Хойд Солонгосын хойд хэсэг буюу Хабкёнгбүкду аймагт өнгөрөгөч 8-р сарын 29-нөөс энэ сарын 2-ныг хүртэл их хэмжээний бороо орсны улмаас үер болжээ.
Үүний дараа Хойд Солонгосын удирдлагууд олон улсаас тусламж хүссэн юм. Үүний дотор Монгол Улс ч гэсэн байгаа бөгөөд өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг тусламж хүсэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар хүнсний буцалтгүй тусламж нууцаар илгээж байсан манай улс энэ удаад хэрхэх нь тодорхойгүй байна. Олон улсын зүгээс Хойд Солонгосыг үерийн өмнөхөн тав дахь удаагаа цөмийн зэвсэг туршсанд ихээхэн буруушааж, зэмлэсэн.
Улс орнууд ээлж дараалан Хойд Солонгосын үйлдэлд харамсч буйгаа илэрхийлж, шүүмжлэлийн гал бүрэн унтраагүй байхад тусламж хүссэн нь зарим орныг Хойд Солонгост тусламжийн гараа сунгахгүй байхад хүргэж байна.
Тухайлбал, Өмнөд Солонгосын Хоёр Солонгосыг нэгтгэх яамнаас “Хойд Солонгосын талаас манайд тусламж хүссэн хүсэлт одоогийн байдлаар ирүүлээгүй байна. Хэрвээ тийм хүсэлт ирвэл бид хүлээн авах боломжгүй. Тус улс нь олон улсын байгууллагуудын хориг арга хэмжээг үл тоомсорлон цөмийн зэвсэг турших туршилтуудыг хийсээр ирсэн. Цөмийн зэвсэг туршихын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь ойлгомжтой. Тийм учраас манай Засгийн газар хэрхэн, юунд зарцуулагдах нь эргэлзээтэй байгаа мөнгөн тусламжийг үзүүлэх боломжгүй байна ” гэж мэдэгдсэн юм.
Сонирхуулахад, Хойд Солонгост үерийн аюул цөмийн зэвсэг туршсан бүс нутагт нүүрлэжээ. Энэ үерийн улмаас Хойд Солонгост 68 мянга гаруй иргэн орох оронгүй болжээ. Харин аймшигт үерийн улмаас хэдэн хүн амь үрэгдсэн талаарх тоо баримтыг Хойд Солонгосын талаас мэдээлээгүй байна. Албаныхны үзэж буйгаар энэ үерийн улмаас Хойд Солонгост цөөнгүй хүн амь насаа алдсан байх магадлалтай аж.
Юутай ч, энэхүү байгалийн гамшгаас болж Хойд Солонгост олон айлын орон гэр, хашаа байшин, эд хөрөнгө сүйдэн, тариан талбай усанд автаж, төмөр зам эвдэрсэн бөгөөд эдүгээ сэргээн босгох ажил үргэлжилж байгаа юм байна.