Улс улсын номыг дагахгүй ээ, өвгөдийнхөө ёсыг дагана.
Мөнх хаан
Ямар ч нийгэм дотор түм буман асуудал сүлжилдэж орооцолдсон байдаг төдийгүй бас өөрийн гэсэн үндэсний онцлогтой байдаг. Тодруулж хэлбэл өнгөн дээрээ адил төстэй юм шиг харагдаад байгаа нийгмүүдийн дотоод руу нь арай гүнзгийхэн нэвтэрч ороод үзэхэд асуудлууд нь хоорондоо нарийн ялгаатай, асуудлыг тус тусад нь шийдсэн ч, цогцоор шийдсэн ч өөр өөр аргачлал шаардсан нөхцөл байдалтай нь харагддаг. Учир нь амьдрал гэдэг онол сургааль, хүний бодол санаа, хүсэл мөрөөдлөөс ямагт илүү баян байдагт оршино. Тиймээс ямар ч нийгэмд дүгнэлт өгөх гэж оролдохдоо төр-нийгмийнх нь уламжлал, үндэстний онцлог, хүн амынх нь сэтгэлзүйн өвөрмөц тал, цаг уурын ямар бүсэд байдаг, газарзүйн ямар байрлалтай гэх мэтийн олон арван, магадгүй олон зуун зүйлийг тооцож байж сая нэг үнэлэлт дүгнэлт гаргахад хүрэх боломж олж авдаг. Жишээ нь хөгжиж буй улсуудын нийгмийн асуудлуудыг судлах гээд байгаа бол тэр нийгмүүдийг бүлэглэхдээ юун түрүүнд дор хаяад л “төрийн уламжлалтай нийгэм”. “төрийн уламжлалгүй нийгэм” гэж ангилан хуваах ёстой. (бүр нарийн хандах юм бол энэ ангилал ч дотроо олон задарна)
Тухайлбал төрийн уламжлалгүй нийгэмтэй хөгжиж буй улсуудад үндэсний бахархал гэдэг үзэл санаа бүрэлдэн тогтоогүй байдаг. Тийм учраас чухам тэнд л хүн амын сэтгэлзүй нь овгийн байгууллын үеийн бүдүүлэг сэтгэлгээ, бусдын соёлын өмнө бөхөлзсөн сэтгэлзүйн комплекс, хамаатан садан, танил тал, тохой татсан овгийн байгууллын шинжтэй удирдлага (дарангуйлагчийг хялбар төрүүлдэг), ухвар мөчдийн хар гайгаар үндэснийхээ баялгаа хамгаалах чадваргүй байдал, оюун санааны хувьд амархан мунхардаг, авилгал, хээл хахуульд гүнзгий автагддаг нийгмийн үзэгдэлд гүн идэгдсэн байдаг. Эдгээрийн жишээнд Африкийн орнуудыг нэрлэж болно. Тэд саяхан болтол нийгмийн энгийн, болхи хэлбэр болсон овгийн байгуулалтай байсаар ирснээс биш үндэснийхээ төр улсаа байгуулж байсан уламжлал байхгүй.
Харин төрийн уламжлалтай нийгэмтэй хөгжиж буй улсуудад үндэсний бахархал ямар ч байсан ямар нэгэн хэмжээгээр бүрэлдэн тогтсон байдаг. Энэ нь үндэсний үзэлтэй (үндэсэрхэг үзэл биш шүү) бага зэрэг холилдсон шинжтэй ч байх нь бий. Бүх дэлхийн коммунистуудын сартваахи гэгдэж байсан В.И.Ленин гэдэг хүн “Бага үндэстнүүдийн үндэсний үзэл өөрийгөө хамгаалах хэрэгсэл нь байдаг” гэж номлосныг энд дурдахад нэн сонин байна. Ер нь үндэсний бахархалгүй ард түмэн өөрийгөө хамгаалах дархлаагаа алдаж, бусдад уусаж алга болдог бичигдээгүй хууль дэлхий дээр оршиж байдаг нь үнэнтэй билээ. Тиймээс жижиг үндэстнийг өөртөө уусгая гэвэл юун түрүүнд үндэснийх нь бахархалыг үгүй хийдэг технологи түүхийн нэн эртний үед боловсрон гарч ирсэн гэж хэлж болно.
Төрийн уламжлалтай нийгэм бүхий улсуудын хүн ам үндэсний хувьд бахархах зүйлтэй, түүх соёлоо мэдэрч түүгээрээ бахархдаг, үндэсний өвөрмөц уламжлалаа дээдэлдэг, оюун санааны хувьд тийм амархан мунхардаггүй боловч удирдлага нь авилгал, хээл хахуульд автамтгай, хувийн ашиг сонирхолыг бүхний дээр гаргаж тавимтгай, ард түмний нүүр өөд нулимсан “соёлжсон зэрлэгүүд” гэж хэлж болмоор байдаг. Ийм улсуудын жишээнд Ойрхи Дорнод, Төв Ази, Арабын зарим орнуудыг хамааруулж болно.
Энэ хоёр ангиллын чухам алинд нь өнөөгийн Монголыг хамааруулж болох вэ гэвэл мэдээж хэрэг хоёрдугаар ангилалд багтааж болох боловч бас нилээд онцлог бий. Тухайлбал энэ ангиллын аль ч улстай харьцууламгүй төр ёсны өндөр уламжлалтай, бие даасан хүчирхэг сэтгэхүйтэй, дасан зохицох, шинийг хүлээж авах өндөр чадвартай үндэсний өвөрмөц соёлтой, өөдрөг сэтгэлгээтэй учраас бусдын өмнө бөхөлздөггүй, мөн боолын нийгэм, феодализмыг туулж ирээгүй гэх мэт. Өөрөөр хэлбэл бид харьцангуй сайн төр, энэрэнгүй нийхэмийн дор эрх чөлөөтэй амьдарч ирсэн төр ёсны уламжлалтай. Зөвлөлт-оросын алдарт эрдэмтэн Л.Н.Гумилёвын бичсэнээр “Монголчууд ангийн тэмцэл гэдэг утгагүй зүйлийг огт мэддэггүй байсан”-ы учир нь хааны засаглал нь хязгаарлагдмал эрхтэй, хахир ширүүн мөлжлөг, хүнд бэрх татварыг үүрч амсаж байгаагүй нь онцгой ач холбогдолтой юм.
Манай төр ёсны бас нэг сайхан уламжлал нь төр хэзээ ч иргэдийг дарангуйлах аппарат байгаагүй явдал юм. Тиймээс ч “төр иргэнээр дутдаг, иргэн төрөөр дутдаг”, “төрийн амь иргэндээ, иргэний амь төрдөө”, “иргэнийг дэмжвээс төр дэвжинэ” гэх мэтийн төр ёсны гүн ухааны томъёоллууд Монголчуудын дунд өргөн тархсан байдаг. Харин бусад ард түмний дунд төр иргэний харилцан ойлгоцлыг бүрэн төгс илэрхийлсэн улс төрийн гүн ухааны утга төгс томъёолол байдаггүй гэмээр байдаг. Тэд төрөө удирдан чиглүүлэгч гэхээсээ илүүтэйгээр “дарангуйллын аппарат” гэж томъёолох чиг шугамыг баримталсаар ирсэн билээ.
Өнөөдөр манай нийгэм хоорондоо бараг холбоогүй шахам бие даасан салангид хоёр хэсгээс бүрэлддэг болсон байна гэж хэлж болохоор болчихжээ. Өөрөөр хэлбэл гадаадын зээл цуглуулж хувааж идэгсэд, татвар төлөгчид гэсэн хоёр хэсэг болон зааглагджээ. Тэднийг хооронд нь холбодог ганц зүйл нь 36 төрлийн “татвар” л болоод байна. Иймээс өнөөгийн нийгмийн гол үнэнийг шуудхан хэлэхэд Монгол зон өндөр татвар, түүгээр дамжсан мөлжлөгийг XXI зуунд л амсаж байна гэж хэлж болох биз ээ.
Манай ард түмэн өөртөө итгэдэг, омог бардам, машид өөдрөг сэтгэлтэй учраас “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг гүн ухааны ойлголтоо шүтэн төр засгийн царай харалгүй амь амьдралаа авч явж чадаад байгаа юм. Өөр аль нэг ард түмэн бидний амьдарч байгаа өнөөгийнх шиг нөхцөлд амьдарч байгаа бол аль эрт мөхөөд алга болчихсон байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Тухайлбал 2012 оны 12 дугаар сарын 21-нд ертөнц сөнөнө гэж их бужигнаан дэгдээд байхад өрнөдийн хүмүүсээс гэрэл цахилгаан, машин унаа, компьютер байхгүй болвол яаж амьдрах вэ гэж асуухад толгой дараалан “амьдрах арга байхгүй, амиа хорлож үхнэ” гэсэн ганцхан л хариу хэлж байсан. Гэтэл манайхан, тэр дотроо эмэгтэйчүүд хүртэл яаж амьдрахаа яруу тод хэлж ярьж байсан билээ.
Яагаад манай өнөөгийн нийгэм болохоо байчихаад бид хөлөөрөө гурил зуурч байгаа юм шиг нэг дороо дэвхцээд байна вэ? Өнөөгийн төр, нийгмийн удирдлага нь болж бүтэхгүй байгаа болохоос биш ард түмэн нь болохоо байчихсан юм ер биш ээ. Бид орчин үеийн төр, нийгмийн бүтцийг өрнөдөөс хуулбарлан оруулж ирэх нь ирсэн. Гэхдээ нарийн нандин утгад нь гүн нэвтэрч чадаагүйгээс далд хөшүүрэг болсон олон чухал зүйлийг нь орхигдуулсан гэдэг нь өдгөө ойлгомжтой болжээ.
Бидний хийсэн алдаа гэвэл
-хууль тогтоох дээд байгууллагыг хянадаг механизмыг ардчиллын зарчмаас хасаж, нийгмийн бүтэц дотроо оруулж ирээгүй,
-хууль тогтоох байгууллагад гүйцэтгэх засаглалын эрх мэдэл олгож, хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болгож ардчиллын засаглал хуваагдах зарчмыг ноцтой зөрчсөн,
-төрийн, гүйцэтгэх засаглалын болон хууль тогтоох байгууллагуудад хариуцлага тооцох тогтолцоог үгүй хийж, ардчиллыг анархизм луу гулгуулсан,
-эдийн засгийн эрх чөлөөг хэт хязгаарласнаар ардчиллыг бүхэлд нь устгасан,
-төрийн боловсон хүчний бодлогыг алдагдуулж, бүх засаглалын ажил хэрэгч чанарыг үгүй хийсэн,
-хууль мөрдүүлэх хөшүүргийг үгүй хийж, аливаа хуулийг эрээн цаас болгосон.
-төр засаг нь татвараас бүрдсэн улсын төсвийг татвар төлөгчдийнхөө өмнө жил бүр тайлагнах ардчиллын ил тод зарчмыг баримталдаггүй явдал юм.
Манайд нэн түрүүнд шүүмжилж засаж залруулах гэж хичээнгүйлэн оролдох ёстой гол зүйлс гэвэл гэвэл эдгээр л юм. Учир нь:
-хууль тогтоох байгууллагыг хянадаг механизмыг бий болгоогүйгээс ард түмний өмнө хариуцлага хүлээх ардчилсан зарчим нийгэмд төлөвшсөнгүй.
-хууль тогтоох байгууллагад гүйцэтгэх засаглалын эрх мэдэл олгож, дээд эрх мэдлийн хүрээнд холион бантан хутгаснаар 76 бага хаад гарч ирэх нөхцлийг бүрдүүлсэн,
-төрийн, гүйцэтгэх засаглалын болон хууль тогтоох байгууллагуудад хариуцлага тооцох тогтолцоог үгүй хийчихснээрээ “ардчилал-хариуцлага” гэдэг зарчмыг алдагдуулсан,
-эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан явдал бол “эдийн засгийн эрх чөлөөгүй газар ардчилал байдаггүй” гэсэн онолын үндэслэлийг ойлгож чадаагүйг харуулж өгсөн.
-төрийн боловсон хүчний бодлогыг алдагдуулснаар ажил мэргэжлийн мэдлэг боловсролгүй этгээдүүд төр, засгийн албан тушаалыг мөнгөөр худалдаж авах, авилгал, хээл хахууль гаарах нөхцлийг бий болгож, бүх засаглалын ажил хэрэг даах, гүйцэтгэх чадварыг сулруулсан,
-хууль мөрдүүлэх хөшүүргийг үгүй хийж, аливаа хуулийг гууль болгосон нь “төр дампуурахаараа хууль олширдог” хэмээх ардчилсан онолын томъёоллыг ухамсарлаж аваагүйтэй холбоотой.
-төр засаг нь татвараас бүрдсэн улсын төсвийг татвар төлөгчдийнхөө өмнө жил бүр тайлагнадаггүй явдал иргэд дээр татварын дарамт нэмэх, төсвийг шамшигдуулах, үлэмж хэсгийг хуйвалдаж идэх, төсвийн тодотгол гэдгээр дахин хувааж идэх нөхцлийг бүрдүүлж авч байна. Татвар ухаалаг байж л “татвар” гэдэг ухагдахуундаа таарч нийцэж байдаг болохоос бус хэмжээ хязгаараасаа давбал иргэдийн дарамт болж, төрийн луйвар болж хувирдаг (АНУ-д 1914 он хүртэл байнгын татвар гэж байдаггүй байсан. Тэр үед л Америк үндэстэн хөгжил цэцэглэлтийнхээ суурийг тавьж авсан гэж хэлж болно. 1900 он гэхэд л америкчууд нэг хүнд ноогдох үндэсний баялаг, амьдралын түвшингөөрөө дэлхийд эхний байранд гарч ирсэн).
Үүн дээр удирдлагуудын хоорондын толхилцоон, намчирхсан дайсагнал, газар нутгийн наймаа, улс төрийн хуйвалдаан, бялуу хуваалт, улс орон, түмэн олноо уландаа гишгэж, хувийн эрх ашиг, хар амиа хичээсэн шуналын тулам болсон хүмүүс удирдлагад гарч ирсэн нөхцөл байдлыг нэмбэл манай нийгэм орчин үеийн өнгө төрхтэй ч ардчилсан улсын гол шинж болсон иргэний их эв эе, зохицолдоонд хүрч чадаагүй нь харагддаг. Бүр тодруулж хэлбэл удирдлага нь улс орноо анархидуу байдалд байлгах сонирхолтой, иргэний их эвлэлдээнийг бий болгох сонихолгүй гэж дүгнэлт өгч болохоор байна. Энэ байдал манай төр ёсны уламжлалт онолд номлосон “дээгүүр суудлаа олохгүй бол доогуур гүйдлээ олохгүй” гэдэг томъёоллыг амьдрал дээр босгож ирээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж буй төдийгүй эртний Ромд иргэний их эвлэлдээн эвдэрч плебейчүүд (энгийн иргэд) патрициудыг (язгууртнууд) хаяад хотоо орхин ууланд гараад явчихсаны өмнөх тэрхүү зөрчлийн үеийг санагдуулж байна.
Удирдлага анархидуу байдалдаа иргэдийг барьж байхын тулд тэднийг уруу дорой сэтгэлгээтэй болгох сурталчилгааг системтэй явуулж, үндэсний бахархал байхгүй, түүх соёлоороо бахархаж болохгүй, хоцрогдсоноо мэдэж ав гэх мэтийн аястай хэл яриаг байнга таталж байгааг юу гэлтэй вэ? Тэр сурталчилгаанд иргэдийн зарим хэсэг нь автаж байгаа ч үндэсний бахархал, үүх түүх, соёл уламжлал, байгалийн баялгаа ашиглах асуудал дээр манай нийгмийн бие даасан хоёр хэсгийн дунд үе үе оч цахилж байгаа нь нэг нь гадныхантай нийлж, эсвэл дангаараа хэмжээ хязгааргүй ууж идэж байгаагаар шалтгаалж байгаа болохоос бус ямарваа нэгэн өөр шалтгаан үгүй билээ. Бүр тодруулбал нийгэмийн шударга ёс алдсантай нэн түрүүн холбоотой зөрчилдөөн юм.
Далд санаа агуулсан гадны шунахайчуул, тэдний гар хөл болсон этгээдүүдийн тарьж буй уршгаар манай нийгэм хөгжиж дэвжихгүй, хуваагдмал шинжтэй болсноос бус зон олон маань дэлхий нийтэд түгээмэл сүлжээ болчихсон чөлөөт худалдаа, банкны системийг огт эсэргүүцээгүй ээ. Харин өрийн барьцаанд оруулж газар нутаг өмчилж авах, байгалийн баялгийг үнэ цэнэгүй сорж мөлжих явдлыг л зон олон маань онц зэвүүцэн эсэргүүцэж байгаа. Болгарчууд газар нутгаа барьцаанд тавьж, гаднаас зээл авсаар өнөөдөр өөрийн биш болсон газар нутаг дээр амьдарч байгааг бид мэдэх бөгөөд дахин сануулахад илүүдэхгүй бизээ. Бас үйлдвэр, аж үйлдвэрүүдээ гадныханд худалдсаар байгаад өнөөдөр бараг бүгдээрээ шахам биеийн хүчээ зарж амь зуудаг хар ажилчид болчихсон унгарчуудын жишээг бид бас мэднэ. Өдгөө Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь лиценз нэрээр гадныхны мэдэлд орсон нь эдгээртэй адил зүйлийг хэлж өгөхгүй гэж үү?
Монголчууд бидний үндэсний сэтгэлгээний загварыг бий болгосон гурван хэмжээст уужим ухаан, оюун санааг нугачин дарж, “ноолж сурсан номхон тугал” болгох далд санааны эсрэг бид гагцхүү зогсож байгаа билээ. Монгол хүнийг Монгол сэтгэл зүрхтэй хүн л ойлгож хамгаална. Түүнээс биш Монгол хүн гэгдэвч эрэмдэг зэрэмдэг сэтгэлтэй болчихсон, эрээвэр хураавар хүсэл мөрөөдөл хөлөглөсөн, хар амиа хичээж шуналд автсан этгээдүүд, тэр тусмаа гадны далд санаатнууд Монгол орон, Монгол түмний төлөө сэтгэл зүтгэлээр явахгүй гэдэг нь ойлгомжтой.
Монголын улс төрийн түүхээс товч сөхөн үзэх нь
Улс төр судлал, олон улсын эрхзүйд вассалитет (хараат улс), протекторат (ивээлийн улс), сюзеренитет (хоёрдмол харъяалалтай улс), саттелитет (дагуул улс), буфер (бамбай улс), доминион (өөрөө засах улс) гэсэн томъёоллууд байдаг. Вассал, вассалитет гэдэг нь феодализмын үеэс уламжлагдаж ирсэн нэр томъёо юм. Вассал гэж том феодалд эзэмшил газрынхаа эрх мэдлийг алдаж хараат болсон жижиг феодалийг хэлдэг байсан. Вассалитет гэвэл феодалийн хараат улсыг хэлдэг байж. Бусад нэр томъёо нь империализмын үед гарч ирсэн. Эдгээр нь харъяаллын өөр өөр түвшинг зааж өгдөг томъёоллууд юм. Тэдгээрийн ялгааг мэдэхгүй хооронд нь хольж хутгавал мэргэжлийн хүний хөх инээдийг хүргэдэг учиртай. Тэдгээр нэр томъёо нь түүхийн шинжлэх ухаанд улс төр судлал, олон улсын эрхзүйгээс шилжин орж ирсэн нэр томъёонууд учраас түүхчид нилээд будилж хэрэглэх нь элбэг үзэгддэг.
Социализмын үед зөвлөлтийн судлаачид Монголд феодализм байсан мэтээр томъёолж өгөөд манай түүхчид тэр томъёоллыг нь уухайлан хүлээн авч феодаль, феодалийн нийгэм гэж чухам юуг хэлдгийг ухаж ойлголгүйгээр түүхийн номоор дүүрэн Монголын “феодалиуд, феодализм, феодалийн бутрал” гээд тахал тархааж буй мэтээр биччихсэн нь одоо ч хүртэл олон хүний толгойг мунхруулсаар байна. Түүний нэгэн адилаар Монголын төрийн уламжлал Манжийн үед, социализмын үед тасарч мартагдсан мэтээр ойлгуулах оролдлого өнөө үед нилээд хүчжээд байгаа бололтой.
Манжийн үед Ар Монголын улс төрийн статус нилээд өндөр байсан нь хэд хэдэн ноцтой баримтаар нотлогддог. Тухайлбал манжийн хааны өмнө Монголын асуудлыг хариуцаж байсан байгууллага нь “Монголын төрийг засах яам” гэдэг нэртэй тусгай газар байсан. Энэ нь Монголчууд төрөө, засаг захиргаагаа авч үлдэж чадсаныг харуулж буй зүйл юм. Хэрвээ төрөө алдсан юм уу, устгуулчихсан байсан бол тусгай яам байгуулалгүйгээр бусад мужуудаа захирдаг ерөнхий засаг захиргааныхаа байгууллагуудаараа дамжуулан захирах байсан. Хоёрт, манжийн төр тогтохоос өмнө Монголын ноёлогч Боржигон овог, манжийн ноёлогч Айсан горо овогтой худ ургийн барилдлагаатай байснаас манжийн захиргаа Монголчуудад нагацууд гэж хандах Монголын төрийг бага хөндөх тусгай бодлого баримталж байсан юм. Гуравт, манжууд худам Монгол бичиг, нүсэр төрийг удирдан залах Монголчуудын төр ёсны уламжлал, хууль цаазыг хуулбарлан авсан явдал нь Монгол тэдний хувьд соён гэгээрүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвт, тухайн үеийн Монгол өөрийн гэсэн засаг захиргаатай, цэрэг цагдаатай байсан зэрэг нь доминион улсын эрх яах аргагүй мөн юм.
Социализмын үед ч гэсэн жийрэг буюу бамбай улс, эс бөгөөс дагуул улсын статустай байснаас биш хараат улс байсан, төр ёсны уламжлал алдагдсан гэвэл түүх гуйвуулсан ихээхэн том эндүүрэл болох биз. Харин Монголын төр ёсны номлолд сургаснаар төрийн “их малгайн буурь таниулах” хэмээн томъёологдсон боловсон хүчний бодлого 1938 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр А.Амар сайдыг хороосны дараачаас алдагдсан гэж хэлж болох талтай. Гэхдээ бид үүнийгээ 1940-өөд оны сүүлчээс сэргээж авч чадсан.
Төр-нийхэмийн гүн ухааны уламжлалт гүн гүнзгий сэтгэлзүйтэй, төрийн тухай сэтгэхүйдээ “төрийн минь сүлд хараг” гэдэг ерөөл ч гэмээр юм уу, эсвэл итгэл сүсэг гэмээр зүйл гүн гүнзгий шингээстэй байдаг ард түмэн түүнийгээ (тэр гүн их сургааль номлолоо) түүхийн аль нэгэн хугацаанд оюун санаанаасаа ор мөргүй аваад хаядаг юм гэнэ. Их амархан юм болохнээ. Юм мэдэхгүй, мэдэхгүй гэхэд арай ч хэтэрч байгаа юм биш үү. Монголчууд байгаль, цаг агаар, мал сүргээ дагаад бие биенээсээ хол, салангид мэт амьдардаг ч төр ёсны бат тогтвортой сэтгэлзүй нь тэднийг төрийн нөмөр нөөлөг дор нэгдмэл сэтгэлээр бэхэлж, бат журамтай байлгасаар ирсэн юм. Монгол эр хүн аж ахуйгаа хөөгөөд хаана ч явж байсан “төрийн хар хүн”-ийнхээ үүрэг хариуцлагыг умартдаггүй сэтгэлзүйтэй байсаар байсан, байсаар ч байгаа учраас “эр хүн тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдарна” гэж сэтгэсээр өдгөөд хүрч ирснийг юу гэх гээв ээ.
Монголын соёл оюуны соёл иргэншил учраас гүн ухааны аливаа бүтээлүүд нь зүйр цэцэн үгстээ хүртэл шингэн орж, ойлгож ухамсарлахад амар хялбар болсон буюу тусгай боловсрол хэрэггүй байдаг онцлогийг агуулсан байдаг билээ. Барилга байшин бол тордохгүй бол нураад уначих өндөр магадлалтай байдаг. Харин оюуны бүтээл бол сэтгэлзүйд нэвт шингэж мөнхөд амьтай байдаг. Монголчууд оюуны соёл иргэншлийн төлөөлөгчид учраас энэ талаар аль ч үндэстнээс илүү өвтэй. Бид гурван хэмжээст сэтгэхүйгээр сэтгэдэг учраас бидний гүн ухааны ойлголтууд ертөнцийн гурвал шинжийг номлосон байдаг. Уул нь хүн гэдэг амьтан “оюунт амьтан” гэдэг нэр төрөө дээдэлж явдаг л бол гурван хэмжээс, гурван цагийн барилдлагаар сэтгэж чаддаг байх ёстой. Үүнийг ойлгож авахад хялбар болгохын тулд загасны биеэр жишээ авъя. Загасны сүүлийг өнгөрсөн цаг, сэлүүрийг нь одоо цаг, толгойг нь ирээдүй цаг гэе. Загасны сүүлийг таслаад усанд тавибал цусаа гарч дуустал сэлүүрийнхээ хүчээр урагшаа маш удаан ахимар болно оо доо. Түүнчлэнгээр сэлүүрийг таслаад тавибал сүүлнийхээ хүчээр мөн л багаахан зай хороогоод өнгөрч үрэгдэнэ ээ дээ. Толгойг таслах юм бол сэлүүр ч, сүүл ч урагшаа хөдөлгөж чадахгүйд хүрнэ ээ. Өөрөөр хэлбэл загасны биеийг дайран өнгөрч буй гурван цагийн хэлхээс салшгүй уялдаа холбоогоор ган бат холбогдсон байдаг. Үүний аль нэгийг үгүйсгэвэл ертөнцийн юмс үзэгдлийн хувьсал, өөрчлөлтийн “жам” хуулийг үл ойлгох мунхаглал болж хувирдаг. Тиймээс ч “Өнгөрснөөсөө сургамж аваагүй ард түмний үхэл нь ирдэг” гэдэг бичигдээгүй хууль бий билээ.
Хэн нэгэн хүн төр засгийг зохион байгуулах, жолоодох, нэн ялангуяа “орчин үеийн төр”-ийг байгуулж удирдах их хэцүү, та нар бараг чадахгүй гэх гээд байгаа юмаа даа. Тэгвэл Монголчууд зохион байгуулалтад маш амархан ордог онцгой өвөрмөц сэтгэлзүйтэй гэдгийг тэдэнд хэлэх нь зүйтэй байх. Бидэнд сэтгэлийн тэнхээ, хүсэл тэмүүлэл, эрч хүч, саруул ухаан цөм бий. Тэнгэрийн муу арилдаг шиг цагийн муу арилах нь ойлгомжтой. Тэр цагт “сайн төр”-ийг цогцлоон удирдахын тулд өөрийгөө золиослох чадвартай зоримог удирдагч ч гараад ирнэ. Монгол зон маань ч ирээдүйн төлөө, хүн төрөлхтөний төлөө “хөдлөхийн дээдээр хөдөлнө”. Монголчуудын тэсвэр тэвчээр, хүлээлт бол ухааны тэсвэр тэвчээр болохоос биш арчаагүйн тэсвэр тэвчээр биш шүү. Аливаа үндэстэнд бие махбодио тэжээх хоол хүнснээс гадна сэтгэлзүйг тэжээх хоол хүнс бас чухал байдаг. Үүнээс аливаа бэрхийг даван туулах үндэстний сэтгэлийн тэнхээ хөвчирч нэмэгдэж байдаг.
Гүн ухааны онолын ойлголтоор “сайн төр, муу төр” гэж байдаг болохоос хоцрогдсон, бүдүүлэг төр гэж байдаггүй. “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Хулганаа л барьж идэж чаддаг байх ёстой” гэж социалист, капиталист зах зээлтэй холбогдуулж, Дэн Ся-пин агсны хэлсэн шиг “Төр ямар хэлбэртэй байх нь хамаагүй. Улс орноо сайнаар удирдаж чаддаг байх ёстой” гэж хэлмээр байна. Учир нь хүн төрөлхтөн удирдлагынхаа өнгөн талыг яаж ч зассан, бүтцийг нь яаж ч нүсэржүүлсэн байгаль дээр балар эртнээс оршин тогтносоор ирсэн “удирдагчид ба удирдуулагсад” гэдэг энгийн, хялбар бүтцийг одоо хүртэл давж гарч чадаагүй байгаа юм. Тиймээс “орчин үеийн төр” гэдэг нь засаглалынхаа яам, тусгай газрыг олшруулж нүсэржүүлсэн удирдлагын бүтэц юм.
Уламжлал гэдэг улс төрийн ч бай, нийхэмийн ч бай, эдийн засгийн ч бай улс орныхоо онцлогт (оршин буй байгаль орчин, цаг агаарын, үндэсний сэтгэлгээ гэх мэт) нийцтэй, хэрэглэж хэрэгжүүлэхэд хүмүүсийн сэтгэл санаанд ойр дөт зүйл байдаг. Тиймээс ч япончууд, солонгосууд, хятадууд орчин цагийн нийгэмийг байгуулахдаа өрнөдийн нийгмийн бүтэц, ардчилал, улс төрөөс авах хэрэгтэй гэж үзсэн зүйлээ л авч өөрсдийнхөө төр-нийгмийн уламжлалд оруулан сүлэлдүүлэн нийлүүлсэн. Үүний үрээр нийгэм-төрийнх нь шинэлэг зохион байгуулалт нь ард иргэдийнх нь сэтгэл санаанд нийцтэй болж өгсөн билээ. Харин оюуны шүүлтээр оруулалгүй хөнгөн хөөрцгөөр хэт загварчлан хуулбарласан дуураймал аливаа зүйл заавал чанар муудаж бууж ирдэг нь жам юм. Жишээ нь өрнөдийн нийгэм-төрийн бүтцийг мухар сохроор 100 хувь загварчлан дуурайсан Латин Америк, Африкийн улс орнууд толгой дараалан хоцрогдлоос гарч чадаагүй, харин оюуны шүүлтүүрээр авахыг нь авч, хаяхыг нь хаяж, үндэснийхээ сэтгэлгээ, онцлогт тааруулж авсан Азийн улс орнууд хөгжил дэвшлийн замаар замнасан нь өдгөө тод харагддаг. Бид төр-нийхэмийн асар өндөр уламжлалтай атлаа бусдаас хуулбарлах гэж оролдох, бусдыг сармагчин мэт дуурайх шаардлага бий гэж үү? Бид яагаад япончууд шиг, солонгосууд шиг, хятадууд шиг өөрсдийнхөө соёлын авдарнаасаа уламжлалаа эрж хайж болдоггүй билээ. “Айлаас эрэхээр авдараасаа эр” гэдэг гүн ухаан уг нь Монголчууд бидэнд мэргэн ухаан маягаар эртнээс уламжлагдаж ирсэн сэн дээ. Бид өвгөдийнхөө хийж бүтээсэн оюуны их өвөөс шүүж шүүрдэж, хэрэгтэйг нь сугалан гаргаж ирж хэрэгжүүлж чадах ухаанаа уучихсан юм гэж үү дээ.
Эцэст нь хэлэхэд манай төр улс, нийхэмийн өнгөрсөн болон өнөөгийн байдлыг шүүмжлээд байгаа хүмүүсийн бичээд байгаа зүйлээс харахад Монголын түүхийг биш, Монголын ард түмний тухай биш, харин африкийн өнгөрсөн үе, өнөөгийн африкчуудыг шүүмжлээд байгаа аятай байх юм. Тэд Монголын төр ёсны уламжлал, Монголчуудын туулж ирсэн түүх, нийхэмийн хөгжлийн тухайд маш өчүүхэн мэдлэгтэй буюу огт мэдлэггүйгээ бичсэн зүйлээрээ тод томруун мэдүүлж өгч байх юм. Тэд Монголынхоо соёлыг оюуны соёл иргэншил буюу гурван хэмжээст сэтгэхүй дээр суурьлан гарч ирсэн өвөрмөц соёл гэдгийг нь ойлгоогүй бололтой байдаг.
Гэтэл нүүдэлчдийн болоод суурин иргэдийн соёл нь өөр өөрийн хэмжүүр, шаблонтой, бие биеэсээ давах ч юмтай, дутах ч юмтай соёл иргэншлүүд юм шүү гэдгийг хэн ч бай нарийн ойлгож авах ёстой. Нүүдэлчдийн соёл иргэншлийн хэмжүүр шаблоноор суурин иргэдийн соёл иргэншлийг хэмжээд дутсан зүйлийг нь хоцрогдол гэж тооцоод та нар хоцрогдсон гэх эрх бидэнд ч бас бий шүү дээ.
Хүн төрөлхтөн соёл иргэншлийнхээ өнөөгийн мухардлаас гарч чадвал “оюуны соёл иргэншил” илүү их ирээдүй нээж өгөх нь дамжиггүй. Английн суут зохион байгуулагч (ерөнхий сайд) У.Черчилль “Ирээдүйн эзэнт гүрэн бол оюуны эзэнт гүрэн улс байна” гэж зөгнөсөн билээ. Тиймээс бид оюуны соёл иргэншлийнхээ өв сангийн авдараа нээж, ололт дэвшлээ цаг үедээ тааруулан боловсронгуй болгож, хэрэглэж хэрэгжүүлэх, хөгжил дэвшлийн араас хөөж гүйлгүй урдуур нь амдаж дайрч орох ёстой. Түүнээс биш араас нь хөөцөлдөөд гүйвэл хэзээ гүйцэх нь ямагт тодорхой бус байсаар л байна. Бидэнд өдгөө дутагдаж байгаа зүйл бол зөв бодлого, өв уламжлалынхаа авдарыг нээж хэрэглэх ухаан хоёр л дутаад байна уу даа.
Ж.Бор
Д.Баатар
Эх сурвалж:Өдрийн сонин