Төрийн жолоог ээлжлэн атгах болсон хоёр нам тэдний шийдвэрийн золиос болсон төрийн албаны ажил, ширээ сандалны цаана бие биедээ атаархаж, жөтөөрхсөн улс төр, нэг л тушаалаар ажилгүй болсон мянга мянган иргэд, нэг үгээр “тамын тогооны үлгэр адил улс төр” гэлтэй. Тэр нам байхдаа ийм шийдвэрийг буруу гаргасан, тухайн нам нь буруугаар ажилласан гэх бие биенээ ил далд муулсан, “гоморхсон” бодлогын чанартай улс төр.
1990 он гарсаар бүгдээрээ хэлэлцээд л, буруу зөвөө яриад л, болж бүтэх талаас нь шийдвэр нь гараад л…. улс “үнэхээрийн” сайхан хөгжих нь гэж ойлгож байсан “Монголын мөрөөдлийн ардчилал” хайчив. Гэтэл санаснаар эргэхгүйгээр барахгүй нэг хэсэг нь “хагартлаа” баяжаад нөгөө хэсэг нь “үхтлээ” ядуурч байгаа бодит үр дүн. Энэ бол бидний 26 жилийн турш амьдрал, ажил мэргэжил, үр хүүхэд, өтгөс дээдсийнхээ амьдралаар мэдэрсэн ардчилал.
Гэтэл иргэд яг үнэндээ энэ төрөөс юуг хүсдэг вэ?
Ажилтай орлготой, төрийн бүхий л үйлчилгээг нэр төртэйгээр авах боломжтой, үр хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй, хүн бүр амьдралд гарах төрийн шийдвэрийн дагуу ямар нэгэн боломжтой, санхүүгийн хувьд төрөөс хараат бус ийм л ардчилал, ийм л улс төрийн бодлогыг хүсдэг. Яг үнэндээ амьдрал дээр Ардчилсан нам төр барих уу, Ардын нам төр барих эсэх нь тийм ч сонин биш гол нь зөв шийдвэр, зөв бодлого, зөв алхам, зөв зүйл л хэрэгтэй байна.
Иргэд Ардчилсан намыг дүгнэхдээ: Хийсэн бүтээсэн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц зүйлтэй ч иргэдэд сэтгэл ханамжийг өгч чаддаггүй. Зоригтой, зорилготой шийдвэрүүдтэй ч хэдхэн хүний тоглолттой гэх мэтээр ам уралдуулна. Тэд шилэн дансны тухай маш сайхан хуультай ч өөрсдийнх нь оффшор данс нь “үл үзэгдэгч” байлаа. Ардчилсан намыг төр барих үеэр шинэ дээл өмссөн мэт хот, хөдөөгүй өнгө засдаг ч “гэдэс нь хоосон” болж ирдэг гэх.
Иргэд Монгол Ардын Намыг дүгнэхдээ: Нүсэр том болж төр өргөжсөн ч шийдвэр нь жижиг байдаг. Хийсэн бүтээсэн болон шинийг санаачлан эрэлхийлсэн зүйл байдаггүй. Уул уурхай болон газрын наймаа гэх мэт иргэдийн тэр бүр оролцоод, “хушуу дүрээд” байдаггүй зүйлийг “сэмээрхэн” борлуулчихсан байдаг. Нэг үгээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр иргэдэд харагдаж байвч цаанаа үнэтэй зүйлийг тань сэмхэн “зарчихна”. Хөгшин удирдлагатай, хөгшин сэтгэхүйтэй, хөгшин ухаантай гэсэн байна.
Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хоёр нам олонх болж төр барьсан жилүүддээ хэн хэнээсээ илүү зүйлийг хийх гэж уралдан, иргэдийн итгэл хүндлэлийг авах гэж тэмүүлэн, зөв бодлого боловсруулж, зөв шийдвэр дээр тулгуурлан хоорондоо өрсөлдөх маягтайгаар дорвитойхон ажлуудыг хийн улмаар хөгжлийн дээдэд хүрч, ядууралгүй болж, амар амгалан эрүүл орчинд үр хүүхдээ өсгөн, амьдарч байна. Гэтэл бидэнд 70 сая мал, дэлхийд эхний гуравт эрэмбэгдэх баялаг байгаад ч ядуурал гэдэг зүйлээс салахгүй байна. Салгах ч хүсэлгүй улс төрийн золиос болсон иргэд. Бидэнд мөрөөдлийн ирээдүй ирэх болов уу, эрх баригч нөхөд өө.
Б.Саран