Ц.Шинэбаяр: Энэ төрд шинэ сайхан юм байхгүй

jpg916139545201604041628
Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Парламентад суудалгүй намууд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойш чимээгүй байлаа. Сонгуулийн үр дүнгийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-2016 оны сонгууль  2012 оныхтой адил хар машины  луйвар болсон.  2012 оны сонгуулиар  АН, МАН хоёр  хамтарч луйвардсан. Энэ удаа  аль аль нь тохиролцсон. Гэхдээ МАН-ыг ялуулах талд луйвар булхайгаа хийсэнд гол ялгаа нь  байгаа юм. Нэг луйврыг  хоёр дахь удаагаа хийж байгаа учраас араас нь мартагнуулах, цайруулах, саармагжуулах юм их хийж байна.
Тухайлбал, АСЕМ-ын чуулга уулзалт зохион байгуулан онцгой байдал тогтоож, нийгмийн дэг журмыг хүчлэн хамгаалалт явууллаа. Мөн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадам зэрэг томоохон тэмцээнүүдийг Үндэсний олон нийтийн телевиз хаанаас санхүүжүүлж худалдаж авсан юм, онцгой эрхтэйгээр дамжуулж байна. Дээр нь ард түмнийг сатааруулах, луйвраа саармагжуулах  ажлыг бараг жилийн өмнөөс зохион байгуулсан гэж хэлж  болно.
Тэр нь  Даншиг наадам. Богдын үед бат оршил өргөж ирсэн энэ наадмыг   өнгөрсөн жил АН-ын Э.Бат-Үүл сэргээсэн бол энэ жил МАН-ын Су. Батболд үргэлжлүүлж улам  өргөжүүллээ. Улс орон даяар хавтгайруулан найр цэнгэл хийж, бүсийн наадмууд зохиож  байна. 2016 онд  Монгол Улсын түүхэнд байгаагүй олон морин уралдаан зохион байгууллаа. Энэ бүхэн  хар машины луйвар, сонгуулийн үр дүнг  сануулахгүй байх, сатааруулах, мартагнуулахын тулд зохион байгуулалттайгаар хийж байгаа ажил гэж харагдаж байна.
-МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 суудал авсан. Парламентын хүчний харьцааны тухайд та юу хэлэх вэ?
-Үүнийг урьдаас бэлдээд зурчихсан байсан шүү дээ.  МАН нийгмийн хүлээлт байсан гэж жүжиг тоглоод АН-ыг хоосон, бүлэггүй байлгаж болохгүй тэгээд ч АН-ын бүлгийнхэн хоорондоо заргалдаж шүүхдэлцдэг, бие биеэ  яаж ч мэдэх хүмүүс, нэгийгээ С.Зориг шиг ч болгож ч  чаддаг тул нэг запастай ес болгосон. Бие даагчдаас олонд танигдсаныг нь сонгож авья гээд нэгийг нь сонгосон. МАХН-аас өмнөх парламентад 11 гишүүн байсан бол 11-ийн урд талын нэгийг нь хасаад ард талын нэгийг нь үлдээгээд нэг болгоод жүжиг тоглочихсон. Энэ бол зүгээр л урьдчилаад бэлдчихсэн тоглоом. Монголд төрийн сонгууль болоогүй, энэ бол төрийн эргэлт, хуйвалдааны төр засаг. Шинэ зүйл харах, хүсэх юм байхгүй. Шинэ зүйл хийж чадах ч үгүй.
-Та ямар жишээ, баримт хэлэх бол?
-Энэ төрд шинэ сайхан юм байхгүй ээ. МАН гарч ирээд ч юм хийж чадахгүй байна шүү дээ. Жишээлбэл, Ерөнхийлөгч “Давхар дээлтэй сайд битгий томилоорой”  гэж  хэлж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг нохой хуцсан чинээ тоохгүй байна шүү дээ. Давхар дээлтэй сайд томиллоо, дэд сайд байх хэрэггүй гээд  эсэргүүцээд байсан ч баахан уяачдыг томиллоо. Төрийн нарийн бичгийн даргын суудалд  бас л уяачдыг тавилаа. Энэ хүмүүсийн чаддаг юм нь албан тушаал наймаалцах, танил талаа албан тушаалтай болгох.  Баахан баяр наадам зохион байгуулж,  хурдан морины уралдаан хийсэн  болохоор тэр хүмүүс айраг түрүү авсан олон  морьдоо зарах хэрэгтэй. Уяачид нь  албан тушаалаа худалдаж авах хэрэгтэй. Ийм л байна. Тэгэхээр шударга төрийн ажил явж байгаа юм алга.
-Парламентад суудалтай намууд сонгуульд тэр болгон эвсэл болж  орж байгаагүй. Энэ удаа дэвшил гарав уу, хэд хэдэн эвсэл бий боллоо?
-Сонгууль луйвар болох учраас биднийг  нэг уутанд хийж аваад амыг нь уях гэсэн оролдлогоор хуулиар шахаж оролцуулсан. Тэгж байгаад дотроос нь хагалах зохион байгуулалттай ажлыг хоёр том нам хийсэн. Улс төрийн намуудын үзэл суртал, байр суурь, явуулж байгаа бодлого хоорондоо ялгаатай шүү дээ. Тэгэхээр бүгд нэг болно гэдэг нь механик ойлголт юм. Нийлж нэг нэгдэл болно  гэдэг цаг хугацааны асуудал учраас хуулийг  оны өмнө арванхоёрдугаар сарын 15-ны өдөр баталж,  дараа нь дөрөвдүгээр сард хуулиа өөрчилсөн. Энэ хооронд намуудад хоорондоо нэгдэх боломж бололцоо олгоогүй. Тийм бололцоо ч байхгүй байсан.
-Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн. АН-аас  “сайн” гэх тодотголтой  маш муу хөтөлбөрүүд явуулсан. Улсын нөхцөл байдал хэцүүдлээ гэсэн байр суурийг эрх баригч намынхан Сангийн сайд, Ерөнхий сайдаасаа эхлэн мэдэгдээд байна. Засаг авахаас өмнө МАН энэ байдлыг мэдэж байсан баймаар юм. Тэгэхээр цаашид нөхцөл байдал  яах бол?
-МАН  чадна гэж засаг аваагүй. “Та нар засаг ав”  гээд хар машины эзэд өгсөн болохоос МАН чадна гэж аваагүй. Чадна гэж аваагүй учраас тэд  чадахгүй. Чадахгүйгээ ч  мэдэж байгаа. Тийм ч учраас эд нар ард түмнийг улам хүнд байдалд оруулна. Сангийн сайд  Монгол Улсын гадаад өрийн ерөнхий дүн, дотоод хуваарилалтын талаар худал мэдэгдэл өгсөн.
Гадаад өрийн тухайд Монголбанкнаас гаргасан  тоог л хэлж байна лээ. Гэтэл хувийн хэвшлийн өрийг худал хэлсэн. Хувийн хэвшлийн өр  хоёр тэрбум ам.доллар биш түүнээс  их байгаа. Тэрийг санаатайгаар нуун дарагдуулж байна лээ. Тиймээс Засгийн газар бодит үнэнийг яаралтай мэдээлэх ёстой. Засгийн газар хувийн хэвшлийн ямар компаниудад баталгаа гаргаж өгсөн бэ. Тэр компаниуд гадаад улсуудад Монгол Улсын болоод ард түмний нэрийг өр тавиад, түүнийгээ  төлөхгүй байгаа талаар Засгийн газар үнэнийг ард түмэнд хэлэх ёстой.
Ажиглаад байхад өрийн тэр  жагсаалтан дээр өөр нэмэгдсэн тоонуудыг явуулаад байгаа.  Тэрийг нэг бүрчлэн гаргах ёстой. Худал яриад, улсын нууц хэмээн хуйвалдааныг нууж  АН-ын үргэлжлэл болох юм бол МАН цаашаа явахгүй. АН үүнийг нууж байсан бол МАН илчилж, тэр компаниудыг яаралтай зарлах ёстой. Гэтэл зарлахгүй байна. Ийм байх юм бол  Засгийн газар энэ намар яаралтай огцорч үнэнийг хэлдэг Засгийн газрыг тавих ёстой. “Мэргэжлийн” гэж мэдэмхийрээд байгаа болохоос яс юман дээр мэргэжлийн юм тэдэнд алга.
-Тэгэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах гарц, ирээдүйд гэрэл гэгээ  байна уу?
-Байгаа. Харин Монгол Улс цаашид  хар машинаар төрөө сонгоод, хуйвалдааны маягаар хэдэн хүн гараад байвал  гарц гэж байхгүй болно. Одоо байгаа ганц гарц бол дахин сонгууль явуулах, үгүй бол УИХ-аа тарааж  түр  Засгийн газар байгуулах юм уу, Үндэсний зөвшилцлийн тусгай хороо байгуулж ажиллахгүйгээр урагшлахгүй.  Энэ дотор олигтой ажиллаж чадах чадвартай, мэргэжлийн хүн байхгүй. Давхар дээлтэй дээрээс нь баахан дэд сайдтай. Ядахдаа мэргэжлийн хүнээ тавьчихсан, дан дээлгүй байсан бол хариуцлага тооцох чадвартай байх байсан. Гэтэл давхар дээлтэй сайд нартайгаа хариуцлага тооцож  чадахгүй байна. Энэ бол мордохын хазгай.
 Хэдийгээр хар машинаар гарсан ч гэсэн тэд юм хийх гэж оролдож үзэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл оролдохгүй, хүсэхгүй байна. Жаран тэрбумын асуудлаа шийдэхгүй байна.  Оффошорын асуудлаа  ярихгүй байна. Уг нь шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ маргааш нь “С. Баярын долоон байрыг шалга, оффошорчдыг шалга” гэж Ерөнхий сайд  нь захирамж гаргах байх гэж бодож байсан. Мөн дэд сайд хэрэггүй, төсвийн байгууллагын орон тоог цомхотгоё хямралтай байна гэж хэлэх болов уу гэж харсан. Гэтэл эсрэгээрээ орон тоо нэмээд эхэлсэн. Тиймээс ажиллах чадваргүй Засгийн газар байна гэдэг нь  харагдаж байна.
-Тэгэхээр та Ардын намынхан  Ардчилсан намын муу жишгийг засах биш  харин ч муу муухайнх нь үргэлжлэл  болж байна гэж “Мэргэжлийн” Засгийн газрыг шүүмжилж байна уу?
 -АН-ын үед албан тушаал, Монгол Улсын эрх ашгийн том гэрээнүүдийг наймаалдаг байсан. Түүний өмнө албан тушаал, газрыг наймаалдаг байсан. Гэтэл одоо албан тушаал, газар, морь наймаалдаг уячдын Засгийн газар болчихлоо. Энэ төр, засгийг монголчууд сонгоогүй юм шүү. Монголын ард түмэн ийм сонголт хийгээгүй. МАНАН-гаас салъя гэсэн л бодолтой байсан. Түүнээс МАН-ыг лавшруулья гэж хэн ч бодоогүй. Өмнө нь энэ хоёр нам нийлээд 61 суудалтай байсан. Одоо нийлээд 74 болчихлоо. Цаана нь нэг намын төлөөлөл,  ганц бие даагч л байна.
Хоёр  том нам нийлж төрийн эрх мэдлийг авах мөрөөрөө авахгүй нэмж ард түмнээр даажигнаж байна. Суудлын тоо нь 61 байсныг 74 болгож даажигнаж байна. Энэ бол даажигнал, доромжлол, басамжлал. Энэ төр,  засгийн үйл ажиллагаа, шийдвэрийг парламентад суудалгүй намууд, миний бие  анхааралтай ажиглах болно. Анхнаасаа л давхар дээл, дэд сайдыг эсэргүүцсэн цаашдаа ч эсэргүүцнэ. Тиймээс  хууль бус энэ төрийн эсрэг дуугарахаас өөр аргагүй. Монголын ард түмэн энэ хүмүүст 2012 оны сонгуулиар  нэг луйвардуулсан, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардуулсан, одоо дахиад луйвардууллаа. Цаашид парламентад суудалгүй намууд, өнгөрсөн  сонгуульд  нэр дэвшсэн бие даагчид луйвар булхайн эсрэг, хар машины эсрэг, хар машины бууны нохойнуудын эсрэг хамтарч тэмцэхээр нэгдэж байгаа.
-Ингэхэд “Хар машин”-тай холбоотой ямар баримтууд байгаа вэ?
-2016 оны сонгуульд Чингэлтэй, Налайх дүүрэгт миний саналыг нэг хэсэгт 20 гээд  урдаас тохируулаад тэгшитгэчихсэн  байна лээ. Өмнөх сонгуульд 17-19 гээд 68 хэсэг дээр тэгшитгэчихсэн байсан. Бид луйвар булхайн бүх баримтыг Чингэлтэй, Налайх дүүргийн цагдаад өгсөн байгаа. Одоо болтол хариу өгөхгүй байгаа. Налайхад нэг хашаанд 12-20 хүнтэй өрх байна гээд бүртгэчихсэн байгаа юм. Чингэлтэйд 8-14 сонгогчтой айл өрх байгаа. Энэ бол санаатай хийсэн зүйл. Үүнийг хоёр нам, хуулийн байгууллагууд  шийдэхгүй байна.
-“Царцаа”-ны нүүдэл гэж их ярьж байгаа. Булхай луйврын нэг хэсэг нь энэ байх?
-Үүний учрыг нь сайн гаргаж ярих хэрэгтэй л дээ. Царцаа гэхэд л  дотроо хоёр янз. Тэр байтугай “жоом” гэж байна. Царцаа нь сонгуулийн үйл ажиллагаа эхэлсний дараа сонгогчийн үнэмлэхээ авсан хүн шилжиж очсоныг хэлж байгаа. “Жоом” гэдэг нь оны өмнө тухайн хороо, дүүрэгт очиж бүртгүүлээд байршсан хүмүүс юм. Гэтэл манайхан “царцаа”, “жоом” хоёроо ялгахгүй байна. Зарим царцааг “Өвлийн царцаа” гэж нэрлэж байгаа. Тухайлбал, оны дараахан очиж байршсан “Нямдоржийн царцаа” гэж яригдсан. Хаврынх нь “Баянхонгор руу нүүсэн царцаа” гэж хэвлэлээр баахан бичигдсэн шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …