Улсын хэмжээнд ганц байдаг 29 дүгээр тусгай дунд сургуулийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол үнэхээр болохоо байлаа. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тус сургуульд яаж ч бодсон дохионы хэл мэддэг багш нар хичээл заах ёстой. Гэтэл мөнгө төгрөгөө хэмнэх гэв үү, аль эсвэл шинээр томилогдож очсон захирал нь дохионы хэл мэддэггүй өөрийнхөө хүмүүсийг ажилд авав уу 29 дүгээр тусгай дунд сургууль гэв гэнэт мэргэжлийн багш наргүй болж сурагч хүүхдүүд нь арга ядаад гадаа гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэв. Асуудал ингэж хүндэрч байхад Боловсролын сайд Ж.Батсуурь хэлгүй, дүлий мэт чив чимээгүй сууна. Магадгүй сайдын “хүн” 29 дүгээр тусгай дунд сургуульд захирлаар очиж, тэнд дураараа дургиж, сурагч хүүхдүүдийн Үндсэн хуульд заасан эрхийг эх захгүйгээр ноцтой зөрчиж байгаа биз.
Тиймдээ ч, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ч сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд гадаа гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна. 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид хүүхдүүд ингэж гадаа гарч тэмцэх дээрээ тулж байсан тохиолдол ардчилал бий болсон өнгөрсөн 26 жилийн түүхэнд л лав байгаагүй. Төр засаг, нам, ер нь юу ч байсан солигдож болно, гэхдээ ядаж улсын хэмжээнд ганц байдаг тусгай дунд сургуулиар оролдохоо болиоч. Тэнд чинь мэргэшсэн, туршлагажсан багш нар ажиллах ёстой. Тэдний халааг чадварлаг залуу багш нараар солих ёстой. Гэтэл наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцаж чадахгүй багш гэх хүмүүсийг 29 дүгээр тусгай дунд сургуульд ажиллуулж, хүүхдүүдэд хичээл заасан болоод өдөр хоногийг аргацааж байна. Яахав, дохионы хэл мэддэггүй багш нар хичээл зааж эхэлсэн юм байж. Бас хажуудаа хэлмэрч зогсоогоод хүүхдүүдтэй харилцаж эхэлсэн юм байж. Гэтэл сургуульд нь ганцхан байдаг гэх тэр хэлмэрч нь хичээлийн цагаар бүх ангид ороод хүүхдүүдэд багшийн хэлснийг дамжуулж үнэхээр амждаг болов уу. Ерөөсөө ийм болохоороо л тусгай гээд байгаа юмшд. Тусгай сургуульд тусгай л хандах ёстой. Тэгтэл хэн нэгэн очоод өөрийнхөөрөө ажиллах гэж өдөр хоног, сар жил алдаж, хүүхдүүдийн амьдралаар тоглож, туршилт хийсээр байх юм уу.
Үнэндээ тусгай сургуулийн захирал нь дохионы хэл мэддэггүй бол түүнд дохионы хэлмэрч байх нь зөв болохоос бүх багш, ажилтан, албан хаагчдад дохионы хэлмэрч байх ёсгүй юм. Ингээд ирэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд улам л нийгмээс тусгаарлагдана. Уг нь тэдэнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн зовлонг ойлгодог, тэдний бодит ертөнцөөр амьдарч үзсэн тийм л багш нар хэрэгтэй. Ингэж гэмээнэ амьд харилцаа үүсч, хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзэл нь бадарч, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Урьд нь ийм байж болоод л байсан. Тэгтэл одоо яав. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы хэл мэддэггүй багш нар хичээл орж байна. Ийм зүйл үздэг л юм байна. Монголын боловсролын тогтолцоо ийм л супер. Сонгуулийн дараа багш нарыг солиод байдгийн гор ингэж гарч байна. Ядаж тусгай сургуулийн дохионы хэл мэддэг багш нарыг солихгүй байх асуудалд салбар яам, ялангуяа сайд Ж.Батсуурь анхаараагүйгээс асуудал ингэтлээ даамжирч байна. Хэлгүй, дүлий хүүхдүүдэд дохионы хэл мэдэхгүй багш хичээл заана гэдэг нь юу гэсэн үг юм. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн сурах эрхийг ноцтой зөрчиж байгаагаас өөрцгүй хэрэг.
Төгс