“Aim4R” продакшны “The STAGE Assassins” студийн захирал, “Яг түүн шиг” шоуны бүжгийн багш Э.Батзоригтой ярилцлаа.
-Та “Яг түүн шиг” шоуны бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн тухайгаа яриач?
-Энэхүү шоуг гаргах гэж байгаа талаар анх дөрвөн сарын өмнөөс бид мэдсэн л дээ. Учир нь “Боловсрол” телевизийн зүгээс манай “Aim4R” продакшныг “60 гаруй бүжигчинтэйгээр тус шоунд оролцож чадах уу” гэсэн санал тавьсан юм. Ингээд тэр үеэс хойш “Яг түүн шиг” шоуны хамт олонтой хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хувьд Монголд болж буй томоохон концертууд дээр бүжгийн дэглэлт, найруулгыг нь хариуцаж ажилладаг. Хэдий тийм ч энэхүү олон улсын стандарт бүхий шоунд ажиллаж эхлэх амар байгаагүй. “Яг түүн шиг” шоуны эхний хоёр дугаар дээр яалт ч үгүй самгардсан. Харин одоо бол туршлагажиж, хүндрэлтэй асуудал бараг алга болсон доо. Мэдээж үүнд “Боловсрол” телевизийн хамт олны аливаад зохион байгуулалт сайтай, цаг сайн барьдаг зэрэг нь их дэм болдог юм.
Ямартай ч миний хувьд энэхүү шоуг Монголдоо хийж байгаа нь зөв зүйтэй зүйл болсон гэж бодож байгаа. Учир нь орчин үеийн тайзны тавилт гэдэг хэрхэн өөрчлөгдсөнийг, уран бүтээлчид ганцаарчилсан гэхээсээ илүү тайзны бүжигтэй харьцдаг болсныг манай уран бүтээлчдэд харуулж өгч байгаагаараа ач холбогдолтой юм л даа. Манайхан ч гэсэн тогтсон хэв маягаа өөрчлөх болов уу.
-Таны хувьд дугаар бүр дээр найман оролцогчдод сонгосон дүрийнх нь бүжиг, онцлог хөдөлгөөн, донж маяг зэргийг нь заах хүндхэн үүрэгтэй. Харин энэ чухал даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд та хэрхэн ажилладаг вэ?
-Энэхүү шоу нь бусдыг дуурайдаг гэдгээрээ онцлог. Харин оролцогчдын хувьд таарсан дүрээ судлах нэг нь судална, харин зарим нь бүр огт судлаагүй, мэдэхгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр миний хувьд үүргээ сайн биелүүлэхийн тулд судалгааг маш сайн хийдэг. Нийтдээ арван дугаарт найман оролцогчийн наян дүрийг судлах шаардлага гарч байгаа юм л даа. Ямартай ч судалгааны ажлаа баззерт таарсан уран бүтээлчийн клипийг үзэхээс эхлүүлдэг. Клипийн хийцийг үзэж зураглаач, найруулагч юу илэрхийлэхийг хүссэн бэ гэдгийг ажиглана. Мөн клипийг үзээд зогсохгүй бусад тайзнаа хэрхэн дуулсан байгаа зэргийг харах хэрэгтэй болно. Дараа нь дууны үгийг уншиж, судалдаг. Энэ мэтчилэн тухайн хүний онцлогийг харуулах бүхий л зүйлийг судалдаг даа.
Ер нь бүжиг заана гэдэг жүжиглэлтийн тодорхой нэг хэсэг болоод явчихаж байгаа юм. Тиймдээ ч оролцогчдодоо энэ хэсэгт амаа ангай, ингэж хар, энэ үед нь уна гэх мэтчилэн хөдөлгөөний жүжиглэлт заах шаардлагатай болдог. Харин үүнтэй бүжгийн найруулга холбогдоод нэг цогц үзүүлбэр болдог.
-Өгсөн үүрэг даалгаврыг хамгийн сайн тусгаж авдаг оролцогч нь хэн байна вэ?
-Өмнөх жилийн оролцогчдоос Б.Маралжингоог нэрлэнэ. Эми Вайнхаус, Пинкийн дүрийг бол үнэхээр сайн гаргасан. Б.Маралжингоог сахилгагүйг мэдэх ч Пинкийн дүрийг бүтээхэд бүр ч галзуу болж чадсан шүү. Эрүүгээ дээш нь өргө, урдуур чинь хүн үсрэхэд ингэж зогс, микрофоноо ингэж барь гэх мэтээр бүгдийг л заасан. Бидний хувьд ч маш сайн ажилласан. Мөн П.Баярцэнгэл бол мундаг байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчдоос Т.Бархүү ах маш сайн байгаа. Жүжигчин хүн учраас аливаа дүрийн онцлогийг гаргаж илэрхийлэх тал дээр түүртэхгүй байх нь дамжиггүй. Дүрээ ч тэр сайн гаргадаг, бүжгээ ч хурдан сурч, сайн бүжиглэдэг. С.Гантогоо ч мундаг байгаа. Гэхдээ мундаг байх үе бий ч зарим тохиолдолд дүрээ гаргаж ирж чадахгүй байх нь ч бий. Мөн А.Хишигдалай ч иймэрхүү асуудал гаргадаг.
-Оролцогчдод ямар дүр таарвал танд хялбар байдаг вэ?
-Надад орчин үеийн уран бүтээлчид таарвал их амар байдаг. Тухайлбал, Жастин Тимберлэйк, хүн бүхний мэддэг Майкл Жэксон, Тэйлор Свифт зэрэг дүрүүд л дээ. Харин дээр үеийн эсвэл сонгодог урлагийн хүн болоод ирэхээр тун амаргүй. Иймэрхүү баззерууд их сонгогдож байгаа шүү дээ. Түүнчлэн нэг хүн хамтлагийн дөрвөн гишүүнийг дуурайвал их сонирхолтой гэж боддог юм. Жишээ нь “Backstreet boys” ч юм уу. Ингэвэл их хүч хөдөлмөр шавхахын сацуу үзүүштэй байх байсан болов уу.
-Ес дэх дугаарт жүжигчин Г.Ундармаа, П.Баярцэнгэл нар Бойонсе, Бруно Марс нарыг дуурайсан. Энэ үзүүлбэр бүжиглэлтийн хувьд сайн байсан ч багагүй шүүмжлэл дагуулсан шүү дээ. Энэ тухайд?
-Энэ үнэхээр гоё үзүүлбэр байсан. Яахав хүмүүс Г.Ундармаа эгчийг онцгүй харагдсан гэх сэтгэгдэл их байна лээ. Гэхдээ миний хувьд Г.Ундармаа эгчийг тэгж бүжиглэнэ гэж үнэхээр бодоогүй. Үнэхээр мундаг байсан. Хоёр долоо хоногт л бэлдсэн үзүүлбэр л дээ.
-“Aim4R” продакшн одоогоор нийт хичнээн бүжигчидтэй вэ. Шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?
-Манай продакшн 2011 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар дотроо хоёр студитэй. Түүний нэг болох “The STAGE Assassins” студийн захирлаар ажилладаг. Харин Төөгөө маань “116” студийн захирлаар ажилладаг юм. Манай продакшн жилдээ хоёр удаа сонгон шалгаруулалт явуулдаг. Үүнээс 40-өөд бүжигчин шалгаруулж авдаг юм. Гэхдээ яг энэ хүүхдүүдээс бүжгийн төлөө туйлбартай байх арваад хүүхэд үлддэг. Одоогоор манайх 100 гаруй бүжигчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ дотор олон хамтлаг бий. Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүжигчдийнхээ дунд тайзны бүжгийн тэмцээнээс гадна гудамжны бүжгийн тэмцээн зохион байгуулдаг юм. Харин манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд реппер Gee-тэй хамтран ажилласан. Мөн тун удахгүй зөвхөн бүжигтэй клипээ цацахаар бэлэн болоод байгаа. Цаашдаа ч гэсэн зун цаг ирж байгаа учраас уран бүтээлийн олз, омог ихтэй байх нь дамжиггүй.
-Та мөн “Universe best songs” наадмын бүжгийн дэглэлт дээр ажиллаж байгаа гэсэн үү?
-Би “Universe best songs-2017” наадмын тайзны найруулагчаар ажиллаж байна. Бүжиг дэглэлт, найруулга гээд бүх л ажлыг хариуцаж байгаа юм. Өнөөдөр энэхүү наадмын маань тоглолт болно. Энэ наадмаас залуусыг дуулахаас гадна бүжиглэж чаддаг юм шүү гэдгийг харах байх. Сонгодог чиглэлээр дуулдаг, бүжгээс хол хэдий ч оролцогчид маань маш сайн бүжиглэж байгаад тун урамтай байна шүү.
-Та бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн үү?
-Би арван жилээ төгсөөд л бүжиг сонирхож, бүжиглэж эхэлсэн л дээ. Гэхдээ би Монгол Улсын их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн юм шүү дээ. Миний хувьд одоогоор бүжгийн урлагаас буцах эрхгүй болсон гэж болно. Ер нь бүжиг гэдэг бол маш том урлаг л даа. Үгээрээ биш үйлдлээрээ утга, санаагаа илэрхийлдэг. Энэ том урлагт бид жижигхэн ч гэсэн байр суурийг эзэлж эхэлсэндээ тун таатай байгаа. Энэ бүжигчид гудамжинд гал асаагаад тойроод бүжиглэдэг савсаганадаг залуучууд биш, шинэ зүйлийг бүтээх гэж зорьж байна гэдгийг минь ойлгодог болсонд баяртай байгаа. Тиймдээ ч бид үргэлж хичээж байна. Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд хөдөлмөрлөх нь зүйн хэрэг.
Эх сурвалж:dnn.mn
О.Ариунцэцэг