Хар мууг хүн өөрөө өөртөө л бий болгодог

Аура төвүүд Улаанбаатарт гэхэд л хорь гаруй бий. Тэдний тухай үгүйсгэх, талархах янз бүрийн л яриа сонсогддог. Харин Гандантэгчинлэн хийдийн өмнө орших Аура төвийн багш, сэтгэл судлаач Я.Должинсүрэнд хүмүүс ам сайтай байдаг аж. Тэднийхээр үйлчлүүлж асуудлаа шийдсэн нэгний хүсэлтээр Я.Должинсүрэнг ярилцлагынхаа зочноор урилаа.

Аура гэж сүүлийн үед их ярьдаг боллоо. Энэ маань чухам юуг хэлээд байгаагаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-Аура гэж олон хэлэнд түгсэн нийтлэг нэршил. Хүний гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Бид нарын махан биеийн гадуур алд хэмжээнд орших орон зай. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хоосон ертөнц. Энэ хоосон ертөнц нь өөрөө гэрлийн давтамжтай байдаг. Аура нь ганц хүнд л байдаг зүйл биш. Ургамал, амьтанд бас байна. Бүхий л юм өөрөө гэрлэн давтамжтай, бидний физик бие ч гэрлийн давтамжтай. Харин нарийн гэрлэн бүрхүүл нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байж байдаг. Тэрнийг л аура гэж нэрлээд байгаа юм.

Аура гэдэг ойлголт хэдий үеэс бий болсон бэ? Монголд шашны нөлөөгөөр орж ирсэн үү, яг ямар замаар орж ирсэн бэ? Аурагийн талаар монголчууд хэр ойлголт мэдлэгтэй байгаа вэ?

– Аура гэдэг гадаад нэршил сүүлд орж ирсэн. Харин гэрлэн бие, гэрлэн бүрхүүл гэж яриад байгаа утгаараа хичнээн зуун жилийн өмнө байж л байсан зүйл шүү дээ. Их эрт үеийг элэрсэн баларсан, мухар сүсэг ноёлсон үе гэж ярьдаг. Гэтэл хүн төрөлхтөн маань тэр үед ч тодорхой хөгжил, мэдлэгтэй л байсан. Түүнээсээ сайн сайхныг нь авч хөгжүүлсээр ирсэн. Манайхан харин яагаад аураг мэдэхгүй байна вэ гэхээр бид өөрсдөө тэр мэддэг байсан, хөгжүүлж байсан зүйлээ өөрсдөө тасалчихсан. Тэр нь юу вэ гэхээр хэлмэгдүүлэлтийн он жилүүд. Тэр үед л бид өөрсдийн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн өв соёл, мэдлэг мэдээлэл, хуримтлагдан баяжсан оюуны их өвөө устгачихсан. Хамаг гэгээлэг оюунлаг хүмүүсээ, одоогийнхоор бол эрдэмтэн докторуудаа үгүй хийсэн. Тухайн үед манайд оюуны хөтөч нь шашин байсан. Манай өвөг дээдэс энэ аура гэдгийг чинь гэрлэн бүрхүүл гээд аль дээрээс л мэддэг байсан. Гэрлэн бүрхүүл буюу аураг АНУ, Герман зэрэг улсууд дэлхийн 2-р дайны үед шинжлэх ухааны аргаар судалж байсан.

Хүн аурагаа хэрхэн бүтэн байлгах вэ?

-Хүний биеийн аура буюу гэрлэн бүрхүүл нь өөрөө бүтэн байхын тулд тулгуур зүйлтэй байх ёстой. Төв мэдрэлийн систем буюу нуруу нугас дагасан хийн судал байдаг. Үүнийгээ чакра буюу хүрд гэж нэрлээд байгаа юм. Долоон хүрд бүрэн нээлттэй байвал аура бүтэн байна гэж үздэг. Тэгвэл 7 хүрдээ бүтэн байлгахын тулд гурван сууриа зөв байлгах ёстой. Өөрөөр хэлбэл зөв бодолтой, зөв үг яриатай, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Ухамсраараа цэвэр байна гэсэн үг шүү дээ.

Ухамсар цэвэр байнаа гэдэг маань хэн нэгэн хүн уурлалаа гэхэд түүнийг зөвөөр ойлгож чаддаг байнаа гэсэн үг. Хүн чамруу уурлахад өөдөөс нь уурлах биш, харин уужим хүлээцтэй байж, учир шалтгааныг нь язгуураар нь ойлгож чадах чадварыг л зөв ухамсар гээд байгаа юм. Бодол ухамсар чинь зөв байхад өөрт чинь хар энерги нэвтрэхгүй хаалттай байдаг. Энэ хүн яагаад уурлав гэдгийг зөв талаас нь харах ёстой. Ингээд юмыг зөвөөр харж чадвал аура буюу гэрлэн бүрхүүл маань тэр бүр эвдрээд гэмтээд байхгүй.

“Барилгын суурь хэдий сайн байна төдий чинээ бат бөх байна гэдэг шиг хүний суурь ухамсар, суурь хүмүүжил нь сайн байвал нийгмийн хар давалгаанд хөөс болон замхрахгүй”

Хүн харахад аура нь маш нарийн зүйл мэт боловч энгийн л асуудал. Зөв бодолтой, зөв яриатай, зөв ухамсартай байх. Энэ гурван зүйл чинь амархан шүү дээ. Энэ гурвыг бүрдүүлдэг хамгийн гол эх үүсвэр нь гэрийн хүмүүжил юм. Цэцэрлэг, сургууль, их сургууль биш. Эх-эцэг-хүүхэд гурав нийлээд нэг цөм. Гэтэл одоо үед яаж байна гэхээр ажил ажил, мөнгө мөнгө гээд үр хүүхдэдээ цаг зав гаргахаа байж. Эцэг, эх байх эрхээ эдлээд байгаа мөртлөө үүргээ биелүүлэхээ байчихсан. Тэгэхээр хүүхдийн аура буюу гэрлэн бүрхүүл зөв хөгжиж, ирээдүйнх нь сайн сайхны суурь зөв тавигдахаа больчихоод байна. 10 жилийн хүүхдүүдэд ёс зүйн хичээлийг зөв заамаар байна. Өндөр төлбөртэй том том сургуулиудад сурч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ирээдүй ямар хүн болох вэ гэхэд “Тийшээ явж тийм сургуульд сурна, тийм боловсролтой тийм хүн болно” гээд хувь хүний хөгжлөө ярьдаг. Харин улсын сургуульд очоод хүүхдүүдээс нь асуухад “Монгол улсаа хөгжүүлэхийн тулд тийм мэргэжилтэй хүн болно” гэж нийгэмч сэтгэлээр хариулж байна. Энд нэг асуудал байна аа даа.

Бидний гэрлэн бүрхүүлд болж өнгөрсөн бүх зүйлийн ул мөр давхарлагдан хураагдаж байдаг. Нэг ёсондоо архивлагдаж байдаг. Тэр нь улмаар махан биерүү нэвчдэг. Аз жаргалтай зүйл ирэхэд сайхан байна гэж мэдэрдэг, хэлдэг. Харин зовлон гунигтай үе ирэхэд бусдаас буруу хайж эхэлдэг. Хэн намайг яачихав, юу хийчихэв, хараал ерөөл хийчихэвүү гээд л… Хараал гэдэг зүйлд буруу өгөх дуртай. Тэгвэл хэн нэгэн хүн хараал хийдэггүй юм, хараалыг хүн өөрөө л өөртөө авч ирдэг юм.

Нийгэм гэдэг маань өөрөө бөөн энергийн урсгал. Цагаан, хар хоёр энергийн холилдож сүлэлдсэн урсгал. Хар энергийн дайрлага цагаан энергийнхээсээ ямагт түрүүлдэг. Цагаан энергитэй болохын тулд хувь хүн өөрөө муу энергиэсээ салж чаддаг байх ёстой. Ингэж ангижрахын тулд нөгөө 3 зөв зүйлийг өөртөө хадгалсан байх ёстой. Хар энергийг хүнээр арилгуулах биш, өөрөө устган хөөх нь хамгийн сайн. Тэгснээр цагаан энерги нь хурдан төлжиж эхэлдэг. Харин суурь хүмүүжил буруу, зөв ухамсаргүй хүн муу энергиэ устгаж чадахгүй явсаар хар энергийн хуйд ороогдож эхэлдэг. Тэгснээр хамгийн түрүүнд сэтгэхүй буюу тархи нь бохирдон гэмтдэг. Дараа нь физик бие нь гэмтдэг. Бие махбодь нь нэн амархан гэмтэж шүүрэн шанага шиг болдог. Өвчин гэдэг бол гэрлэн бүрхүүл дээр хураагдсан хар энергийн бөөгнөрөл. Өвдөнө гэдэг маань эзэндээ гомдсон эд эсийн ажил хаялт гэж онож хэлсэн байгаа юм шүү.

Хүмүүс гэрлэн бүрхүүлээ бүтэн байлгая, энергиэ нөхье, энергиэ алдахгүй байя гээд л бөөрөнхий юманд байх гээд хүсээд байдаг. Хэдий чинээ хүсэж тэмүүлнэ төдий чинээ харвуулж намнуулдаг. Тэгэхээр өнөөдрөөр л амьдар. Өнгөрсөнд юу болсон нь сонин биш. Энэ нь өөрөө гэрлэн бүрхүүлээ цэвэр авч явах нэг шат.

Хоолны дэглэмээр энергиэ нөхнө л гэнэ. Идэх хоол, агаар усаар энергиэ нөхнө л гэнэ. Хэдий зохистой хоол унд идэж, агаар усанд очлоо ч амнаасаа муу муухай үг гаргаад, муу зүйл бодоод л байвал бүх хүч хөдөлмөр талаар болно гэсэн үг. Өөрөө өөрийгөө жадлаад байгаатай л адил.

Гэрлэн бүрхүүл үргэлж бүрэн бүтэн байна гэж байхгүй биз дээ?

-Энерги сордог орчин, энергиэ алддаг ажил мэргэжил гэж байдаг. Өөрөөсөө хамааралгүй алдаад байгаа энергиэ суурь сайтай хүн бол өөрөө нөхөж чаддаг.

Энерги муу байхад хамгийн түрүүнд тархи гэмтдэг. Харин тархийг хамгаалахын тулд монголчууд эртнээс хэрэглэж ирсэн ганц бүтээгдэхүүн нь хонины сүүл. Уураг тархины хамгийн сайн тэжээл. Тиймдээ ч төвд лам нар уураг сүүл хөхөж өссөн монгол лам нартай ном хаялцаад дийлж байсан түүх ховор. Одоогийн хот хөдөөгийн хүүхдийн ялгааг харахад л тодорхой харагдана даа.

Хүмүүс хар, цагаан хэл ам гэж их ярьдаг. Тэр ер нь юуг хэлээд байна?

-Хар цагаан хэл ам гэж монголчууд эртнээс л ярьж ирсэн. Түүнээс айх шаардлага байхгүй. Хар цагаан хэл ам чамайг иднээ гэдэг чинь нэгт чи амьд байна гэсэн үг. Хоёрт аз жаргалтай байна гэсэн үг. Малыг хар цагаан хэл ам идэх үү? Тийм юм байхгүй. Гэтэл чи хүн юм чинь тодорхой хэмжээгээр хар цагаан хэл ам байх л ёстой. Гэхдээ аливаа юманд тун гэж байдаг. Тун нь хэтэрвэл хар хэл ам нь сөрөг энерги болно. Цагаан хэл ам нь тэрнээсээ ч аюултай. Хүний гэрлэн бүрхүүл мөнхийн хөдөлгөөнтэй өөрчлөгдөж байдаг эд шүү дээ.

ҮЗМЭРЧИД ХҮНИЙ БОДЛЫГ УНШИХААС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

Ямар хүмүүс ихэвчлэн аурагаа үзүүлэх гэж ирдэг вэ?

– Янз бүрийн хүмүүс ирдэг. Нэг хүн “Надад дөрвөн хараал байгаа. Тэр наана чинь гарч ирэх нь үү?” гээд ирж байсан.
Гэрлэн бүрхүүлээ эвдэж байгаа хүмүүсийн хамгийн том буруу нь бусдаас бурууг эрдэгтээ байдаг. Мөн мөнгөний шунал, бас хэн надад ямар хор учруулав, намайг яачихав гэсэн бодлууд нь гэрлэн бүрхүүлийг нь гэмтээж цоолж байдаг. Энэ нь өөрөө өөрийнхөө гараар өөрийгөө үгүй хийж байгаа гэсэн үг.

Амин орон гэдэг асар хүчтэй соронзон орон юм.
Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү гээд л монголчууд зүйр үгэндээ хүртэл гэрлэн бүрхүүлийг мэдэрч оруулсан хэлц бий.
Хэдий сайхан хувцас өмсөөд харагдах байдлаасаа сайхан харагдавч ойртоод ирэхэд хүйт даагаад байдаг хүн байдаг. Тийм хүн бол гэрлэн бүрхүүл нь эвдэрсэн, хар энергитэй гэсэн үг. Хажуугийн өөр хүнд хүртэл мэдрэгдэж байгаа юм.
Хүн ямар энергитэй байх нь өөрөөс нь шалтгаална. Бурхан будда хүртэл хүн л байсан. Хамаг оршихуйн гол амин сүнс нь хайр энэрэл. Хайр энэрлээ хүмүүн төрөлтөн гээж, буруу мууд илүү ихээр шунаж, аминч үзэл газар авснаар дэлхий ертөнц тэр чигээрээ оршихуйдаа идэгдээд устаж байна. Энэ бүхнийг гэтлэн давах гарц нь оюун ухааны гэгээрэл. Өөрөөр хэлбэл гэрлэн бүрхүүлээ томсгох, цэвэрлэх юм. Гэрлэн бүрхүүлээ томсгоход хэрэгтэй чухал зүйл нь бясалгал.

Зүй нь шашин л хүмүүний сэтгэлийг ариусгаж, хий биеийг нь засдаг байх ёстой. Гэтэл тэгж чадаж байна уу? Сүүлийн үеийн үзмэрч, домчдын эмгэнэл нь хүний бодлыг унших төдийгөөс хэтрэхгүйд байгаа юм. Жинхэнэ үзмэрч хүн бодол уншиж, сэтгэл санааг тандах биш, харин болохгүй байгаа асуудлын эх үндсийг нь олж хараад ээдрээг тайлах арга замыг нь зааж хэлэх явдал юм. Хүний бодол уншиж байгаагаас олон хүнийг салгаж, эвдрүүлж байна. Хүний бодлоос хамгийн амархан уншигддаг нь гомдол бухимдал. Гэтэл гомдлоос болж хар энерги цугладаг. Үүнийгээ хараал гэж нэрлээд хариулж байгаа нь энэ гээд хар энергийг нь яахаа мэдэхгүй нөгөө буруутан гээд байгаа хүн рүү нь шидчихдэг.

Дайрлага дайрна гэж яриад байдаг. Бас сүнс солигдоно гэж ярьдаг. Хоорондоо холбоотой үзэгдэл үү? Эсвэл хамаагүй юу?

-Сүнс солигдоно гэж байдаг. Бас дайрлага дайрах гэж бий. Сүнс нь солигдсон хүний махан бие нь хэвээрээ байх ч өөрийн гэсэн ухамсар нь байхгүй болчихдог.

Дайрлага гэдэг нь хүний гэрлэн бүрхүүлийг хий сүнс нэвт дайрч, өөрийнх нь сүнсийг хөөж гаргах үйл явц гэж ойлгож болно. Гэрлэн бүрхүүл сул, монголоор бол хийморь сүлд доройтсон үед ийм юм болдог. Тэр дайрч эвдсэн орон зайд дандаа хар энерги үүрлэнэ. Иймээс бие нь өвдөж, сэтгэл санаа нь тогтворгүй болно, сэтгэцийн хувьд огт өөр хүн болж, зан араншин нь танигдахгүй нэгэн болно. Дайрагдсан хэсгийн эд эсүүд бага багаар өвдсөөр бие махбодь ямар ч энергигүй болно. Дайрлаганы хүч нь өөрөө янз бүр байдаг.

Хүний аураг хараад хэр хэмжээний дайрлагад дайруулсныг нь тодорхойлж болох уу?

-Аурагаар олон жилийн өмнөх дайрлагыг ч харж болдог. 50 гарсан нэг эмэгтэй ирж үзүүлж байсан юм. 17-18-тайдаа Орост сурч байхдаа л дайрлаганд дайруулсан байсан. Хүнтэй суугаад хүүхэд гаргасан. Тэр хүүхдийн сүнс өөрийнх нь биш байсан. Уураг тархи, сэтгэхүй дайрсан дайрлаганы үр.

Бас 19-хөн настай мөртөө яг эмгэн шиг таяг тулсан, бөгтгөр охиныг ээж нь дагуулаад ирж байсан. Хүүхэд байхын л ийм юм гээд. Хүүхдийн цог заль, тоглож наадсан үе байгаагүй гээд. Аураг нь үзсэн чинь 2-3 настай байхад нь сүнс нь солигдсон байсан. Хадам ээжийнхээ буяны ажилд явахдаа хүүхдээ тэвэрч яваад бүдэрч унасан байгаа юм. Тэр хооронд жаахан хүүхдэд нас барсан эмгэний сүнс нь солигдоод орчихсон байсан. Тэгээд биенээс нь тэр сүнсийг нь гаргаж, өөрийх нь сүнсийг оруулсан. Дараа нь ирэхдээ цовоо сэргэлэн сайхан охин болчихсон. Өнгөрсөн хугацаанд физик бие нь өссөн мөртөө оюун санаа ухамсар нь өсөөгүй байсан.

Бурхан гэдэг нь өнгөрснөөс ирээдүйдээ үлдээсэн захиа юм. Харин бид нар тэр захиаг гүйцэд тайлж уншиж чадахгүй байна.

Бясалгалын хүчээр гэгээрэл олсон гэдэг. Бид ч бас бясалгал хийгээд байвал гэрлэн бүрхүүл маань эрүүлжиж төлжөөд байна гэсэн үг үү?

-Нэг хэсэг бөө гэж шуураад, одоо болохоор гэгээрэх гэдэг зүйлрүү шуурдаг болсон байна. Бясалгал бол сэтгэлийг ариусгах, амар амгаланг төрүүлэх зан үйл. Энэтхэг төвдийн шашин, христ гээд бүгд ая дантай байдаг. Тиймээс ч бясалгал хийхдээ энэтхэг, төвд ая дуу ашигладаг болсон байна. Гэтэл монгол хүний сэтгэхүйд уртын дуу, морин хуурын ая дан гайхамшигтай зохицдог. Төгөлдөр хуурын сонгодог ая, энэтхэг ая биш, харин уртын дуу, морин хуурын аялгуугаа сонсоод бясалгал хийхэд монгол хүний гэрлэн бүрхүүл сайжирч томрох нь шал өөр. Үүнээс тухайн хүний язгуур гэдэг ямар чухал байгааг харж болно. Бясалгаснаар энерги нөхөгдөнө. Энерги бүтэн байгаа үгүйгээ аливаа хүн мэдрэх хамгийн энгийн арга бол жирийн үед хөлөө даарч байгаа эсэхийг анзаарах явдал. Би энд хүйтэн нойтонд яваад хөл даарах тухай хэлээгүй байна шүү. Энерги нь сайн хүн хальтраад унахад гэмтэл авахгүй зүгээр л босоод ирнэ, энерги муутай аура нь гэмтсэн хүн жижиг зүйлээс ч махан бие нь амархан гэмтэмхий болдог.

Хүний аураг зассанаар эмчилгээний үр дүнд нөлөөлж болдог гэж үнэн үү?

-Гэрлэн бүрхүүлээ бүтэн болгосны дараа эмнэлгээр оношлуулахад өвчин үнэн зөв гардаг, эмчилгээний үр дүн, эдгэрэлт нь ч хурдан болдог. Онош нь тодрохгүй байсан хүмүүс гэрлэн бүрхүүлээ манайд ирж засуулсны дараа онош нь тодорсон тохиолдол олон бий.

Нэгэнт махан биед орчихсон эмгэг хуучийг бол эмнэлгээр л эмчлэнэ. Энергиэр эмчлэнэ гэдэг асуудалтай. Харин дөнгөж өвчилж эхэлж байхад нь энергиэр эмчилж болно. Учир нь хар энергийн урсгал дөнгөж түрж орж ирж байгаа гэсэн үг. Тэр үед хар энергийг нь цэвэрлээд өгчихөөр өвчин нь алга болно, үгүйдээ гэхэд эмчлэхэд амархан илааршина гэсэн үг.

Энгийн хүний гэрлэн бүрхүүл үзмэрч , лам бөө нарынхаас өөр байдаг уу?

-Ажил мэргэжлээсээ шалтгаалаад хүмүүсийн гэрлэн бүрхүүл өөр өөр байж болно. Гэхдээ лам бөө гээд илүү ауратай байна гэсэн үг биш. Сайхан гэрлэн бүрхүүлтэй энгийн хүмүүс зөндөө ирдэг. Гэрлэн бүрхүүл хэдий чинээ сайн байна, гаднаас ирж байгаа сөрөг мэдээллийг төдий чинээ хурдан мэдэрдэг. Тийм болохоор гэрлэн бүрхүүл сайтай хүмүүс жижиг зүйл болоход л мэдрээд хүрээд ирдэг. Харин гэрлэн бүрхүүл нь бүр байхгүй болчихсон хүн хар энергиндээ дасал болчихоод бүх зүйл нь болж бүтэж байгаа юм шиг явдаг. Үнэндээ бол байгаагаасаа хамаагүй илүү сайн сайхан явах ёстой хүн байж болох хамгийн доод түвшиндээ үлгэн салган яваагаа ойлгохгүй, болж байна, болгож байна гэж бодоод л зүтгэж байгаа хэрэг.

Үзмэрч лам бөө нар өөрсддөө хамгийн аюултай орчинд ажилладаг. Энгийн хүмүүсийн хардаггүй, мэдэрдэггүй зүйлстэй харьцдаг. Ямар их энерги гаргаж байж хар муутай нь ноцолддогийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

БӨӨ ХҮНИЙ АУРА БӨӨЛСНИЙХ НЬ ДАРАА АЛГА БОЛЧИХСОН БАЙДАГ

Үзмэрч, лам,бөө хүмүүс тэгэхээр хүний гэрлэн бүрхүүл рүү нэвтрэн ордог гэсэн үг үү?

– Жинхэнэ үзмэрч, бөө бол нэвтэрч чадна. Хий бие буюу гэрлэн бүрхүүл рүү орж байж л мэдээллийг авна. Хүний гэрлэн бүрхүүл рүү нэвтэрч дом засал хийхдээ тэнд байсан хар энергийг нь яахаа мэдэхгүй нэг нь бол өөртөө шууд авдаг. Хүнийг үйлийн үрээс нь салгаад, өөртөө наачихаж байна гэсэн үг. Тийм учраас үүнийг яахаа мэддэг чаддаг хүн өрөөлийг үйлийн үрээс нь салгах асуудлаар оролдох хэрэгтэй. Бөө хүмүүсийн гэрлэн бүрхүүл нь бөөлснөөс хойш хамгийн хурдандаа 3-4 хонож байж буцаж төлждөг. Яг бөөлснийх нь дараа аураг нь үзэхэд байхгүй болчихсон байдаг.

Таныг бөө болох хүмүүсийг аурагаар нь тодорхойлохдоо гаргууд гэх юм. Яаж мэддэг вэ?

-Хий бие дотор гар хүрээгүй хий бие гэж байдаг. Нэг ёсондоо аливаа юмтай холбогдоогүй, цэврээрээ байгаа гэсэн үг. Холбогдсон хий бие гэдэг нь бясалгал хийдэг ч юм уу, онго тэнгэрээ авсан хүний хий бие. Тэнгэрийн тамга гэж бий. Тэнгэрийн тамгыг хамгийн түрүүнд эх хүн нь харсан байдаг. Нялх байхад нь тэр тамга тод байдаг. Насан туршид нь байж байдаг эд биш. Томрох тусам бүдгэрч алга болдог. Өвдөх үед нь тодроод гараад ирдэг. Хүүхэд өсөж томроход энэ тамга гэрлэн бүрхүүл буюу аура руу нь шилждэг. Тиймээс бөө болох хүнийг аурагаар нь яг тодорхойлж болдог . Тэгэхээр тэнгэрийн тэмдэгтэй хүнийг багад нь ээж нь, томорсон хойно бол бөө хүн, мөн аурагаар нь мэдэж болно гэсэн үг.

Нэг хэсэг айл болгон бөөтэй болж, бөө нар хэрээс хэтэрлээ гэж халаглацгаасан. Үнэн бөө нь хэр олон, худал нь хэр их байгаа бол?

– Зарим хүмүүс дахин төрөлтийн тэмдгийг тэнгэрийн тамгатай андуурах тохиолдол бий. Удмын хараал, хорлолыг нь танихгүй онгодтой нь холбоно гэж бантагнуулсан нь ч нэлээд бий байх. Тийм болохоор бөө болохгүй хүмүүсийг бөө болгосон тохиолдол олон. Бөө гэдэг нь өөрсдийн өвөг дээдсийн сүнсийг өөрийн биед буулгаад удмынхныхаа алдаа эндлийг засаж залруулж ирсэн эртний шүтлэг. Бөө мөргөл жамаараа оршиж байсан үед нэг галд нэг л бөө байдаг байж. Харин бөөгөөр шуурч эхэлснээс хойш нэг айлд хэдэн ч бөө байдаг болох шив дээ. Аураг нь хараад бөө болохгүй хүн байна гэж хэлсээр байхад л бөө болоод алддаг хүмүүс олон бий. Бөө болох ёсгүй хүн бөөлвөл сүүлдээ хар энерги болоод муу сүнсэнд баригдаад дуусдаг. Энэ бүхнийг аурагаар нь мэдэж засаад бөө болохыг нь болиулж байсан тохиолдол надад олон бий. Бөө нар чи миний шавийг болиуллаа, чамайг хараана энэ тэр гэж сүрдүүлж байсан нь цөөнгүй. /инээв/

Бөө болно гэдэг тийм их хүсээд байх зүйл биш, тэгээд ч болох ёстой хүн нь л гарцаагүй болдог эд.

Улаанбаатар зэрэг төв суурин газрын хүмүүс өдөр тутам бухимдал ихтэй байна гэж ярьдаг. Үүнээс болоод хүмүүсийн гэрлэн бүрхүүл нь эвдрээд байна гэж ойлгож болох уу? Өдөрт ер нь хэр олон хүн танайд ирж энергиэ тодорхойлуулдаг вэ?

-Өдөртөө доод тал нь 10 хүн ирдэг. Хот маань өөрөө буруу зохион байгуулалттай учраас л хүмүүсийн бухимдал, стресс нэмэгдээд байгаа юм. Ургамал ногоо хүртэл ауратай гэсэн шүү дээ. Улаанбаатар хотод ямар модыг хамгийн их тарьж байна? Улиас шүү дээ. Хүнд эерэг сөрөг энерги гэж байдаг шиг улиас бол сөрөг энергитэй мод. Гэтэл энэ модыг Улаанбаатарааар дүүрэн тарьчихсан. Нэгэнт л сая гаран хүн амьдарч байгаа юм чинь хүн бүх юмыг зөв талаас нь харж, зөв талаас нь сэтгэж гэрлэн бүрхүүлээ өөрөө дотроос нь эвдэхгүй байх ёстой.

Аурагаа бүтэн байлгах хамгийн энгийн аргуудыг хэлж өгөөч. Жирийн хүмүүс яах ёстой вэ?

-Хүн болгон энергийн цэвэрлэгээ хийж байх ёстой. Орчин тойрондоо арц, хүж, лаа асаах гэх мэт. Бас нэг зүйл нь гэр оронд байгаа толь шил. Толио байнга цэвэрлэж байх нь маш чухал. Толь маань өөрөө сүнсэн бие буюу хий биеийн шингэх таатай орон зай болж өгдөг. Хар энергийг цуглуулж шингээж байдаг зүйл. Нэг жишээ хэлье. Манайд үзүүлсэн нэг эмэгтэйд “Танай толь болохгүй байна аа. Толио устга” гэж хэлээд явуулсан. Хэд хоногийн дараа ирээд “Хэрвээ хүн хэлсэн бол би үнэмшихгүй байлаа. Өөрийн биеэр үнэхээр сонин юм үзлээ. Хар даавуунд боогоод алхаар нүдсэн чинь хагарахгүй байна. Аргаа бараад бүтнээр нь хаячихсан. Одоо яах вэ?” гээд ирж байсан. Тэгэхээр толь тэгж хатууртлаа биеждэг байгаа юм. Толь битгий хэрэглэ гэсэн үг биш, харин өдөр болгон цэвэрлэж бай гэж л үүнийг хэлж байна. Мөн толийг муу зүйлийг шингээж аваад устгахад хэрэглэж болдог.

“Орон зайгаа хар, онгорхой хаалгаа ол. Манайхан цоожтой хаалгыг онгойлгох гээд нүдээд байдаг талтай”

Аураг багаж төхөөрөмжийн тусламжтайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж байна гээд байгаа. Энэ төхөөрөмж, программ нь хаанахынх вэ?

-Гэрлэн бүрхүүлийг тодорхойлох төхөөрөмж дэлхийн олон оронд бий. Хувь хүн өөрөө аваад хэрэглэж болох энгийнээс мэргэжлийн түвшинд оношлох нарийн багаж төхөөрөмж хүртэл байдаг. Манайх бол Оросын тоног төхөөрөмж, программаар үзэж байгаа. Бидний өвөг дээдэс аль эрт мэддэг байсан зүйл мартагдаж устаад одоо аура оношлогооны аппарат программыг Оросоос худалдаж авч байгаа юм. Нэг ёсондоо өөрсдийн мартсан зүйлээ бусдаар сэргээлгээд мөнгө төлж авч байна гэсэн үг.

Гэхдээ нэг зүйлийг хэлье. Энэ бол хүний биеийн энергийг хэмжих тодорхой өгөгдөлтэй программ. Харин энэ программаар боловсруулаад харуулж байгаа мэдээллийг хэр зөв тайлж унших нь мэргэшсэн хүний чадварын асуудал. Тийм болохоор аурагийн төв болгон мундаг гэж бодож болохгүй.

СҮГ СҮҮДЭР ДАГУУЛСНАА ШИДТЭН БОЛЛОО ГЭЖ ЭНДҮҮРЦГЭЭХ ЮМ

Тоног төхөөрөмж хэрэглэлгүй хүмүүсийн аураг харж болох уу? Ямар хүнд тийм чадвар байдаг бол?

-Бясалгал хийгээд энергийн нарийн түвшинд очсон хүмүүс бол шууд хардаг. Бас сүг сүүдэр дагуулсан, шид нь бүрдсэн нөхдүүд ч харж чадна. Сүг сүүдэр дагуулсан хүмүүс би үздэг боллоо, хардаг боллоо, далд мэлмий нээгдлээ гээд төөрөөд элдэв долоог яриад явчихдаг. Үүнийг өөрийнхөө мөн чанар уу, мөрөн дээр нь суусан муу сүнсний ажил уу гэдгийг ялгах хэрэгтэй. Аура нь сайхан гэрэлтэй бүтэн байгаад харж чадаж байвал тэр хүний ухамсар нарийн түвшинд очсон гэсэн үг.

Аурагаар нь хүний хийх ёстой ажил, эзэмших ёстой мэргэжлийг нь зөв сонгодог гэж сонссон. Хүмүүс багаасаа л би тийм мэргэжилтэй болно гээд болдог, зарим нь явцын өөр мэргэжил сонгодог. Тэгээд сонгосон мэргэжлээрээ амжилт олохгүи байх нь их. Энэ тал дээр аура оношлогоо хэр тустай вэ?

– Бололгүй яахав. Яагаад болдог вэ гэхээр хүүхэд гэдэг маань хий насаараа 13 нас хүртлээ эхийнхээ ауранд хамт байдаг. 13 нас хүртэл эхийн аура үр хүүхдээ хамгаалж байдаг. 13 нас хүрээд эхийнхээ ауранаас өөрийнхөө аураг салгадаг. Заавал 13 гээд байгаа нь билгийн тооллоор 13 -ны жил орох буюу нэг мөчлөг, өөрөөр хэлбэл хий насыг тооцоод байгаа хэрэг. Эхний нэг мөчлөг нь нялх хүүхдийн мөчлөг, дараагийн 13 жил нь балчир нас буюу өөрөө төлжин бойжих нас болоод ирж байгаа юм. Эхийнхээ ауранаас өөрийнхийгөө салгахдаа ээжийнхээ ауран дээрх бүх муу муухайг хог шүүрдэх мэт салгаад аваад явдаг. Ийм аюултай учраас 13-ны их засал гэж хийдэг. Энэ засал нь эхийн ауранаас салгаж авсан бүх муу муухай зүйлийг холдуулж өгдөг. Ингээд цэвэр ауратай болоод 18 нас хүртлээ өөрөө бэхжүүлж явдаг. Шашингүйгээр харахдаа үүнийг шилжилтийн нас гээд нэрлэчихсэн. Ажил мэргэжил гэдэг зүйл 13 насанд ауранд нь суучихсан байдаг. Аураг нь уншуулж ажил мэргэжлийг нь тодорхойлоод, яг тэрүүгээр явахад маш их амжилтад хүрдэг. Тэрийг нь л 13 насан дээр нь барьж авах ёстой.

Зарим эцэг эхчүүд ажил мэргэжлийг нь ингээд тодорхойлоод өгөхөөр үгүйсгэж л байдаг юм. Өөрсдийнх нь л мэдэх хэрэг шүү дээ. Харин хүний 18 насных нь ауран дээр хань ижил, үр хүүхдийнх нь мэдээлэл суусан байдаг.

Багадаа өвчин ороогоод байдаг хүүхдүүдийн эхийнх нь аура муу байна гэж ойлгож болох уу?

-Бага байхдаа өвдөөд байдаг хүүхдүүд хамгийн аюултай. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг томрохоос нь өмнө хий юм оролдож дайрч эхэлдэг. Энэ нь муу нь сайныгаа идэх буюу багаас нь хорлож байгаа хар энергийн урсгал. Ургийг олсон цагаас нь эхлээд хайрлах хэрэгтэй. Төмөр зүрхтэн болгох үгүй нь таны асуудал. Эцэг эхийн үүргээ ухамсарла. Ауранд аюул нүүрлэж болох ч аврал байдгийг сана.

ХҮН ӨӨРӨӨ ХИЧЭЭХГҮЙ БОЛ ДОМНОЖ ЗАСААД Ч НЭМЭРГҮЙ

Ингэхэд ямар хүнд үйлийн үр хамгийн ихээр ирдэг юм бол?

-Хүний гэрлэн бүрхүүл ямар байгаа нь цаашаагаа үйлийн үртэй холбоотой. Үйлийн үрийг нь оношлоно гэхээр ахиад цаашаа явна. Энэ бүхнийг хөөгөөд судлаад үзэхээр гомдол гэдэг маань үйлийн үрийн хамгийн эхний үе шат болж таардаг. Гомдсон хүнд үйлийн үр илүү ихээр ирдэг. Гомдлоо заавал тайлж байх хэрэгтэй. Гомдоосон хүн ч гэсэн түүнийгээ цайруулж баймаар байгаа юм.

Сүүлийн үед элдэв шашны нөлөөгөөр амьдралын утга учрыг умартсан хүмүүс олшроод байна гээд байгаа. Тархи нь кодлогдчихсон ч гэж нэрлээд байгаа. Хүмүүсийн аураг эвдээд орон зайг нь эзэгнэчихсэн байна гэж үүнийг ойлгож болох уу? Тийм хүмүүсийг аурагаар нь засаж болох уу?

– Энэ бол ухамсрын түвшний эвдрэл. Ухамсар нь эвдэрсэн бол хүссэн хүсээгүй гэрлэн бүрхүүлгүй болдог. Аура гэдэг чинь шавхагддаг эд. Харин шавхагдаж дуусдаггүй, үе удам дамжин ирдэг зүйл бол ухамсар буюу сүнс. Тэр бол шавхагддаггүй гэрлэн бие. Тиймээс ухамсарт аурагаар нөлөөлөх гэдэг бол боломжгүй зүйл. Уг байдлаасаа гарах ухамсар бодол тэр хүнд өөрт нь орж ирсэн бол түүн дээр нь дөрөөлөөд цоо шинэ хүн болгох бол болох л асуудал. Архинаас гарахтай л ижил юм. Хүн өөрөө архинаас гарна гэж хатуу шийдэж хичээхгүй л бол хичнээн засал дом, эмчилгээ хийлгээд нэмэргүй. Хүнд архинаас гарах хүсэл байвч тэрийгээ дийлэхгүй байгаа нь тэрхүү бодол дээр нь тулаад засаад өгөх тулгуур байдаггүйгээс болж байгаа юм.

Манай төвд ихэвчлэн лаагаар засал хийдэг. Гэрлэн бүрхүүлийг засах олон арга байдаг. Шашин аураг нь зөөж засдаг, бясалгал дотроос нь гадагш аураг тэлдэг, манай төв галаар буюу лаагаар муу зүйлийг нь хөөж аураг нь засдаг.

Сөрөг энергитэй хүн гэж ярьдаг? Ямар ямар энергитэй хүмүүс байдаг вэ?

Энерги сорогч, энергиэр тэтгэгч, хэвийн энергитэй хүн гэж 3 янз байдаг. Хажууд нь очиход ч юм уу уулзахад л нуруугаар хүйт даадаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол энергиэр хооллодог вампирууд, сорогчид юм. Харин бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс бол энергийн донор буюу тэтгэгчид. Тэд нар энергиэ бусдад түгээдэг, соруулсан ч нөхөж чаддаг. Энерги сорогч болон энергиэр тэтгэгч хоёр хамтдаа байж болдог. Харин энерги сордог хүнтэй хэвийн энерги ауратай хүн хэзээ ч хамт байж чаддаггүй. Соруулсаар байгаад аура ч үгүй, амьдрал ч үгүй болоод эцэст нь яагаа ч үгүй эрт нас бардаг.

Энерги сордог хүнээс хамгаалах энгийн арга гэж байх уу?

– Ямар ч хүнтэй анх удаагаа уулзахдаа, эсвэл сөрөг энерги мэдэрч байвал хоёр гараа нийлүүлж барих, сууж байгаа тохиолдолд хөлөө зөрүүлэн шагайгаараа нийлүүлэн суухад л болно. Энэ нь энергийн хүрдээ гадагш гаргахгүй түгжиж байгаа хамгийн энгийн арга юм.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа. Хүмүүс минь бие биендээ хайр энэрэл түгээж, үргэлж эерэг сайхан энергитэй байхыг хичээгээрэй гэж хүсье. Хүн бүр зөв энергитэй бол айл гэр зөв энергитэй болно. Айл болгон зөв энергитэй бол хот суурин болгон зөв энерги хуримталж, бухимдал стресс гэдгийг хотлоороо мартана шүү дээ. Үүний тулд сэтгэл, үг, үйлдлээ зөв байлгацгаая.

Аура төвийн багш, сэтгэл судлаач Я.Должинсүрэн-тэй 99464647 утсаар холбогдоорой

©duuren.mn

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …