Нүүдлийн соёлын суурин соёлд сүүлийн 100 гаранхан жилийн амьдралаар амьдарч байгаа манай хүн ам, хүүхдийн хүмүүжлийн асар их ухаанаас шилжилт хөдөлгөөн хийж чадахгүй байна уу? Бид өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал болж чадаж байна уу. Энэ бас л эргэлзээтэй.
Хэт хүүхдээ шүтвэл хүмүүжлийн доголдолтой өөрийгөө тоосон “би” төвтэй хүн болон хүмүүжнэ. Бусдыг үл хайхрасан, үл хүндэтгэсэн, үл тоомсорлосон болон хүмүүжнэ. Хэт хүүхдээ тоохгүй байвал үзэл бодлоо илэрхийлж, үнэн зөв ярьж чадахгүй “надад хамаагүй” гэсэн төвтэй хүн болно.
Ийм хүн хажууд нь хүн үхэж байхад хүртэл тоохгүй, сүйхээгүй, сэтгэл гаргадаггүй, сайн дурын байгууллагад хамаарагдахгүй хувиа хичээгч юм. Иймд хүүхдийн хүмүүжил “алтан дундаж” байх ёстой байна. Тиймээс эцэг эхчүүд “амттанаар цатгахгүй, өнгөтөөр тэтгэхгүй” байх хэрэгтэй. Гэтэл бид бага насны хүүхдүүдээ эрээн цаастай чихрээр хуурч, өсвөр насанд нь эдлэл хэрэглэлээр “чамирхуулж”, насанд хүрэхэд нь сурч чадахгүй байсан ч төлбөр мөнгөөр дутаахгүй байж, бие хүн болоход нь хүүхдийг нь харж өгч тусалдаг ч эргээд сайн хүн болов уу, муу хүн болов эсэх нь тодорхойгүй байгаа юм. Миний хүүхэд юм чинь би эрхлүүлэлгүй яахав гэсэн байр сууритай хандахаар эргээд хөгшин хүн юм чинь өвдөлгүй яахав хэмээн таны өтөл насанд үл тоомсорлоно. Бид Европын орнуудыг бодвол суурин соёлын хүүхэд хүмүүжүүлэх арга зүйд суралцагүй байна.Нүүдэлчин бид өөр хоорондоо байнгын холбоо уялдаатай амьдарсаар ирсэн.
Тийм байхаас ч аргагүй соёл иргэншилтэй хүмүүн бид. Гэтэл сууринд сууж үр хүүхдүүддээ “өвлүүлнэ” гэсэн ойлголттой болж. Суурин соёлд хүүхдийн аль болох өөрсдөөсөө хол байлгаж биеийг нь даалгах учиртай байдаг байна. Тиймээс ч хөгшин Европд насанд хүрсэн иргэндээ 30-40 жилийн маш бага хүүтэй зээл олгож тусдаа гарах, эрх чөлөөтэй амьдрах, бие хүн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлдэг аж. Харин манай оронд эсэргээрэй. Хүүхдээ тусд нь гаргаж чадахгүй, гадаад дотоодын их дээд сургуульд “харамлаад” явуулдаггүй, учир утгагүй эрхлүүлж, “идье ууя, эдлэе хэрэглье” гэсэн бүрийг нь авч өгөн, үзэмж төгс хувцаслалаа ч толгой нь “хоосон” болон хүмүүжүүлж байна.
Адаглаад л ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өвөө, эмээ нар нь “зөөхдөө” дангаар нь сандал “эзэгнүүлж” суулгана. Хичнээн хүн чихэлдсэн ч үл тоомсорлох арга зүйг шууд заана. Хүүхэд ахмад настай хүнд сандал тавьж өгөхгүй байж болдог юм байна хэмээн ойлгоно. Хувааж суух, хувааж хэрэглэх, хувааж хүртэхийн тухай ойлголтгүй нэг үгээр “Монгол ухаангүй” үрстэй болох нь. Гэхдээ энэ бидний л бүтээлүүд. Гадны орны сайныг нь шүтэж өөрсдийн хүүхдүүдээ хүмүүжлийн доголдолтой болгож байна. Хүүхэд хүмүүжлийн тухайд ярихаар “багш нар нь мэднэ биз би угаас эрхлүүлсэн” юм гэдэг.
Энэ мэт өөрсдийн бүтээлийг “буруу эргүүлэн” бий болгосон бид ирээдүйд юу хүртэх бэ? Хэрсүү, хатуужилтай болгон өсгөсөн хүүхэд элдэвээр чамирхахгүй, амттанд хууртахгүй, хүнлэг иргэн болох учиртай гэж ардын ухаан номонд заасан байдаг. Тиймээс “хүүхдүүддээ эрхийг бус бэрхийг заацгаая”.
Б.Саран