1996-2000 онд Ардчилсан намыг Засаг барьж байх үед бусдад алагдаж, эрх мэдэл албан тушаалын золиос болсон С.Зориг дараагийн Ерөнхий сайд болох гэж байсан гэдэг нь түүнийг Ардчилсан намын гишүүн байсан гэдэг шиг тов тодорхой зүйл байсан юм.
1996-2000 оны үе мэдлэг чадваргүй ч амбиц ихтэй залуучуудыг төрийн ажлын дөртэй болгох гэж зүтгүүлсэн нэг ёсны төрөөр тоглуулсан, дадлагын дөрвөн жил байсан юм. Энэ цаг хугацаанд Засгийн газар хэдэнтээ огцорч, тухай бүрт өмнөх Засгийн газрын үйлдсэн гэмт хэргүүд илрэх гээд байснаас дараагийн Ерөнхий сайдаар өөрийн хүнийг сонгох эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчээ авч байв.
Тухайн үед Засгийн газартайгаа хамт огцорсон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж залгамжлагчаараа Да.Ганболд, Э.Бат-Үүл хоёрын аль нэгийг тавихаар зүтгүүлж байв. Ингэж гэмээнэ Сэргээн босголтын банкийг дампууруулж, хөрөнгийг нь идэж шамшигдуулсан гэх хэрэг болон бусад хэргүүдийг дараад өнгөрөхийг хүсч байсан гэж эдүгээ ч улстөрчид мэр сэр ярьдаг. Тэгвэл Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын найз байгаагүй С.Зоригийг сөрөг хүчин МАХН /одоогийн МАН/ болон Ерөнхийлөгч Н.Баганбанди нар ихээхэн дэмжиж байсан юм. Нөгөө талаас С.Зоригийн аллага Сэргээн босголтын банкны хэрэг, Ерөнхий сайдын албан тушаалаас гадна “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой байсан гэдэг нь аллагын дараа ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон “Та нар яагаад С.Зоригийг алчихав” гэдэг яриа баталдаг.
Түүнчлэн С.Зориг хэний эрх ашигт хөндөлсөв, яагаад Поезд уже приехал /галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн/ гэж хэлэв, С.Зоригийн аллагын дараа гэрээс нь олдсон их хэмжээний бэлэн мөнгөнүүд яагаад гэнэт хэргийн газарт байгаагүй болж хувирав гээд их олон эргэлзээ байдаг. Мөн хэн, хэн гэгч дарга нарын тушаалаар хэргийн ул мөрийг баллаж байв мэтчилэн шалгаж тодруулах шаардлагатай олон асуудлууд байдаг. Мэдээж ингэж олон жил дарагдахад дан ганц АН-ынхан гэлтгүй МАН-ын албан тушаалтнууд ч бас оролцсон нь илэрхий байдаг. Тэгвэл хийсэн хэргийнхээ горыг хэзээ нэгэн цагт заавал үүрнэ гэдгийг мэдрүүлэх мэт 18 жил дарагдсан С.Зоригийг ахин сөхөгдөж, энэ удаад гэмт хэрэгтнүүдийг ихэд сандаргаж эхлэв. Өмнөхтэйгээ харьцуулахад энэ удаад байдал арай өөр гэдгийг Б.Булганыг бараг жил тойрон хорьж буй байдал болон Эрдэнэтээс нэр бүхий гурван хүнийг баривчилсан үйлдлээс харж болно.
Учир мэдэх хүмүүсийн ярьдгаар С.Зоригийг хөнөөсөн хүмүүс амь үрэгдэж, зөвхөн захиалагчид болон энэ хэрэгтэй холбоотой улстөрийн хүрээнд байгаа хүмүүс л амьд сэрүүн байгаа гэдэг. Тэдний зүгээс Б.Булганыг ингэж олон сар хоригдож буй байдалд барьц алдаж хөндлөнгөөс оролцох гэж, улстөрийн нөлөөлөл үзүүлэх гэж оролдсон байх магадлалтай. Ямартай ч, “маш нууц” ангилал дор явагдаж буй С.Зоригийн хэргийн мөрдөлт ямар ч байсан яст мэлхийний хурдаар урагшилж, ахиц гаргаж байгаа аж. С.Зориг амь үрэгдэхэд 16 настай байсан гэх, таксины жолооч хөнөөсөн хэрэгтээ цаазын ял сонссон Ц.Амгаланбаатарт С.Зоригийн хэргийг үүрүүлж, энэ хэргийг хаах гээд байна хэмээн шүүмжлүүлж байснаа бодвол албаныхан С.Зориг амь үрэгдсэний дараа гэрээс нь малгай нь олдсон Э.Бат-Үүлээс үс, хумс, цусны шинжилгээ авчээ.
Орон доороос олдсон гэх, дараа нь үүдний өрөөн дэх малгайны тавиур дээр байсан гэх саарал малгайны учигт албаныхан одоо нэг албан ёсны тайлбар өгч, чухамхүү малгай С.Зоригийн хэрэгтэй холбоотой юу, эсвэл түүний эхнэртэй холбоотой юу гэдгийг хэлэх биз. Ардчилсан намын үед С.Зориг алагдсан. Түүнээс хойш АН-д боломж олдохгүй болохоор С.Зоригийн хэрэг илрэхгүй байна хэмээн зарим нь үзэж байв. 2012 онд АН-д боломж олдож, цагдаа хууль шүүх Ерөнхийлөгч гээд С.Зоригийг хэргийг илрүүлэхэд шаардлагатай бүх эрх мэдэл, албан тушаал АН-д төвлөрсөн ч энэ хэрэг илрээгүй, илрүүлэх гэж хүсээгүй. Тиймээс АН-ын үед илрэхгүй юм байна гэдэг үзэл ард түмэнд бий болсон. Нөгөө талаас АН-ын үед илрээгүй энэ хэрэг МАН-ын үед илрэх байх хэмээн итгэгчид олон байна.
Жаргал