Улсын начин Б.Сугаржаргал халдлагад өртөж, хүндээр гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 28-ний шөнийн хоёр цагийн орчим Улсын их дэлгүүрийн хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Б.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь гаднаас үл таних 4 залуу орж ирэн архины шилээр толгойн тус газар луу нь цохин ухаан алдуулж гэмтээсэн байна.
Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Б.Сугаржаргалын нүүрийг сийчин зэрэмдэглэсэн нь баарны хяналтын камерт бичигдэн үлджээ.
Б.Сугаржаргалын биед халдсан уг хэргийг түүний гэр бүлийн зүгээс зохион байгуулалтай гэмт хэрэг байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Б.Сугаржаргал одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
Түүний өмгөөлөгчийн зүгээс, “Энэ хэрэг нь санаатайгааар хүний биед гэм хохирол учруулах, цаашлаад аминд халдах сэдэлтэй, урьдчилан үгсэн тохиролцсон зохион байгуулалтай гэмт хэрэг” хэмээн ярьсан байна.