Гэр хэлбэрт модон дугануудыг танилцуулж байна

p1aq5vovvj14s01fee15ruqn06e62

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх таван сүм хийдээс Гэр хэлбэрт модон дугануудын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.

Товч түүх:
Гэр хэлбэрт модон дуганууд нь Монголын үндэсний архитектурын дурсгал бөгөөд хуучин Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуган юм. Аймаг гэдэг нь Их хүрээнд шавилан суусан лам нарын шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг тус бүр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байжээ.

Нэг. Эрхэм тойны аймаг нь 1740-өөд оны үед байгуулагдаж, одоогийн дуганы модон барилга нь 1778 онд баригджээ. Өдгөө тус дуганд Дашчойлин хийдийн Сахиусны дуган байрлаж байна.

Хоёр. Вангай аймаг нь 1757 онд байгуулагдаж, одоогийн модон дуганы барилга нь 1790 оны орчим баригджээ. Өдгөө энэ дуганд Дашчойлин хийдийн Цогчин дуган байрлаж байна.

Гурав. Их хүрээний сүүлчийн 30 дахь аймгийг дуганы хамт 1903 онд VIII Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдуламд зориулан байгуулж, Эх дагины аймаг хэмээн нэрлэжээ. Эх дагины дуганыг 1940 онд зураач Л.Намхайцэрэнгийн зураг төсөл, удирдлагын дагуу циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж, түүнээс хойш 2015 онд доторх хэсэг нь шатах хүртэл Ж.Раднаабазарын нэрэмжит цирк байрлаж байв. Энэ дуган нь Монголын орчин үеийн циркийн анхны барилга юм.

Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Н.Содномын гудамжны баруун талд, Чингис хаан дээд сургуулийн баруун талд байдаг. Улаанбаатар хотын төв цэгээс зүүн хойд зүгт 500 метр зайтай.
Солбилцол:
N47 55 37.4
E106 55 14.5

Онцлог:
Монголын үндэсний архитектурын дурсгал

p1aq5vovvj1hed1ufd2l1ccutmr1

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …