Өмч, газрын харилцааныхны хэрээс хэтэрсэн үйлдлүүд илчлэгдсээр…
-Нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ажиллаж буй дарга даамлууд газар олголтыг яаж хэрэгжүүлж байсан талаар нэгдсэн шалгалт хийж эхэлжээ-
Өнгөрсөн хэд хоногт Өмч, газрын харилцааны газрын дарга даамлууд нэлээн сандарч барьц алдаж эхлээд байгаа бололтой. Учир нь, тус газрын нэр бүхий дарга нар олон сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ төрлийн хэрэгт буруутгагдаад буй дарга нарынхаа хөлд чирэгдэх вий гэсэн айдас тус газарт бий болж ажилчдаа ямар ч мэдээлэл хааш нь ч гаргаж болохгүй гэх үүргийг өгөөд байгаа аж. Тэгвэл энэ бүхнийг эцэс болгохоор нийслэлийн Засаг дарга С.Батболд АН-ын үед сугалаагаар иргэдэд олгодог байсан газрыг нээлттэйгээр өгөхөөр боллоо.
Өөрөөр хэлбэл, тэрбээр өчигдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Тэд хотын даргатай уулзахдаа нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсээд зогсохгүй иргэдээс ирсэн гомдлуудыг дахин шалгуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Ямартай ч хотын дарга С.Батболд газартай холбоотой гомдлыг яаралтай шалгана гэдгээ ч хэлж байсан юм.
Яг үнэндээ Өмч, газрын харилцааны дарга нарын башир аргаас болж олон мянган иргэн сугалаа нэрээр хохирч байжээ. Тиймээс л хотын дарга С.Батболд газар олгохдоо сугалаагаар азаа үздэг аргыг зогсоож, нээлттэй хүртээмжтэй байдлаар зохион байгуулахаар боллоо. Өнөөдөр энэхүү сугалаа гээчээс болж нийслэлийн дүүргүүдийн газрын харилцаа хариуцсан хурган дарга нар иргэдийн бичиг баримтыг ашиглан бусдад ихээхэн хэмжээний газар олгож өдгөө энэ асуудлаар өөрсдөө ороогдон хууль хяналтынхны үүдийг өдөр шөнөгүй сахихын хажуугаар хэргээс хэрхэн яаж мултрах вэ гэсэн аргыг хайх болсон байна.
Ямартай ч хууль хяналтынхан өнгөрсөн дөрвөн жилд үүссэн Өмч, газрын харилцааны газрын хууль бус байж болзошгүй үйлдлүүд, хэн гэгч этгээд хэдэн га газар, хэдэн айлын газрыг хэнд хэдэн төгрөгөөр зарсан болохыг ил болгохоор ханцуй шамлан ажилдаа оржээ.
Тиймээс нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ажиллаж буй дарга даамлууд газар олголтыг яаж хэрэгжүүлж байсан талаар нэгдсэн шалгалт, аудит хийж эхэлжээ. Энэ талаар манай сонинд нийтлэгдсэний дараа иргэд болон Өмч, газрын харилцааны мэргэжилтнүүд дарга нарынхаа хууль бус үйлдлийн талаар нэр цохон дурдаж “бидний хэлсэн энэ зүйлийг та бүхэн шалгаад үзээрэй. Олон ч газрыг өөрсдийн танил ах дүү амраг садандаа хууль бусаар олгосон” хэмээн хэлж байсан юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Батсүх БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэрэгт өдгөө шалгагдаж буй. Эхний мөрдөн байцаалтаар Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээг хятадуудад олгосон нь тогтоогдож, тус газрын мэргэжилтэн Ч, П нар нь энэ мэтчилэнгээр иргэдэд олгогдох ёстой газрыг гадны иргэдэд өндөр үнээр дамлан худалдаад зогсохгүй иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан зэрэг олон ноцтой баримт илэрсэн юм. Тэгвэл Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Тарвалин” хотхоны 400 гаруй оршин суугчийг хохироогоод байгаа талаар нэгэн иргэн бидэнд хандлаа. Тодруулбал, тус хотхоны барилгын ажлыг эхлэх үед НЕТГ-ын дарга асан Нацагдорж хотхонд нийтийн эзэмшлийн зам талбайг иймэрхүү зургаар барьж байгуулах ёстой хэмээн зургийг нь гаргаж, баталж өгсөн байдаг аж. Ингээд хотхоныг барьсан барилгын компани барилгаа барьж дуусаад нийтийн эзэмшлийн зам талбайгаа хийж эхлэх гэтэл тус талбай нь бусдад худалдагдсан байж.
Тэд арга буюу харьяа дүүргийнхээ Засаг дарга Пүрэвдаваатай удаа дараа уулзан эл асуудлыг танилцуулсны хүчинд иргэнд олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож чаджээ. Гэтэл үүний дараа Н.Батсүх нийслэлийн Өмч, газрын харилцааны газраар дээр дооргүй гүйж яваад дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон газрын гэрчилгээг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар буцаагаад сэргээлгэжээ. Тиймээс одоог хүртэл хотхоны 800 гаруй иргэн нийтийн эзэмшлийн зам талбай ч үгүй цагаан шороо татуулан амьдрахаас өөр аргагүй болжээ. Ямартай ч засаг төр солигдсон учраас дээрх хотхоныг барьсан компанийн захирлууд Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нартай биечлэн уулзаж нийтийн эзэмшлийн зам талбай хийгдэхээр зураг төсөл нь гараад байсан газар яагаад иргэнд очих болов гэдгийг тодруулахаар болсон байна.
Өмч, газрын харилцааныхан алга дарам хашааны газар авья гээд очсон жирийн иргэдийн амыг “ямар ч газар байхгүй ээ” хэмээн тагладаг. Ийм шалтгаан сонссон мянга мянган иргэн газраа өмчилж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа юм.
Гэтэл өнөө иргэдэд олддоггүй мөнөөх газрыг дүүргийн эрхтэн дархтангууд өөрсдийн танил тал, ахдүү, хамаатан садан, ялангуяа мөнгөтэй компани, Хятад иргэдэд хэдэн зуун га-гаар олгож, далд наймаа цэцэглүүлсэнийг өнгөрсөн үйл явдал харуулчихлаа. Хатуухан хэлэхэд хурган дарга нь албатуудтайгаа авлигын мөнгөө дундаа хийж дараагийн газар хаана байж болох вэ, ямар хүмүүсийн цахим үнэмлэхийг ашиглах вэ гээд эртнээс бэлтгэж бусдын газрыг хулгайн аргаар зарж байсан асуудлын зах зухаас хуулийнхэн илрүүлж эхэллээ.