Still1210_00010-702x336Тавдугаар сарын 09-ны байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн 5 автомашинтай, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашинтай, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, 3 автомашинтай, Сүхбаатар сумын 10 иргэн, 1 автомашинтай, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.

Харин Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отрядаас 11 албан хаагч, 1 автомашинтай, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас 52 хүн 6 автомашинтай, Халх гол сумаас 15 иргэн, 2 автомашинтай, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.

Тиймээс хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.