Ноён ам.долларын ханш өдрөөс өдөрт галзууртлаа өссөөр 1650 төгрөгт хүрсэн нь 2009 оны гуравдугаар сард 1700 төгрөгөөс давсан сөрөг дээд амжилтыг тун удахгүй эвдэх нөхцөлийг бүрдүүлчихлээ.
2009 оны гуравдугаар сарын 15-нд нэг ам.доллар 1700 төгрөгт хүрч банкирууд байтугай валютын ченжүүдийн цөсийг хөөргөн, нүдийг бүлтэлчих шахахад тухайн үедээ “Монголбанк валютын нөөцөө сэгсрээд дуусгасан. Эсрэгээрээ зах зээлийн эрэлт, хэрэгцээг ам. доллар боомилж, ханш нь дийлдэхгүй өсөж байна” хэмээн товчхон тайлбарлаж байсан түүхтэй.
Хачирхалтай нь монголын жижигхэн зах зээлд ноён ам.долларын ханш чангарах тусам зохиомол гэмээр хомсдол нүүрлэж, валютын ченжүүд байтугай банкууд ч эрэлтээ гүйцэх хэмжээний нийлүүлэлт хийх чадваргүй болдог.
Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг чиглүүлж, удирдан залах үүрэгтэй Монголбанк жилийн жилд л ам.долларын ханшийг бууруулах, төгрөгийн ханшийг чадлынхаа хэрээр барьж байх зорилгоор бодлогын хүүгээ өсгөдөг нь ёстой л “Гал унтраах арга” болсоор ирсэн нь нууц биш.
Сайтар ажиглавал Монголбанк бодлогын хүүгээ өсгөх тусам ам.долларын ханш чангардагийг сүүлийн жилүүдийн практикаас харж болно.
Ард иргэдийнхээ сэтгэл санааг тайвшруулж, түр зуурын байдлыг намжаах арга хэмжээ авсан Монголбанкны зүгээс “Тайван амгалан байцгаа.
Удахгүй ам.долларын ханшийг шалчийтал нь буулгаад өгнө, за юу” хэмээн ам тагладаг арга энэ удаа явцгүй болж, амьдралын үнэнд гүйцэгдэв бололтой. Саяхан л “Монгол Улсын валютын нөөц 3.1 тэрбум ам.доллар байгаа нь хангалттай үзүүлэлт.
Бид эрэлт, нийлүүлэлтийг зохистой хэмжээнд байлгах бүрэн боломжтой. Инфляцийг найман хувьд тогтвортой барьж, мөнгөний бодлогыг түвэггүйхэн тодорхойлоод явчихна” хэмээн ам гарч байсан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал сүүлийн үед ус балгасан мэт сураг, чимээгүй болчихлоо.
Чингис бонд, дээр нь улсын нөөцийн валютыг зах зээл рүү хамаа замбараагүй хахаж цадтал нь нийлүүлээд ч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ам.долларын ханшийн галзуурсан өсөлтийг зогсоож дийлсэнгүй.
2013 он гарсаар Монголбанкны зүгээс хийсэн төгрөгийн нийлүүлэлт урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болно. Шатахууны үнийн огцом өсөлтөөс хамгаалах, барилгын салбарын эрэлт, нийлүүлэлтийг урамшуулах зэрэг инфляцийг онилсон хөтөлбөр хэрэгжүүлж, хүүгийн татаастай зээл маш их олгосон нь төгрөгийн нийлүүлэлт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн.
Товчхондоо бэлэн мөнгөний нийлүүлэлт 2013 оны эхнээс 12.6 хувиар өсөж 836 тэрбум төгрөгт хүрчээ. Ерөнхийлөгч Н.Золжаргалын баримталсан чигийн дагуу Монголбанк ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд өнгөрсөн хугацаанд 47 удаагийн интервенц хийж 830 сая ам. долларыг эргэлтэд оруулсан ч ханш нь өдрөөс өдөрт чангарсаар л байна. Тун удахгүй ноён ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж сөрөг дээд амжилт тогтоохыг үгүйсгэх аргагүй боллоо. Үүний учир шалтгаан нь валютын дотогшлох урсгал багассанаас гадна, Монголбанк оны эхнээс 855 сая ам. долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын өнөөдрийн хяналтгүй шахам өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болсон нь тодорхой.
Монголын жижигхэн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг гадаад хүчин зүйлийг дотоодын үйлдвэрлэл, санхүү, бизнесийн хандлагатай нягт уялдуулсан алсын хараатай бодлого алдагдсан нь ам.долларын ханшийн галзуурсан өсөлтөд нөлөөлөх бас нэг үндсэн хүчин зүйл болжээ.
Дээр нь импортоор орж ирж байгаа барааны үнэ оны эхнээс 14 орчим хувиар өсөөд байгаа нь ам. долларын ханш өсөхөд нөлөөлсөн нь ойлгомжтой.
Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд огцом хурдтай ажиглагдаж байгаа монголын эдийн засаг, санхүүд ихээхэн халгаатай үзэгдэл нь төгрөгөөс зугтах болж бүх л тооцоо, хадгаламжаа ам.доллараар хийх үзэгдэл газар авч байгаа нь ам.долларын хяналтгүй өсөлтөд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болоод байгаа.
Монгол шиг өргөн хэрэглээнийхээ бараг бүх барааг гаднаас импортлодог орны хувьд яаж ч зохиомол тогтворжуулалт хийгээд зах зээлийнхээ жам ёсоор өдрөөс өдөрт чангарч байгаа ам.долларын ханшийг тогтоон барих эдийн засаг, санхүүгийн чадвар эрс муудсаар байгаа нь тодорхой боллоо.
Ам.долларын галзуурсан өсөлтийг дагаад шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ хүссэн хүсээгүй өсч байгаа нь гарцаагүй. Хамгийн гол нь эдгээрийг дагаад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын амалж байсан инфляцийг нэг оронтой буюу найман хувьд барих амлалт хөөс болон замхрах өдөр айсуй.
Эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйл, дээр нь өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор бэлэн мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгддэг энэ үед 1650 төгрөг хүрчихээд байгаа ам.долларыг хазаарлан зогсоох боломжгүй болсноо Монголбанк шударгаар хүлээх ёстой.
Тун удахгүй нэг ам.доллар 2000 төгрөг болохыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл тэр аюулаас тойроод гарах арга өнөөдөртөө маньд байтугай, Монголбанкинд ч харагдахгүй л байгаа шүү дээ.