УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл хийлээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэлдээ “Үйл ажиллагаа явуулж байгаа ТӨК болон хуулийн этгээд 87 компанийн өр зээлэнд судалгаа гаргасан. Нийтдээ 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна. Үүнээс 29 компанийнх нийт өр төлбөрийн 96.8 хувийг эзэлж байна. Авто тээврийн үндэсний төв, МЦХ компани, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал, зэрэг байгууллагыг шалгахад 420 саяас 1 тэрбум төгрөг хүртэл зөрчлийн дүн гарсан. Мэдээлэл технологийн үндэсний төв, МИАТ зэрэг газарт шалгалт хийж байна” гэлээ.
Тодруулбал Эдийн засаг боломжтой үед зээл, ашиггүй төсөл санхүүжүүлсэн, гадаад валютын зөрүү, удирдлагуудын хариуцлагагүй байдал, компанид ач холбогдолгүй бараа авсан, мэргэжлийн бус удирдлага сонгогдсон зэрэг нийтлэг зөрчлөөс өр үүсгэсэн байна. Цаашдаа өр авлагыг барагдуулахад чиглэсэн ажлуудыг хийж байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн хуулийн этгээдэд ТУЗ-ийн гишүүнчлэлээр нэг хүн хэд хэдэн газарт ажилладгийг зогсоож байна. Эдийн засгийн өнөөгийн хямралд чиглэл өгсний дагуу өр үүссэн асуудлыг дүгнэсэн.
Мөн “ТУЗ-ийн гишүүнээр нэг хүн олон газрыг хариуцдаг гэсэн. Үүнд зохицуулалт хийсэн. Нэг эрхэм хоёр хүртэл газарт ТУЗ-ын гишүүн байхаар журам батлагдсан. Хөдөлмөрийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлснээс дээшгүй цалин олгох. ТУЗ-ын гишүүн хурлыг хоёроос дээш удаа таслах, төрийн ажлыг хувийн ашиг сонирхолд ажиллавал чөлөөлөх, эргүүлэн татах зохицуулалт хийнэ. .
ТУЗ-ийн гүйцэтгэх захирлуудтай удаан хугацааны гэрээ хийхгүй. 6 сарын хугацаатай гэрээ хийж ажлыг дүгнэнэ. Төрийн өмчит компаниудын өр авлагыг зохицуулахад Засгийн газраас чиглэл авахаар хүргүүлсэн. Хэд хэдэн компанийг нэгтгэх тухай ярьж байна. Жишээлэхэд Автотээврийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, ТОСК, Дипломат байгууллагын үйлчилгээний газар зэрэг нь даганасан удирдлагатай гэх асуудал ярьж байна. Эрчим хүчний үндэсний хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний төв зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэгтгэх асуудал ярьж байна. Цалин хөлс урамшуулал, хэт тансаг хэрэглээ, цалин урамшууллыг багасгана.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газарт үндсэн чиглэл хүргүүлсэн. Өмч хувьчлалын хүрээнд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газар дээр нарийвчлан тогтоож чадаагүй байна. Төрийн өмчийн 5 газрыг хувьчлах тодорхой чиглэлийг гарган боловсруулж, Засгийн газарт өгч байна. Гэхдээ үүнд хүндрэл гарч байгаа. Өмнөх Засгийн газарт гарсан тогтоол шийдвэр байгаа. Тухайлбал цахилгаан станцууудыг хувьчлах уу гэдэг асуудлыг Засгийн газраас чиглэл авах хэрэгтэй. Ингэхгүй бол Төв шуудан, Төрийн банкуудыг хувьчлах асуудал ярихад нийгэмд шуугиан дэгдсэн шиг асуудал үүснэ хэмээлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа байнгын хорооны гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “1-5 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-60 сая урамшуулалтай бол 50 хувь бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулсан уу? Зарим нь 60 сая төгрөгийн цалин урамшуулал авч байна гэх юм. Мон-Атом 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нэг хүн ажилладаг. 530 сая төгрөгийн зардал гаргадаг. 530 сая төгрөгийн алдагдагтай ажилладаг. Өртэй байгууллагуудыг яаж хувьчлах вэ” гэж асуухад ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 5 сая төгрөгөөс дээш цалинг зохицуулсан.
Дунджаар 14 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг юм билээ. Тухайн компанийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогыг тогтоож байгаад цалин урамшуулал тогтоохоор зохицуулалт хийж байна. Сангийн яамнаас цалин урамшууллыг тогтоох хэрэгтэй юм билээ. Хамгийн их өртэй 30 орчим компанийг шалгаж байгаа. ТУЗ-ийн гишүүдэд сард 300 мянган төгрөгөөс дээш цалин урамшуулал өгөхгүй тогтоосон. Өр зээлийн асуудал хүндрэлтэй зүйл байна. Хамгийн өндөр цалин “ГОК” еврогоор цалинждаг. “Монгол Шуудан” 4500 ам доллар, Хөдөө аж ахуй бирж 9.4 сая төгрөг байсан 5 сая төгрөг болгож бууруулсан.
Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлал хуулиараа Сангийн яаманд явж байна. 80 гаруй компани дээр энэ асуудал яригдаж байгаа. “Мон-Атом” “Эрдэнэс Монгол”-ын харъяанд шилжсэн. Хөдөө аж ахуйн биржийнхэн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс 500 гаруй сая төгрөгийг цалин урамшуулалд өгсөн байна лээ. 37 хүнтэй мөртлөө 9 машин унадаг 9.5 сая төгрөгийн цалинтай байгууллагад хэрэглээг танаж, цалин урамшууллыг багасгаж байгаа. Одоо “МИАТ” компанийг шалгаж байна” гэж хариулав.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монгол Улсад үндэсний хэмжээний нээлттэй компани байхгүй байна. Бид зах зээлийн харилцаанд шилжээд Төрийн өмчтэй компаниуд дээр бага анхаарсан. Төрийн өмчит компаниудад зохицуулалт хийх хэрэгтэй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод томилгоог нь хийгээд байхаар алдагдалтай ажиллаад байгаа юм. Төрд байх ёстой компаниудаа гаргаад ирэх хэрэгтэй. Өр болгон муу гэж яримааргүй байна. Өнөөдөр төлж чадахгүй ч гэсэн төрийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой урт хугацаанд зээлтэй байж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг “Төрийн өмчийг үнэгүйдүүлж авах асуудал байж болохгүй.
Төрийн өмчийн манаачийн үүрэг гүйцэтгэж байх газрууд тогтвортой ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд өнгөрсөн 4 жилийн хугацаанд алдагдал нь 3 дахин нэмэгджээ. Энэ нь төрийн өөрийнх нь бодлогын алдаа юм. Өмч хувьчлалтай холбоотой асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Эдийн засаг хямралтай үед өмчөө үнэгүйдүүлэх хувьчлах нь зөв үү. Дээр нь худалдан авах мөнгөтэй хүн байгаа юу. Мөнгөтэй хэсэг үйлчлэх үйл ажиллагаа явуулж болохгүй баймаар. Өмч хувьчлалыг хязгаарлах ёстой” гэв.
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавилаа. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын чиглэлийг чанаржуулахад анхаарах хэрэгтэй гэсэн чиглэлийг байнгын хорооноос өглөө.