Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпорациас санаачлан зохион байгуулж байгаа “Барилгачин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” өнгөрсөн бямба гаригт SS-club-т боллоо.
Чуулга уулзалтад барилгын салбарт он удаан жил хүчин зүтгэж явсан эмэгтэйчүүд болоод тус салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй 500 барилгачин эмэгтэй оролцож салбарын сайдтай санал бодлоо солилцсон юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Барилга хот байгуулалтын Сайд З.Баянсэлэнгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэмсэг Хатагтай, ноёд оо,
Чуулганы хүндэт төлөөлөгчид өө,
Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпорациас санаачлан зохион байгуулж байгаа “Барилгачин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”д оролцогч нийт эмэгтэйчүүд, эхчүүд, охид бүсгүйчүүд, төлөөлөгчид Та бүхэндээ барилгын салбарын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Та бүхэнтэйгээ хамтдаа “Барилгачин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”ын хамгийн анхны төлөөлөгч болж байгаадаа баяртай байна.
Өрх гэрийнхээ түшиг тулгуур болсон элбэрэлт эхчүүдийн төлөөлөл, улс орныхоо хөгжлийн түүчээ болсон барилгын салбарын зүтгэлтнүүдийн төлөөлөл 500 эмэгтэйчүүд нэгэн дээвэр дор, нэгэн үзүүрт сэтгэлээр хуран чуулахаар өнөөдөр энд цуглаад байна.
Барилгын ажлын хамгийн чухал хэсгийг нуруун дээрээ үүрдэг ажилчидгүйгээр бид амжилтанд хүрэхгүй. Тиймээс тоосго барьсан өрлөгчин, нийвий атгасан шаварчин гээд жинхэнэ алтан фронтынхныг энэ чуулганд оролцоосой гэж би хүссэн юм.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн барилгын салбарын алтан фронтынхон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Эмэгтэйчүүд бид өрх гэр бүл, төр нийгмийн үүргээ эрчүүдийн нэгэн адил нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн. Түүхийн хуудаснаа нэр нь мөнхөрсөн үе үеийн монгол эмэгтэйчүүдийн улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр нь Монгол Улсын төр, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэж, чухал нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй.
Тэгвэл өмнөх үеийнхнийхээ залгамж, хойч үеийнхнийхээ холбоо болж өнөөгийн нийгэмд амьдарч байгаа та бидний хувьд нийгмийн асар их үүрэг хариуцлага ногдож байгаа бөгөөд та бид ч гэсэн улс Монголынхоо түүхийн хуудсанд бичигдэх үйл хэргийг ирээдүйдээ үлдээх ёстой юм.
Үүний тулд эмэгтэйчүүд та бид хүчирхэг, эв эетэй байх ёстой. Үүний тулд эмэгтэйчүүд бид бие биенээ дэмжих ёстой. Өнөөдрийн бидний чуулга уулзалтын зорилго ч үүнд оршиж байгаа юм.
Өнөөдөр барилгын салбарт нийт ажиллагсдын 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эрчүүдийн гэх тодотголтой энэ хүнд салбарт эрчүүдээс дутахгүй хөдөлмөрлөж байгаа бахархам эмэгтэйчүүд энд цугласан байгаа. Би та нараараа бахархдаг. Бүтээсэн болгонд чинь та бүхний оюун ухаан, хөлс хүч, сэтгэл зүтгэл шингэсэн байдаг. Босгосон бүхэнд чинь эх орны хөгжил шингэсэн байдаг. Та бүхэн маань эх орныхоо хөгжлийн ширхэг бүрийг, иргэн бүрийнхээ аз жаргалын амт бүхнийг цогцлоодог. Тиймээс та бүхнийгээ “Аз жаргалын барилгачид” гэж өргөмжилье өө.
Өнөөдөр чуулганд оролцогсдын бүртгэлээс харахад барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс болон бригад болж хамтын хүчээр ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл түлхүү иржээ. Бид төрийн байгууллагуудын чиг үүргийг ил тод шуурхай байлгах үүднээс барилгын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрлийг тодорхой хугацаатай болгосон, хүнд суртал ихтэй ажиллагаануудыг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэхээр болсон, бригадаар ажилладаг хүмүүсийг даатгалжуулж, цалингийн доод хэмжээг тогтоосон гээд та бүхний ажил амьдралтай холбоотой нэлээд зохицуулалтуудыг шинээр хийснийг дурдах нь зүйтэй. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажилд өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа техник технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх боломж бүрэн нээлттэй болж байна. Барилгын материалын үйлдвэрлэл урагштай байна. ЗГ-аас ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг сэргээснээр иргэдийн байр худалдан авах боломж болон барилгын компаниудын орон сууцны борлуулалт бага ч гэсэн нэмэгдлээ. Бага дунд орлоготой иргэдээ түрээсийн орон сууцанд хамруулахад аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдэнтэй харилцан тохиролцох зарчмаар ажиллах боломжтой боллоо.
2015 оны байдлаар МУ-ын хэмжээнд 24350 орон сууц баригдсан байна. Энэ бүтээн байгуулалтад энд цугласан хүн бүрийн хөдөлмөр хичээл зүтгэл орсон байгаа. Та бүхний оролцоотойгоор энэ онд 26120 орон сууц ашиглалтад орох тоо бий. Ийм арвин амжилт бүтээлээр бид түүхт ойгоо угтаж байнаа.
Барилгын салбарын 90 жилийн түүх бол үе үеийн барилгачид та бүхний маань нэр алдрын бичээс юм. Хөгжлийн түүхэнд үлдээсэн мөртэй, бахархах эрхтэй та нартаа МУ-д барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
*******************************
Би эрх чөлөөт нийгэмд төрсөндөө өөрийгөө азтайд тооцож, чадалтай нэгэнд нь боломж нээлттэй байдаг ардчилсан оронд төрсөндөө баярлаж явдаг эмэгтэй хүн. Эмэгтэй хүн төрийн хэрэг барих хэмжээний эрх мэдэлгүй байсан үе түүхийн хуудсанд бий. Чухам тэр цаг үед биш, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, амжилтын төлөө өрсөлдөж, өрсөлдөөнөө шударгаар үнэлүүлэх боломжтой энэ цаг үед амьдарч байгаа та бид азтай эмэгтэйчүүд. Гэвч шударгаар өрсөлдөж, чадвараа шударгаар үнэлүүлэхэд утга учир нь орших ардчилсан нийгэм бодит байдал дээр манайд хараахан бүрэлдэн тогтоогүй байгааг олон зүйл харуулж буй. Тиймээс бид өнөөдөр зөвхөн сайн сайхнаа яриад өнгөрөх бус тулгамдсан асуудлаа ч энд ярилцах нь зүйтэй.
Олон оронд нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн маань үүрэг оролцоо нэмэгдэж, үзэл бодол байр сууриа илэрхийлэх хандлага нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо буурсаар байгаа юм. Уул уурхай, олборлох болон барилгын салбар зэрэг эдийн засгийн хүчирхэг салбарт эмэгтэйчүүдийн тоо бага байна, бага болгосоор байна. Өнөөдөр эмэгтэйчүүд маань нийгмийн, үйлчилгээний болон худалдааны, эрүүл мэндийн салбарт төвлөрөн ажиллаж байна. Харин эдгээр салбарын үнэлгээ хямд байсаар байгаа юм. Өнөөдөр цалингийн хэмжээ ч эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын хувьд ялгаатай байна. Өнгөрсөн 5 жилийн байдлаар үйлдвэрлэлийн салбарт ажиллагч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 56 хувиар, бусад ажил мэргэжлийн хувьд 20-40 хувиар илүү байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 9.5 хувиар илүү байгаа албан ёсны статистик мэдээ байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын байр, цалин хөлсний хуваарилалтад жендерийн байр сууринаас хандаж байгааг харуулж байгаа юм.
Эмэгтэйчүүд бид бусдын төлөө байдаг. Хаана зовлон, зүдгүүр байна тэнд эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, хүн чанар нь очсон байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдээ дэмждэг нийгэм илүү хүнлэг болох учиртай. Тиймээс хаана ч тэр, ажилд орохоор бүртгүүлсэн, хүсэлтээ ирүүлсэн хүмүүсээс хамгийн түрүүнд эмэгтэйчүүдээ ажилд авдаг байх тийм сэтгэлзүйг эмэгтэйчүүд бид өөрсдөөсөө эхэлж төлөвшүүлж эхэлмээр байна.
Өнөөдөр ундны цэвэр усны нөөц, усны бохирдол, экологийн асуудал нийгэмд хурцаар тавигдаж байна. Барилгын болон уул уурхайн, хэрэглээний хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийддэг мэргэжилтэн хэрэгтэй байна. Барилгын салбарт орчин үеийн шинжлэх ухаан технологийн хөгжил асар хурдтай нэвтэрч байна. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд эрэлттэй байгаа эдгээр чиглэлүүдэд залуу эмэгтэйчүүд маань суралцаасай гэж би бодож байна.
Эрэгтэйчүүд аливаа ажлыг хийхдээ өөрийгөө өсөж дэвжиж, албан тушаал ахих ёстой гэдгээ нотлохыг эрмэлздэг бол харин эмэгтэйчүүд тухайн ажлаа хэнээс ч илүү хийхийг хичээдэг, хийж чадна гэдгээ нотлохыг эрмэлздэг. Гэсэн атал нүд нь гархилсан эрэгтэйг маш их ажилласан гэцгээх мөртөө ядартлаа ажилласан эмэгтэйг яагаад царай алдсан гэдэг юм бэ? Эмэгтэйчүүд бид өөрсөддөө байгаа асар их нөөц бололцоогоо ашиглаж чаддаггүй, боломж, дэмжлэгээ авч чаддаггүйд гол учир байгаа юм.
Би өнөөдөр эмэгтэй хүний хувьд зайлшгүй дурьдах хэдэн зүйл байнаа.
- Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн тоо 2030 он гэхэд 29 хувь хүртэл өсөх боловч 35 хүртэлх насны залуу эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26 хувиар буурах хандлагатай байна.
- Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, боловсролын түвшин нь шаардлага хангахгүй байх эсвэл зах зээлд эрэлт багатай зэрэг шалтгааны улмаас удаан хугацаанд ажилгүйдэлд өртөх явдал тасрахгүй байна.
- Цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэгч болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна.
- Барилга, зам тээвэр, эрүүл мэндийн салбарт осолд өртөж байгаа эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тутам өсч байна.
- Бичиг үсэг тайлагдаагүй насанд хүрэгчдийн 64% нь эмэгтэйчүүд байдаг байна.
Энэ мэтчилэн эмэгтэйчүүдтэй холбоотой сэтгэл эмзэглүүлсэн олон статисикууд байна.
Иймээс хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл хийх, ингэхдээ жендерийн болон насны бүтцийг ихээхэн харгалзаж, онцлогийг уялдуулахыг бодит амьдрал шаардаж байгаа юм. Үүнд эмэгтэйчүүд бид төр засагт дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байна.
Эмэгтэйчүүд бид зорьсон зүйлдээ тууштай байж, аливаад үргэлж эрсдлийг тооцдог. Тэгвэл зорьсон зорилго, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж гэмээ нь нийгэмд хариуцлага бий болдог. Эрсдлийг үргэлж тооцож гэмээ нь аюулгүй байдаг. Тиймээс хариуцлагатай, аюулгүй энэрэнгүй нийгмийн төлөө, өрх гэрийнхээ тэгш дүүрэн амьдралын төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүтгэл, хамтын ажиллагаагаа чиглүүлж, хамтдаа хөгжицгөөе өө.
****************
Өнөөдөр эх орон маань эзгүйдэж байна. Өнөөдөр 50 иас дээш насны ахмадууд, тахир дутуу иргэд, хүүхэд эмэгтэйчүүд голдуу эх орноо сахиж байна гэж халаглах олны яриаг та ч бас цөөнгүй сонссон байх аа. Эх оронд минь хайр хэрэгтэй байна эмэгтэйчүүд ээ.
Эрчүүд маань эмзэг байна. Чадал чансаатай нь гадаадад ажиллахаар сурахаар одож байна, Эрүүл саруул явсан тэд эрүүл мэндээ харьд гээчихээд ирж байна. Чадалгүй зарим нь архинд орж байна, ажилгүйчүүдийн эгнээг эрчүүд тэлж байна. Хамгийн гол нь энэ бүхнээс үүдэлтэй өрх гэрийн бүхий л проблемууд ээж нарын, эмэгтэйчүүдийн нуруун дээр бууж байна. Бид хамтарч өрх гэрийнхээ, улс орныхоо маргаашийн төлөө хөгжлийн бодлогоо ярилцах, зөвшилцөх, батлах, хэрэгжүүлэх, үр дүнг нь хүртэх тийм цаг хугацаанд ирээд байна
Гэрийн ажилдаа түүртэхгүй эмэгтэй төрийн ажилд түүртэхгүй гэдэг үг бий. Эмэгтэйчүүдийг нийгмийн, төрийн бүхий л түвшинд дэмжих хэрэгтэй юм. Эр хүн эрх хүндээ хайртай гэж ярьж эрчүүд омогшдог. Тэгвэл яагаад “Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай” байж болохгүй гэж. Эмэгтэйчүүд бид нэг нэгэндээ хайртай,нэгнийхээ санаа бодлыг үргэлж дэмждэг байхыг хүсч байна.
Өнөөдөр зүрхгүй сэтгэлгүйчүүд их байна. Тэгвэл эмэгтэйчүүд бид зүрхтэй сэтгэлтэй байж, бидний амьдралд бодитоор оршин буй эдгээр хүнд асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эе эвээ нэгтгэн хамтран ажиллацгаая.
Бидний бие биенээ хүлээн зөвшөөрсөн хандлага нийгмийн бүхий л салбарт, бүх газарт эргээд эмэгтэйчүүд биднийг дэмжих хандлага төлөвшихөд үнэтэй хувь нэмрээ оруулна. Тиймээс эмэгтэйчүүд ээ бие биенээ хайрлацгаая, дэмжицгээе ээ.
Энэ удаагийн арга хэмжээ Та бидэнд албан ажлын төдийгүй хувь хүмүүс хоорондын найз нөхдийн нөхөрсөг дотно харилцааг хөгжүүлэх сайхан боломж олгоно гэж итгэж байгаагаа илэрхийлье
Та нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.