“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцууллаа

“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг 2017 оны 03 дугаар сарын 01-нээс ашиглахад бэлэн болсныг ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.

Шүүх, хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилготой уг системийг ХЗДХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн баг хийж гүйцэтгэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын ерөнхий газар (УЕПГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) зэрэг төрийн байгууллагууд нэгдсэн системд хамрагдсанаар гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежмент сайжрах аж.

Шүүх уг нэгдсэн системд нэгдсэнээр хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, солилцох, хувь хүний мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд татаж авах боломж бүрдэх юм. Мөн систем тойрог дотор автоматаар хэрэг хуваарилах, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох, тухайн хэргийг гурван шатны шүүх цогцоор харах, мэдээ тайланг шуурхай гаргах зэрэг ач холбогдолтойг ажлын хэсэг танилцууллаа.

“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” ашигласнаар иргэнд ач холбогдолтой талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тодруулж асуулаа. Ажлын хэсгийнхний хариулснаар иргэний хувьд зөвхөн өөртэйгээ холбоотой эрүүгийн хэргийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээс авах боломжтой юм байна.

Системээс статистик мэдээлэл, тоон баримт авах боломж хэр бүрдсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тодруулсан. Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ “Төрийн байгууллага төрийн байгууллагадаа зориулж хийсэн анхны систем гэдгээрээ энэ систем онцлог. Бусад байгууллагатайгаа уялдаатай ажиллах, дундын мэдээллийн сан ашиглах давуу талтай. Тэр утгаараа статистик мэдээлэл гаргах, ашиглах боломжтой. Энэ системийг дагалдуулж нарийвчилсан мэдээллийг боловсруулах программ хийх ч боломж бий” гэлээ.

“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн ахалж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид, ШЕЗ-ийн ажлын албаны Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс ажилласан юм.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …