Гэвч … Бид юу хийчих вэ.
Өнөөдөр тэд бүгдийг хянаж, бүгдийнх нь амыг таглачихлаа. Бүр сүүлдээ сонсох, харах, мэдээлэл авах эрх чөлөөнд халдахаар довтолж байна.
Энэ сонгуулиар тэдний санхүүжилтэй цөөн тооны телевиз, радиогоор мэдээ мэдээлэл цацагдаж, бусдынх нь эрхийг “хаасан” журмыг боловсруулж, Харилцаа холбооны зохицуулах хороогоор “хоточ банхар”-ын үүрэг гүйцэтгүүлж, хаалга үүдээ мануулчихлаа.
Тухайлбал, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгуулийн үеэр олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх үүрэг бүхий 18 сувгийн жагсаалтыг гаргажээ. Үүнд кабелийн гэх тодотголтой ганц ч суваг багтаагүй. Өөрөөр хэлбэл кабелийнханд энэ сонгууль хүртээлгүй гэж ойлгож болох нь.
Мөн олон нийтэд түргэн шуурхай мэдээ, мэдээлэл хүргэх үүрэгтэй ажилладаг сайтуудын эрх ч хязгаарлагджээ. Үнэн бодитой мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэснийг “гүтгэлэг, хуурамч мэдээ” гэх үгийн ашиглан төрийн байгууллагын удирдлагын үзэмжээр сайтуудын хэвлэн нийтлэх эрхэд халдаж байна. Уг нь гэм буруутайг шүүх л эцсийн байдлаар тогтоодог. Гэвч энэ хуулийн заалтаар төрийн байгууллагын удирдлагууд шүүхээс, шүүгчээс илүү эрх элдэхээр болж байна. Хамгийн гол нь сонгуулийн өмнө гэм буруутан болгож хорьж, цагдчихаад сонгууль өнгөрсний дараа гэм буруугүй гээд гаргачихдаг тогтчихсон дүрмийг энэ хуулийн заалтаар мэдээллийн сайтууд дээр ашиглах гэж байгаа нь харагдав.
Тэгвэл энэ чинь өөрөө ардчилал, түүний үндсэн зарчим мөн билүү. Хаана тэр чөлөөт сэтгүүлзүй, хаана тэр ардчилал байна вэ. Энэ лав бидний хүсч, дэмжсэн ардчилал биш байна.
Одоо тэд өөрсдийн мэдээллийн хэрэгслээр ямар ч цензур, шүүлтүүргүйгээр тархи угаалтаа хийх нь. Харин түүнийг нь эсэргүүцэж, шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гээд л сүрдүүлээд эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл хэвлэлийг боймлох бүрэн эрхийг АН-аас Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнд олгочихов уу гэж харагдаад байна.
Уг нь чөлөөт хэвлэл, кабелийн сувгууд, мэдээллийн сайтууд л тэдэнд ингэж дур зоргоороо аашлах, ардчиллын үнэт зүйлээ мартах хүртэлх эрх мэдлийг олгосон, дэмжсэн, хамтарч ажилласан байлтай.
Гэтэл мэдээллийн хэрэгслүүдийг “араас гарсан хүүхэд үү, өврөөс гарсан хүүхэд үү” гэдэг шиг ялгаварлаж, мэдээ, мэдээлэл түгээх бүрэн эрхэд нь ноцтойгоор халдлаа.
Ардчилсан засгийн үед л олон телевиз, сонин, мэдээллийн сайтууд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэснийхээ төлөө “үүдээ барив”. Олон Засгийн газрын нүүрийг үзсэн. Гэвч АН-ыг “арьс нөмөрсөн чоно” шиг Ардчилалын ард нуугдсан “дарангуйлагчид” байсан юм гэж яаж мэдэх билээ.
Өөрсдөө “үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө”-г ярьж төрийн сэнтийд суучихаад одоо болохоор бусдыг эрхийг хязгаарлаж, эрхээ эдэлбэл хариуцлага тооц гэсэн хууль журам баталж, түүнийгээ мөрдүүлэхээр шахан тулгаж байна гэдэг үнэхээр харамсалтай.
Амраагийн хэлдгээр “бид үнэхээр юу хийчих нь энэ вэ”. Хэвлэл мэдээллийн байгууллагыг Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч “Хоточ нохой” гэдэгсэн биш билүү. Гэтэл “ардчиллыг өмчлөгчид”-ийн буянаар хоточ нохой үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, дөрөвдэх Засаглалын чадамж суларч, иргэд “суртал ухуулга”, “магтан дуу”-гаар тархиа угаалгах нь байна.
Уг нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хамгаалсан ганц хууль, эсвэл хуулийн зүйл заалт байдаг бол түүнийгээ бариад тэмцэхсэн. Даанч алга. Тиймээс л өнөөдөр үндсэн үүргээ гүйцэтгэж чадалгүй боймлуулж, Ардчилсан дарангуйллыг хараад толгой сэгсэрч сууна.
А.Аюуш