Аминаас үнэтэй амь
АНУ-ын армийн түрүүч Боуи Бергдалыг “Талибан” нэг л хүнээр солихыг хүсэж байв. “Аль-Каида” ч гэсэн тэр нэг хүнийг л суллахгүй бол барьцаанд нь байсан барууны хэд хэдэн хүнийг хөнөөнө гэж сүрдүүлж байлаа. Харин өнөө цагийн хамгийн аюултай зэвсэгт хөдөлгөөн болоод байгаа “Исламын улс” Жеймс Фоли, Стивен Сотлофф нарын америк сэтгүүлчдийг, мөн Их Британийн иргэн Дэвид Хэйнс, Алан Хеннинг нарын толгойг авахаасаа өмнө өнөөх нууцлаг хүнийг суллахыг бас шаарджээ. Тэр хүн нь дэлхийн хамгийн зартай алан хядагч эмэгтэй болох Аафия Сиддики юм. Чухам ямар учиртай болоод жихадист хөдөлгөөн бүр түүнийг аврахыг хүснэ вэ?
Хоёр жилийн өмнө АНУ-ын Үндэсний аюулгүйн албаны чөлөөндөө гарсан ахмад офицерүүд Пакистаны албаныхнаас нэг санал хүлээж авчээ. Тэд 86 жил хоригдох ялаа Техас мужийн шоронд эдэлж байгаа пакистан эмэгтэйг суллах юм уу, ялыг нь хөнгөрүүлбэл 2009 оноос хойш талибуудын гарт байгаа түрүүч Бергдалыг олоход тусалъя гэсэн болзол тавьсан байна. Одоо ажиллаж буй болон өмнө нь алба хашиж байсан АНУ-ын дээгүүр албаны хэд хэдэн хүний ам алдсанаар Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар болоод аюулгүйн албаныхан иймэрхүү саналуудыг үг дуугүй буцаадаг гэнэ.
1972 оны гуравдугаар сарын 2-нд Пакистаны Карачи хотод мэндэлсэн Аафия Сиддикиг терроризмтэй тэмцэгчид Хатагтай Аль-Каида гэдэг. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг гардан гүйцэтгэгчийн нэг, одоо мөн л АНУ-д хоригдож байгаа Халид Шейх Мохаммедийн хамсаатан тэрбээр Массачусетсийн техникийн их сургууль төгсөж, Брэндисийн их сургуулиас докторын зэрэг хамгаалсан, алан хядагч гэмээргүй, америкжсан нэгэн юм. Америкийн албаныхан түүнийг 2008 онд ундны ус хордуулах цианид, химийн зэвсэг хийх болон эбола вирусийг хэрхэн тараах тухай зааварчилгаа биедээ авч явсан хэмээн баривчилжээ. Гэхдээ түүнийг болон түүний нөхөр Амжад Мухаммед Ханыг Холбооны мөрдөх товчоо нэлээн хэдэн жилийн өмнөөс сэм шалгаж байж. Сиддики их сургуульд сурдаг байхдаа буудлагын дугуйланд суралцсан, исламын шашинтнуудын хэд хэдэн холбоо, нийгэмлэгт байнга хандив өгдөг байсан, мөн 2002 оны тавдугаар сард нөхрийн хамт харанхуйд ашиглаж болох 10 мянган ам.долларын үнэ бүхий дуран, нүдний шил болон сум нэвтэрдэггүй хантааз, цэрэг армитай холбоотой ном, гарын авлага зэргийг цахим сүлжээгээр худалдаж авсан зэрэг нь сэжиг төрүүлжээ.
Нью-Йоркийн ихэр цамхаг нуран унасны дараа “Америкт амьдрах хэцүү боллоо” хэмээсээр Сиддики нутаг буцахаар нөхрөө ятгаж дөнгөсөн байна. Тэд дээрх сэжиг бүхий зүйлсийг худалдаж авсныхаа дараахан буюу 2002 оны зургадугаар сард Пакистанд хөл тавьжээ. Гурван сарын дараа тэдний гурав дахь хүүхэд мэндэлсэн ч ердөө сарын дараа буюу аравдугаар сард нь Сиддики нөхрөөсөө салав. Харин хоёр сарын дараа хуучин нөхөр болон гэрийнхэндээ гурван хүүхдээ даатгаад, “Ажил олно” гэсээр буцаад Америк явсан ч долоохон хоногийн дараа эргэж ирсэн аж. Нөхрийнх нь хожим мэдүүлснээр дээрх сэжиг бүхий зүйлсийг ан хийхэд ашиглана гэж эхнэр нь авахуулсан агаад чухам тэр үеэс Сиддики ихээхэн сэжигтэй болж, ойр тойрныхондоо хатуу ширүүн хандах болсон гэнэ.
Америкт долоо хонохдоо Сиддики “Аль-Каида”-гийн нууц ажилтны нэг Мажид Ханд шуудангийн хайрцаг нээж өгсөн гэж Холбооны мөрдөх товчоо үзсэн байдаг. Тусгай албаныхны олж мэдсэнээр тэрбээр богинохон аяллаасаа эргэж ирээд ердөө хоёр сарын дараа буюу 2003 оны хоёрдугаар сард “Аль-Каида”-гийн идэвхтэй гишүүдийн нэг, тус хөдөлгөөний тэргүүн Халид Шейх Мохаммедийн дүү Аммар аль-Балучитай Карачи хотод гэрлэжээ. Ингээд “Аль-Каида”-гийн дотоод хүрээлэлд багтсан Сиддики удалгүй Брэндисийн их сургууль дахь хуучин багш нартайгаа холбогдож, “Эмэгтэй судлаачдад ажиллах орон зай Пакистанд алга” гэсээр буцах хүсэлт тавив. Гэтэл яг энэ үеэр буюу 2003 оны гуравдугаар сарын 1-нд америкчуудад баригдсан Халид Шейх Мохаммед Сиддикиг хөдөлгөөнийхөө гол зохион байгуулагчийн нэг хэмээн мэдүүлжээ. Америк, Пакистаны хооронд олонтаа зорчсон эмэгтэйг хэдийнэ сэжиглэж байсан америкчуудын таамаг ийнхүү батлагдаж, ердөө гурван долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 25 гэхэд Аафия Сиддикиг дэлхийн хэмжээнд эрэн сурвалжлах Холбооны мөрдөх товчооны захирамж гарав. Америкчууд түүний нөхрийг мөн эрэн сурвалжилж, удалгүй баривчилсан агаад алан хядагчидтай холбоогүй хэмээн үзэж сулласан байна. Харин энэ зуур Сиддики эцэг эхийнхээ гэрээс гурван хүүхдээ аваад гуравдугаар сарын 30 гэхэд усанд хаясан чулуу шиг алга болжээ. Түүнийг бүтэн таван жилийн дараа буюу 2008 оны долдугаар сард л олсон байна. Алга болох хугацаандаа тэрбээр том хүү Ахмадынхаа хамт Афганистан, Пакистан дахь жихадист хөдөлгөөнүүдэд ажиллаж байсан мэдээ бий. Тэдгээр хөдөлгөөний дунд “Талибан”, “Жайш-и-Мохаммед” зэрэг томоохон бүлгүүд ч байж. Гэхдээ эдгээр мэдээллийг Сиддикийн ээж, эгч нар үгүйсгэдэг бол түүнийг суллахыг шаардагсад Хатагтай Аль-Каидаг Америк, Пакистаны тусгай албаныхны золиос болсон, аль нэгийнх нь барьцаанд байсан гэж үздэг.
Юутай ч түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогджээ. Сиддики Афганистаны нутагт баригдахдаа дээр дурдсан цианид тэргүүтэй химийн хэд хэдэн бодис болон эбола вирус агуулсан биологийн зэвсэг хийх тухай гарын авлага, газрын зураг зэргийг биедээ авч явав. Мөн нэрээ Салиха хэмээн худал мэдүүлж, бүр ч сэжиг төрүүлжээ. Баригдлаа гээд Сиддики амар бууж өгсөнгүй. Афганистанаас Пакистан дахь АНУ-ын цэргийн баазад хүргэгдсэн тэрбээр хамгаалагчийн бууг булааж, америк цэргүүдийн өөдөөс гал нээжээ. Тэгэхдээ “Америкчуудыг бүгдийг нь хүйс тэмтэрнэ” гэж орилж байж. Гэхдээ хүний аминд хүрээгүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй.
2010 оны есдүгээр сарын 23-нд Нэгдсэн улсын шүүхээс ял сонсохдоо ч Сиддики хүлцэнгүй байсангүй. “Америкчууд биш, еврейчүүд намайг яллаж байна. Бурхан намайг харж байгаа. Нэг л өдөр тэр та нарыг гэсгээнэ” гэж тэрбээр хэлжээ. Олон улсын хүний эрхийн зарим байгууллага, Пакистаны албаныхан болоод нөлөө бүхий хэд хэдэн хүн түүнийг шударга бус шүүлтийн хохирогч болсон гэж үздэг. Тэдний хувьд Аафия Сиддики гэгч эмэгтэй үнэхээр бусдыг хөнөөх сэдэлтэй байсан эсэх эсвэл алан хядагчидтай холбоо сүлбээтэй, үгүй нь чухал биш. Харин шүүх хурлын үеэр сэжигтний гэм бурууг нотлох эд мөрийн баримт, хурууны хээ, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг дутуу байсан нь Сиддикид туйлын шударга бус явдал болсон гэнэ
Эх сурвалж: Politik.mn