Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын хөгжлийнэрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран зохион байгуулж буй “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” сэдэвт сургалт (2017.02.15) эхэллээ. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, зорилго, ач холбогдол, онцлогийн талаар танилцууллаа. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, олон улсын Гэр бүлийн шүүхийн сайн туршлагыг судлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой сургалт гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн энэ төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлахад гэр бүлийн харилцаа, гэр бүлийн сэтгэл зүйн онцлог, жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, түүний онцлогийг харгалзан үзэх хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор уг сургалтыг зохион байгуулж байгааг хэллээ.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Төв, Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид сургалтад оролцож байгаа юм. Сургалтын эхний өдөр Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн харилцааны онцлог, гэрлэлтийн сэтгэл ханамж буурч, зөрчил үүсэх шалтгаан” сэдвээр хичээл заалаа. Мөн Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш Ө.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан нар “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт үр дагавар” сэдвээр хичээл заасан юм. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн онцлог”-ын талаар Баянгол дүүргийн хяналтын прокурор Б.Бямбадагва, өмгөөлөгч С.Энхцэцэг нар сургалт явууллаа.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны практик, тулгамдаж буй асуудлын талаар эвлэрүүлэн зуучлагчидтай ярилцаж, бэрхшээлээс хэрхэн гарах, гадаад орнуудын сайн туршлагыг нутагшуулах талаар зөвлөсөн юм. Сэтгэл судлаач Ц.Энхжаргал эвлэрүүлэн зуучлагчид шаардлагатай харилцааны дадал, чадваруудын талаар хичээл заалаа.
Харин өнөөдөр гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн үүрэг оролцоо, гэр бүлийн сэтгэлзүй, хандлагын талаар мэргэшсэн багш нар хичээл заана. Мөн гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага, гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, зөвлөн туслах үйлчилгээний талаар сургалт явуулах юм. Тухайлбал, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, зөвлөн туслах арга зүй, гэр бүл салалт болон салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, онцлог”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Өлзийхүү “Гэр бүлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талуудын сэтгэл зүй”, “Гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага” сэдвээр хичээл заана. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэлзүйч, шинжээчийн үүрэг оролцоо”, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэлзүйч Ш.Батболд гэр бүлийн сэтгэл зүйн талаар сургалт явуулах аж.
Д.Улаан: Олон гэр бүлийг эвлэрүүлэхэд үр дүнгээ өгнө
Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан энэ удаагийн сургалтын талаар “Гэр бүлийн гишүүн бие бие ойлгоход туслахад эвлэрүүлэн зуучлагчийн туршлага, ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ удаагийн сургалтаар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах талаар онолын мэдлэгийг практиктай хослуулан заасан нь ач холбогдолтой болж байна. Мөн гэмт хэрэг, зөрчлийн бодит жишээн дээр ярилцаж байгаа нь эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулахад анхаарах, хэрэгжүүлэх санаа, сэдлийг төрүүллээ. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байлгахад эвлэрүүлэн зуучлагч зуучлах зорилгоо хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой гэх зэрэг асуудлыг хөндөж, харилцан ярилцаж байна. Цаашид олон гэр бүлийг эвлэрүүлэхэд энэ сургалт үр дүнгээ өгнө гэж итгэж байна” гэсэн юм.
Д.Оюунчимэг: Гэр бүлийн шүүх байгуулах нь цаг үеийн шаардлага
Энэ удаагийн сургалт нь гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх зэрэг шинэлэг мэдлэг ур чадварыг олгохоор зорьж байгаа аж. Мөн сургалтын арга зүй нь онол, хууль хэрэглээнээс илүүтэйгээр ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн оролцооны арга, дадлага ажилд тулгуурлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид ярьж байлаа. Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэгээс энэ удаагийн сургалтын талаар тодрууллаа.
-Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх зорилго юу байв?
-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага бол Ромд төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага. Энэ байгууллага АНУ-ын санхүүжилтээр Монгол Улсад “Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, шүүх, хуулийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, уялдаа холбоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлээд өнгөрсөн онд дууссан. Удахгүй төслийн хоёрдугаар шат хэрэгжинэ. Төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт холбоотой ажилласан. Нэг жилийн хугацаанд сургагч багшаа бэлтгэлээ. Төслийг хэрэгжүүлэх явцад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргээр дагнаж ажиллах мэргэжилтэн шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд гэр бүлийн маргаанаар дагнаж, мэргэшиж ажиллах хэлтэс, багтай болж байгаа нь сайшаалтай. Тиймээс мэргэшиж байгаа боловсон хүчингээ дадлагажуулах, улам бүр мэргэшүүлэхэд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзсэн.
Хэдэн жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийг зодох гэх зэргээр л ойлгодог байсан. Одоо энэ төрлийн хэрэг олон төрөлтэй гэдгийг хуулийнхан мэдэрч, мэргэшиж байгаа нь сайн. Өнгөрсөн жил бид байгууллагуудад сургалт явуулах багш нараа бэлдсэн. Одоо шүүгч шүүгчдээ хичээл заах боломж бүрдсэн. Өмнө нь төрийн байгууллагад сургагч багш байгаагүй, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөр хичээл заалгадаг байлаа. Бид сургагч багш бэлтгэхдээ хичээл заах гарын авлагыг нь ч бэлдэж өгдөг. Хуулийн байгууллагууд хамтарч, уялдаа холбоотой ажиллах ёстой гэдэг үүднээс прокурор, цагдаагийн байгууллагаас сургагч багш хичээл заадаг.
-Та гэр бүлийн маргаанаар хуулийн байгууллагууд мэргэшиж байна гэлээ. Шүүгч, эвлэрүүлэн зуучлагч дагнаж, мэргэшиж ажиллахын ач холбогдол юу вэ?
-Олон улсад гэр бүлийн дагнасан шүүх ажилладаг. Гадны улсуудын туршлага судлаж сайн талыг нь тусгасан Гэр бүлийн шүүх байгуулах цаг болсон. Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулахад би оролцож явсан. Шүүх, шүүгчийг дагнуулах нь иргэдэд маш их ач холбогдолтой. Бүхнийг мэддэг шүүгч гэж байдаггүй. Тэр тусмаа гэр бүл бол нийгмийн хамгийн чухал эд эд. Гэр бүлдээ анхаарч байж улс хөгжинө. Тиймээс гэр бүлийн маргааныг дагнан шийддэг, тэднийг эвлэрүүлэх зорилготой ажилладаг шүүх байгуулах нь цаг үеийн шаардлага гэсэн юм.
Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт 2017 оны 02 дугаар сарын 15, 16-ны үргэлжилнээ. Харин 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдэвт сургалтыг шүүгдэд зориулан зохион байгуулна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс