Б.Буджаргал: Монголын хамгийн том олигархийн нэр дэвших тойрогт би өрсөлдөж ялах болно

buu

“Монгол үндэстний хүсэлд нэгдэх хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Буджаргалтай ярилцлаа.

-Та холын зайн гүйлтээр Америкт болсон тэмцээнд байр эзэлж Монголынхоо нэрийг гаргаад иржээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-29-ны хооронд болсон “Өөрийгөө ялах” гэдэг дэлхийн тэсвэр хатуужлын тэмцээнд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд би гурав дахь жилдээ оролцож байна. Анхны тэмцээнд зургаан өдрийн гүйлтэд орж 485 километр замд гүйж тавдугаар байр эзэлсэн. 2015 онд арван өдрийн гүйлтэд 487 майл буюу 779 км гүйж аравдугаар байранд орж байсан. Энэ жилийн хувьд арван өдрийн гүйлтээр 960 км буюу 601 майл гүйж дөрөвдүгээр байранд ороод ирлээ.

– Арван хоногт 960 км гүйнэ гэдэг санаанд багтамгүй. Тэр хол замд гүйх, тэсвэр хатуужлыг даван туулахад юу нөлөөлөв?

13245908_1055283614560588_1669745777_n-Энэ бол цэвэр тэсвэр хатуужлын тэмцээн байдаг учраас би тэрхүү хатуужлыг даван туулах ёстой л байсан. Монголчууд “хийвэл бүү ай, айвал бүү хий” гэж ярьдаг даа. Түүний нэгэн адилаар би айж халширсан бол энэ замыг сонгохгүй л байсан. Ер нь бие сэтгэлийн тэнхээтэй хүнийг л Монгол хүнээр төсөөлөх учиртай гэж боддог. Тэгж өөрийгөө ялан дийлж чадаж гэмээн “би Монгол хүн” гэдгээ мэдэрч дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны үр удам гэдгээрээ омогшин бахархдаг. Би гүйж явахдаа “Монголынхоо төлөө” гэж өөртөө хэлж өөрийгөө зоригжуулан гүйдэг учраас тэр хол замыг даван туулах тэсвэр хатуужлыг давж ийн амжилт үзүүлсэн байх. 960 километр гэдэг Улаанбаатраас Завхан аймаг хүртэл замыг гүйгээгээрээ туулсан гэсэн үг.

– Та энэ урт замд эх орныхоо төлөө ихийг бодсон гэлээ. Тэгвэл Монголынхоо төлөө юу хийж чадах вэ. Саяхан МАХН-ын гишүүний батлахаа авсан гэж дууллаа?

-Миний хувьд төрийн захиргаа удирдлагаар мэргэшсэн хүн. Нөгөө талаас “Зөв хөгжил агуу үндэстэн”, “Зөв амьдрал, зөв хүн” зэрэг номын зохиогч Б.Буджаргал гэдэг хүн байна.  “Монгол үндэсний хүсэлд нэгдэх” хөдөлгөөний тэргүүн, “Дэлхийн Монгол удирдагч клубын тэргүүн ”Монгол туургатны соёл урлагийн академийн тэргүүн” Зөв хөгжил” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажилтай. Өөрөө өөрийгөө хүн ялан дийлж байж дараа нь бусдын төлөө олон түмний төлөө гэсэн сэтгэлтэй болж, түүнийгээ ажил хэрэг болгох урам зоригтой болдог гэдгийг биеэрээ мэдэрсэн. Тиймдээ ч би намуудын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байхад миний үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй МАХН-ын үзэл баримтлал нийцэж байсан.

 “Хөгжлийн хувьсгал хийнэ”, арван жилийн хугацаанд хийгдэх “Монголын хөгжлийг нааш татна” гэсэн мөрийн хөтөлбөр нь ч таалагдсан. Тиймээс МАХН-д элсэн батламжаа Н.Энхбаяр даргаас гардан авлаа. Энэ нам XX зууны Монгол Улсад хийгдсэн бүтээн байгуулалт, хөгжлийн эх суурийг ч авч ирсэн.  XXI зуунд МАН-АН ээлжилж төр барьж яваа. Энэ хугацаандаа Монголын  хөгжил цэцэглэлтийг авч ирэх биш бүр “уландаа гишгэж” улс орон, ард түмэн эдийн засгийн хямралд өртөж, хүчин мөхөсдөж байгааг бүгд харж байгаа. Тиймээс энэ бүхнийг шинэчилэн өөрчилж сонгуулийн хувьсгал хийх цаг нь ирсэн гэж бодож байна. Монголын ард түмэн “сохор” сонголт хийхгүй “мэлмий хурцтай” гэдэгт найдаж байгаа.

-Улс орны өнөөгийн байдалд та тааруухан дүн тавих гээд байна. Тийм үү?

12974300_999741893445227_3691163440612156096_n

-Өнөөгийн Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Ард түмнийг ийм байдалд оруулж байгаа нөхдүүд нь ч “дампуу” өөрөө өөрийгөө л болгоё ард түмэн надад хамаагүй гэх сэтгэлээр хандахаар яаж улс орон ард түмний амьдрал сайжрах бил ээ дээ. Тэгэхээр бидний дээр гараад суучихсан суудлаасаа хэзээ ч өндийхгүй юм шиг загнаж байгаа 76-гишүүний “цусыг шингэлж” өөрөөр хэлбэл Улс орныхоо төлөө хийж бүтээе гэсэн сэтгэлтэй залуу чадалтай боловсон хүчин Монголын төрд дутагдаж байна гэх гээд байна. Тиймээс дээрх “олигархиуд” өөрсдийнхөө байгаа байдлыг ухамсарлаж суудлаа тавьж өгөх цаг нь ирсэн гэж хэлмээр байна.

-Та УИХ-д нэр дэвших гэж байгаа юм уу?

-Дэвшинэ гэж бодож байгаа.

-Нууц биш бол аль тойрогт нэр дэвших гэж байна вэ?

-Би Монголын хамгийн том улс төрч гэж өөрийгөө бодон эрдэж ард түмнийг басан доромжилж байгаа олигархийн нэр дэвших газарт л түүний өрсөлдөгчөөр дэвшиж ялах болно. Ер нь бол Өмнөговь нутгийн хүү нутагтаа л үзэж таарах байх. Өмнөговь аймаг бол Монгол төдийгүй дэлхийн хараанд өртсөн баялагтай нутаг. Энэ их баялагтай нутгаар “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг нөхөр зөвхөн өөрийгөө гоёж, өөрийнхөө өмч хөрөнгө мэт эзэмшиж, эрэл хайгуул хийж хөрөнгөжсөн хүн гэдгийг Өмнөговьчууд хүлээн зөвшөөрөх байх. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа сонгогдож найман жил УИХ-д суухдаа Өмнөговьчуудын итгэлийг алдаж тэдний сонголтыг хөсөрдүүлсэн нэртэй олигархи. Тиймээс энэ хүн өөрөө ухамсараар шинийг эрэлхийлж, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй залуучуудад суудлаа тавьж өгөх цаг нь болсон. Энэ хүн Өмнөговиор өөрийгөө нэрийддэг хэрнээ нутгийн ард түмний төлөө юу хийж бүтээсэн гэдгээ бодох цаг нь болсон. Тиймээс Өмнөговьчууд “Ажнай”-гаас салж шинэ сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

– Таны үзэл баримтлалд МАХН-ын “хөгжлийн хувьсгал” мөрийн хөтөлбөр нийцсэн гэж ярилаа. Тэгвэл Монгол Улсыг богино хугацаанд хөгжүүлэх ямар гарц байна гэж та харж байгаа вэ?

– Манай улс богино хугацаанд хөгжих бүрэн боломжтой. Бид хөгжлийн хувьсгал хийх цаг нь ирсэн учраас манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдэх л юм бол арван жилийн хугацаанд хөгжлийн хувьсгал хийж чадна гэдгийг бардам хэлж чадна. Бусад улс орны хөгжлөөс харж байхад, жишээ нь, Герман улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдах үедээ юу ч үгүй бүтэн “жорлон” ч үлдээгүйг та бид мэднэ. Тэр үед Монголчууд Оросод туслаад явж байсан боломжтой улс байж. Германы хөгжил II дайны сүйрлээс хойш бүхнээ “тэг”-ээс эхэлсэн боловч 15 жилийн хугацаанд маш хурдтайгаар хөгжиж Европын “номер нэг” эдийн засагтай улс болж чадсан байдаг. Бид гэтэл 25 жилийн хугацаанд “хөл дээрээ босох” хангалттай хугацаагаа алдсан байна. Намчирхаж талцаад байгаагийн уршиг нь бидний хөгжлийг хойш ухраагаад байна. Энэ хугацаанд цөөхөн хүн амтай уудам газар нутагтай, баялгаа зөв зохистой нэгдсэн журмаар ашиглаж чадсан бол бидэнд бусад орны жишгээр хөгжих боломж, хугацаа байсан. 25 жил гэдэг бол дэндүү урт хугацааны дампуурал юм. Арабын Эмират улс байна 1970 онд тусгаар тогтнохдоо Английн колони болоод тэмээний мах идэж, тэмээний сүү уудаг л ард түмэн байлаа. Тэр үед Монголчууд “Эрдэнэт” үйлдвэр гэх зэрэг бүрэн аж үйлдвэржчихсэн орон байсан. Яг энэ цаг хугацаанд дөнгөж тусгаар тогтнож байсан Эмират өөрийн байгалийн баялгаа ашиглан гайхалтайгаар хурдан хөгжиж чадсан байдаг. Гэтэл тэр үеэс хойш Монголчууд ч гэсэн ялгаагүй баялагтай улс яагаад одоо болтол хөгжлийн гарцаа хайж ядаад дорой буурай амьдраад байна гэдэгт л асуудал байгаа юм. Монголын баялгийг цөөн хэдэн олигархи гэр бүлээрээ ашиглаж байна. Монголын төр олигархид идэгдэж дууслаа тийм болохоор залуучууд бид тэдний нэгийг нь болтугай суудлаас нь буулгаж төр зсагийн тогтвортой байдлыг сахин хамгаалж ард түмнээ сайхан амьдруулах сонголтыг бий болгох хэрэгтэй байгаа юм гэдгийг хэлмээр байна.

-Та төрийн тэргүүнд мөн ард түмэнд захидал илгээсэн тухай номноос тань уншиж байсан юм. Төрийн тэргүүнд дөрвөн удаа захидал илгээсэн гэсэн. Энэ захидлуудад хариу ирсэн үү?

-Ямар ч хариу ирээгүй. Монгол төрийн тэргүүн иргэнийхээ дуу хоолойг сонсож, бичсэн илгээмжийг нь уншихгүй байгаагаас төрийн хүний хариуцлага гэж юм байхгүй байгааг харуулж байгаа хэрэг л дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны зорьж байгаа үйлд өндөр амжилт хүсье.

Х.Баяр-Угтах

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …