх жишээтэй.
-МАН-ын Удирдах зөв­лөл, УИХ-ын гишүүдийн дунд ав­лига, хээл хахууль, ал­бан ту­шаа­лын гэмт хэрэгт ороо­цолд­сон, сэжиглэгдэж байгаа олон хүн бий. Та бүхэнд намынхаа нэ­рийг  буртаглаад байгаа эд­гээр хү­­мүүстэйгээ хатуухан тоо­цоо бо­дох зориг, зүрх байна уу?
-Би  тодорхой  нэр заахгүй. Хам­­гийн гол нь бидний барим­талж байгаа зарчим бол “Та бү­хэн шал­гадаг тогтоодог газар нь очоод асуудлаа шалгуулаад, асуу­­далтай бол цаашаа яв. Асуу­дал­гүй бол наашаа ир” гэдэг л шаард­­лага тавьж байгаа. Энэ байр суурин дээрээ ч хатуу зог­сож байгаа.

 Өглөөний сонин: Д.Түвшин

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. …