Монголчууд хөршүүдээ царайчлалгүйгээр өөрсдийн гараар төмөр замаа тавихаар боллоо

Өчигдөр  Зам, тээврийн яам, Төмөр замчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан билээ. Үүнээс өмнө Энэтхэгийг Экзим банкны зүгээс төмөр зам болон дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулан тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Ингэснээр төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилж, монголчууд өөрсдөө төмөр замаа барих боломж нээгдэж байгаа юм.

20 жил дуншсан төмөр замын бүтээн байгуулалтыг дагасан дотоодын үйлдвэрлэл, ажиллах хүч гээд бид заавал томоохон хэмжээний бүтээн байгуулалтдаа хөрш орнуудаасаа хараат байж царайчлах шаардлагагүй болсныг энэ үйл явдал батлан харууллаа. Хятадын хөрөнгө оруулалттай компанигүйгээр монголчууд өөрсдөө хөрөнгөө босгож, өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж чадах дүр зураг үүгээр дуусахгүй биз ээ.

НҮҮРСЭЭ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ НЬ АВТОМАШИНААР
ТЭЭВЭРЛЭХЭЭС 2-3 ДАХИН ХЯМД-

Энэ хүрээнд Зам тээврийн сайд М.Зоригтоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Төмөр замын санхүүжилтийг бид Хятад, Оросоос гэлтгүй өөрсдөө босгож чадлаа. Эхний ээлжинд аль чиглэлийн төмөр замыг барихаар төлөвлөж байна вэ?

-Эхний ээлжид Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг тавихаар төлөвлөж байна. Саяхан Төмөртэй-Хандгайтын чиглэлийн шинэ төмөр замын ачаа тээвэрлэлтийн ажлыг эхлүүллээ. Энэ төмөр замыг монголчууд өөрсдөө 100 хувь барьж гүйцэтгэсэн. Зураг төсөл, ТЭЗҮ, суурь бүтэц, гэрэлтүүлэг, төмөр зам, дохиолол холбоо, өртөө гээд бүгдийг цогцоор нь монголчууд өөрсдөө хийсэн. Энэ бол маш том амжилт.  Бид Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барина гэж олон жил ярилаа, маргалдлаа. Гадны том хөрөнгө оруулагч л байхгүй бол болохгүй, төмөр зам барьж чадахгүй гэж ярьдаг байсан бол “үгүй юм байна, монголчууд өөрсдөө чаддаг юм байна”  гэдгийг харуулж чадлаа. Боловсон хүчин, мэргэжилтэн, дотоодын компаниуд байна. Монгол Улс хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай орон, уул уурхайн баялагтаа тулгуурлаж хөгжих ёстой гэж ярьдаг байсан. Төмөр замаа өөрсдөө тавьснаар анх удаа хүнд аж үйлдвэрийн суурийг тавьж чадлаа. “МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр Ерөө гол” компанийн гэсэн гурван гол төмөр замаар дамжиж Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн суурь бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, нийлүүлэх хүнд аж үйлдвэрийн цогц шийдлийг хийсэн.

-Нүүрсээ төмөр замаар тээвэрлэдэг болчихвол зардлын хувьд хэмнэх боломжтой юу?

-Боломжтой. Энэ бүтээн байгуулалтад ажиллах хүч 100 хувь монголчуудаас бүрдэнэ гэдгийг хэлмээр байна. Би төмөр замын компанийнхантайгаа, ажилтнуудтай нь уулзсан. “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг та нар барьж чадах уу” гэж би асуусан. Тэд “Ямар ч асуудалгүй. Зөв зохион байгуулалтаар хийвэл 6 сарын дотор барина” гэж хэлж байна. Жил гаруйхны хугацаанд 35 км төмөр зам тавьсан хүмүүс ингэж хэлж байна.  Монголчууд өөрсдөө төмөр замаа тавих цаг нь болсон. Нүүрсээ тээвэрлэхийн тулд төмөр зам хэрэгтэй байна. Тэгвэл автомашинаар тээвэрлэснээс зардал 2-3 дахин хямд байх юм. Ойрын хугацаанд бүтээн байгуулалтаа эхэлнэ гэдгийг баттай хэлье. Төмөр замын салбарын бас нэг чухал ажил бол 2009 оноос хойш ОХУ, Монгол Улсын хооронд төмөр замын транзит тээврийн хэлэлцээр хийх асуудал. Сүүлийн хэдэн сард манай яамныхан нэлээд тулж ажиллалаа. Яг одоо, энэ цаг мөчид манай яамны холбогдох дарга нар Москвад ажиллаж байна.

-ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 100 ХУВЬ МОНГОЛЧУУДЫН
ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАНА-

Төмөр замчдын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Төмөр замчдын нэгдсэн холбоо болон Зам тээврийн яам хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хэзээнээс төмөр замын ажил эхлэх вэ?

-Хөрөнгө оруулалт шийдэгдлээ л гэвэл ажил эхлэхэд бэлэн. Ямар ч байсан Энэтхэгийн тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдсэнээр бүтээн байгуулалтын ажлын эхний ажлууд шат дараатай хийгдэх болно.

-Бүтээн байгуулалтын ажил эхэлвэл ханган нийлүүлэлтээс эхлээд дотоодын компаниуд дунд тендер зарлах уу?

-Тийм. Дотоодын компаниудтайгаа л хамтарч ажиллахыг илүүд үзнэ. Бид хэдий болтол гадны компанийг харах вэ. Өмнөх төмөр замын ажилд 36 компани ажилласан. Тэгэхээр бид дотоодын компаниудтайгаа хамтраад ажиллавал энэ бүтээн байгуулалт 100 хувь монголчуудын оролцоонд тулгуурлана гэсэн үг.

-Ажиллах хүчний хувьд дотоодын ажилчдаараа 100 хувь хангаж чадна гэж харж байна уу?

-Төмөр замын 6 анги бий. Үүний 1-2 анги ажиллах бүрэн боломж бий. Улаанбаатар төмөр замд л гэхэд 360 орчим, хувийн хэвшилд 100 гаруй инженер ажиллаж байна. Төмөр замын үндсэн таван мэргэжил байдаг юм. Энэ таван мэргэжлийн 500 орчим инженер бий. Олны хүч оломгүй далай гэгчээр хүчээ зөв хуваарилах юм бол зургаан сар гэдэг боломжтой хугацаа. Тэгээд ч инженер ажилчдын хувьд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон дадлага туршлагатай болсон.

Эх сурвалж: зам тээврийн яам

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …