-Сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна-
“Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчид оролцсон. Уг хэлэлцүүлгийн ач холбогдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж “2017 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Эрүүгийн хууль, тогтоомжоор шүүх засаглалын, шүүгчдийн хэрэглэдэг хуулийн том шинэтгэл эхэлж байна. Энэ том шинэтгэлийн хувь заяа эрүүгийн хэргийн шүүгчдээс шууд хамаарна. Хуулийг зөв хэрэглэж, хэвшүүлэх нь шүүгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал. Шүүгчийн өмнө маш том хариуцлага тулгарч байна” гэж дүгнэсэн юм.
Ингээд шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын гол өөрчлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатартай энэ асуудлаар ярилцлаа.
-Ирэх сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль одоо хэрэгжиж байгаагаас юугаараа ялгаатай вэ. Та гол өөрчлөлтийн талаар тодорхой яриач?
-Одоо мөрдөж байгаа хуулиар шууд эрүүгийн хэрэг үүсгээд, сэжигтнээр татдаг. Харин шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрэг нээнэ. Энэ явцад сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт бүрдсэний дараа тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн үг. Энэ бол хүний эрхийн баталгааг хангах гол зохицуулалт болсон. Бүх шатанд иргэдийн эрхийг хамгаалсан хууль гэж ойлгож болно.
-Шинэ хуулиар хэрэг мөрдөн байцаалтад буцахгүй гээд байгаа. Энэ нь ямар учиртай вэ?
-Шинэчлэлийн гол асуудал нь Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг зохицуулалт орж ирсэнтэй холбоотой. Энэ зохицуулалт орж ирснээр мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаанууд дутуу хийгдэж үү, яллагдагчийн эрхийг зөрчсөн байна уу, бусад ямар асуудал байгааг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр шийднэ. Урьдчилсан хэлэлцүүлгээс тухайн хэргийг дутуу шалгасан байна гэж үзвэл прокурорын шатанд буцааж болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурор буцаах шаардлагагүй гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт нэмж мөрдүүлэхээр буцаахгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзвэл талуудын санаачилгаар прокурорт буцаах зохицуулалттай гэсэн үг.
-Мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүгч ямар үндэслэлээр гаргах вэ?
-Үндэслэлийг нь харгалзаж, шүүгч эцсийн шийдвэр гаргана. Хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн нь шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх зэрэг үндэслэлийг нарийвчлан заасан. Талууд саналаа гаргах эрх нь нээлттэй.
-Урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаагаагүй тохиолдолд шүүх хуралдаанаас буцаахгүй гэсэн үг үү?
-Зайлшгүй тохиолдолд прокуророос санал гаргавал буцаана. Мөн урьдчилсан хэлэлцүүлгээс зарим хүсэлтийг үндсэн хуралдаанд шилжүүлсэн тохиолдолд буцаах үндэслэл байж болно. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрхгүй болсон.
-Шинэ хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг шинэ ойлголт гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэг мөрдөн байцаалтад буцаах асуудлыг л шийдэх юм уу. Эсвэл өөр олон асуудлыг шийдвэрлэх үү?
-Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол эсвэл шүүгчийн өөрийн санаачилгаар цөөнгүй асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан. Тухайлбал, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлтийг хэлэлцэж болно. Мөн яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол, шүүх хуралдааны товын талаарх санал, хүсэлт, шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт, шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг шийдвэрлэнэ. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэх гомдол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэг талуудын гомдлыг хэлэлцэнэ. Ихэвчлэн яллагдагч, түүний өмгөөлөгчийн асуудал байгаа гэсэн үг.
-Урьдчилсан хэлэлцүүлэг бүрэлдэхүүнтэй байх уу, эсвэл шүүгч дангаараа шийдвэр гаргадаг уу?
-Урьдчилсан хэлэлцүүлэг анхан шатны шүүхэд хийгдэж байгаа учраас шүүгч дангаараа шийднэ. Тухайлбал, надад ирсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг би өөрөө хийж, шийдвэрээ гаргана гэсэн үг.
-Тэгвэл шүүх хуралдааны бэлтгэл гэж ойлгож бас болох уу. Хугацаа заасан байдаг уу?
-Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа гэж ойлгож болно. Хугацааны хувьд 15 хоногийн дотор гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэг ирснээс хойш 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийх эсэхээ шийднэ. Энэ хугацаанд талуудаас хүсэлт гомдол гаргавал заавал 15 хоног гэхгүйгээр шийдэх боломжтой.
-Хэрэг бүрт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах юм уу?
-Үгүй. Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал хүсэлт гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах зайлшгүй нөхцөл үүсээгүй гэж шүүгч үзсэн тохиолдолд хийхгүй.
-Урьдчилсан хэлэлцүүлэг дээр талуудын гомдол, санал хүсэлтийг хэлэлцэхээр мэтгэлцэх зарчим шүүх хуралдаанаас өмнө үүсч байна гэсэн үг үү?
-Мөрдөн байцаалтын шатанд ч талуудын мэтгэлцэх зарчим бий шүү дээ. Талууд гомдол хүсэлтээ гаргах, нотлох баримт шалгуулах нь нээлттэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч талууд хүсэлтээ тавьж, мэтгэлцэнэ. Тэгэхээр бүх шатанд мэтгэлцэх зарчим байгаа гэсэн үг.
-Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгчид хоёр удаа зөвлөлдөх танхимд орно гэсэн зохицуулалт байгаа гэж сонссон. Тэгвэл шүүгч хоёр шийдвэр гаргана гэсэн үг үү?
-Гэм буруугийн шүүх хуралдаан хийхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирлоо төлье, эд хөрөнгөө зараад хохирогчийн төлбөрийг барагдуулъя, хугацаа олгооч гэж хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд шүүх зөвлөлдөөд түр хугацаагаар завсарлана. Дараагийн хуралдаанаар ял оногдуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан завсарлаж ял оногдуулахыг түр хугацаагаар хойшлуулна гэсэн үг. Завсарлах хугацаа нь 5 хүртэл хоног байна.
-Тэр хугацаанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг яах вэ. Хорих уу?
-Шүүгдэгчийг гадуур байлгах уу, цагдан хорих уу гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал.
Эх сурвалж:ШЕЗ