Эдийн засаг хямарсан нь эртнээс улбаатай
Гай газраас гарч, гадныхан ганц өдөр зугтчихаагүй
Муу л юм болвол хойд талын хар овоохой гэдэг хуучны үг бий. Тэгвэл сүүлийн үед тэрхүү хар овоохой нь шинэчлэлийн Засгийн газар болсон бололтой. Хөрөнгө оруулалт буурлаа, ам.долларын нөөц багасаж, валютын ханш өслөө гэх зэргээр дээр доргүй шаагилдаж, бараг толгойтой бүхэн л эдийн засагч болчихсон чанга, чанга дуугарч Засгийн газар руу чичилж сууна. Тэр ч байтугай өнөөгийн сөрөг хүчнийхэн “Засгийн газар муу ажиллаж байна” хэмээн хэд, хэдэн удаа огцруулахыг санаархан, шаардав. Ёстой л “өөрийн толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэдэг энэ биз.
Өдгөө ам.долларын нөөц багасах нь аль хэдийн тодорхой байсан гэдгийг мэргэжлийнхэн болон эдийн засагчид хэлж, тайлбарладаг. Учир нь өмнөх парламентын үед МАН-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын батлуулсан урт нэртэй буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиас болж алт олборлогч олон компани үйл ажиллагаагаа зогсоож, үүдээ барьсан. Үүнийх нь балгаар Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ хэд дахин буурсан. Бүр тодруулбал 2006 онд компаниуд 25 тонн алт тушаадаг байсан бол өдгөө гурван тонн ч хүрэхээ больжээ.
Нэгэнт алт олборлох аж ахуйн нэгж байхгүй шахам болгочихоод сөрөг хүчний зүгээс “Монголбанкинд ердөө л 200 сая ам.долларын нөөц үлдэж” хэмээн халаглаж байна билээ. Өрсдөө нөөц бүрдүүлэх эх үүсвэр болсон алтыг нь олборлуулахгүй байх тухай хуулийг олонхоор далайлган, кноп дарж батлачихаад өнөөдөр эдийн засаг хямарлаа гэж ярьж суугаа нь хэтэрхий ичгэвтэр явдал гэхээс өөр юу гэх билээ.
Мэдээж дээрх хуулиас болж зөвхөн алтны худалдаа буурч, ам.долларын нөөц багассан ч юм биш. Хамгийн наад зах нь үүдээ барьсан компаниудын төлж байсан татвар, тэдгээрт ажиллаж байсан иргэдийн ар гэрийн амьдрал, ахуй гээд асуудал олон бий. Иргэдийг элгээр нь мөлхүүлэх эхний алхам ийм байлаа.
Ноён долларын нөөц болон ханшийн савлагаа, гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулснаас эдийн засаг хямрах болсон дараагийн алхам нь мөн л өмнөх парламентын батласан хуулиас үүдэлтэй аж.
Тэр нь мэдээж УИХ-ын гишүүн асан, МАН-ын одоогийн генсек Г.Занданшатар нарын өргөн барьж, батлуулсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль.
Анх энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед “Стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа” гэдэг нэр томъёоллыг хэт туйлшруулан бизнесийн бүхий л салбарыг хавтгайруулан оруулсан нь дөнгөж сэргэх шатандаа орж буй Монгол улсын эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжилд нөхөж баршгүй эрсдэл учруулна хэмээн тухайн үеийн сөрөг хүчнийхэн болон эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байсан.
Тэр ч байтугай “томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд зогсож улс орон, ард иргэдийн өмнө хүлээгдэж байгаа эдийн засгийн өсөлт байхгүй болж, олон улсын тавцанд дээшилж байсан манай улсын нэр хүнд ойрын хугацаанд эргэж сэргэхгүйгээр унах аюулд хүрнэ” гэдгийг ч сануулж байв.
Гэтэл үүнийг нь батлах мэт өдгөө гадаадын хөрөнгө оруулалт 33 хувиар буурчихаад байгаа юм.
Энэ нь Монгол Улсад жилд орж ирдэг байсан ам.долларын 1/3 хэсэг нь дахин эргэлт буцалтгүйгээр “нисэн одсон” гэсэн үг.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газар тэр шийдвэрийг нь хэрхэн биелүүлж байгааагаас ард түмний амьдрал шалтгаалдаг.
Тиймээс өмнөх УИХ-аас батласан хуулиудын горыг өдгөө монголчууд бид амсах нь ээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчихээд урдаас нь “салаавч гаргасны” адил хуулиар далайлгаж байгаа нь биднийг ёстой л алтан дээр сандайлсан гуйлгачин хэвээр үлдээхийн суурийг тавьжээ.