Ц.Төрбат: Гаалийн байгууллагад ажиллах бидэнд бахархалтай санагддаг

 

Монголын Гаалийн байгууллага үүсч хөгжөөд өдгөө 105 жил болжээ. Энэ том айлд олон жил ажилласан, Алтан гадас одонт, Төрийн албаны тэргүүний ажилтан, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Гаалийн зөвлөх, Улаанбаатар дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч, хянан шалгагч Ц.Төрбаттай ярилцлаа.

-Та гаалийн байгууллагад 35 жил ажилласан туршлагатай хүн байна. Өөрийгөө товч танилцуулна уу?

-Намайг Ц.Төрбат гэдэг. Өмнөговь аймгийн хүн. Усны инженер, хууль эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд 35 дахь жилдээ ажиллаж байна. Ам бүл 5. Шивээ хүрэн, Гашуун Сухайт, Замын Үүд, Сайншанд, Сэлэнгэ аймгийн гаалийн газарт ажиллаж байсан. Одоо Улаанбаатар дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч, хянан шалгагчаар ажиллаж байна.

-Энэ жил Гаалийн хэдэн жилийн ой тохиож байна вэ?

-Монголын Гааль Богд хаант засгийн үед байгуулагдаад өдгөө 105 жилийн нүүрийг үзжээ. Өндөр Гонгор анхны ажиллагсдынх нь нэг. Тэрээр Гаалийн байцаагч байсан. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг төрийн тусгай энэ байгууллагад ажиллах бидэнд бахархалтай санагддаг.

-Та Монголын гаалийн талаар ярина уу?

-Манай байгууллага төрийн хяналтын тусгай алба. Мөн ард иргэддээ үйлчилгээ хүргэж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний газар. Үүгээрээ төрийн хяналтыг сайжруулах, түргэн шуурхай үйлчлэх нь бидний үүрэг. Гаалийн байгууллага бол төрийн хяналтын байгууллага болохоос татварын газар биш юм. Манайд хилийн гаалиуд, гүний гаалиуд гээд нийтдээ 20 гаруй гааль байгаагаас Улаанбаатар хотын гааль улсын төсөвт Монголын гаалийн байгууллагын нийт татварын орлогын 60-70 хувийг дангаараа оруулдаг том байгууллага. 200 гаруй ажилтантай. Улаанбаатарт Буянт-Ухаа, Улаанбаатар хотын (вокзалд байрлалтай), Олон улсын шуудан илгээмжийн (төв шууданд төвлөрсөн) гэсэн гурван гаалийн газар байна. Нисэхийн байрны зорчигчдын ордог хоолойг Монгол улсын хил гэж заагладаг. Хуулинд гаалийн газрын хил боловч Монгол улсын хил гээд заагаад өгчихсөн байдаг. Тэр утгаараа Улаанбаатар хотод 16 гаалийн терминал байна. Голдуу олон улсаас орж ирж байгаа чингэлгийн бараанууд тэнд бууж байна. Тэрний торон хашаа Монгол улсын дархан хил болно. Тиймээс ийшээ тусгай үнэмлэхтэй л нэвтэрнэ. Хууль бусаар нэвтэрвэл Монгол улсын хил зөрчсөн асуудалд орно гэсэн үг.

-Бараа бүтээгдэхүүний нормын талаар?

-Зорчигчийн журам байна. Ямар бараа гэдгээс хамаарч хэдэн кг, гр-ыг авч явах гэх мэт. Компаниудын хувьд хязгаарласан болон хориглосон бараанаас бусад барааг оруулах эрхтэй.

-Сүүлийн үед ямар нэг дэвшилтэт арга хэрэгслийг нэвтрүүлсэн үү?

-2003 оноос тодорхой зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байна. Жишээ нь гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, хөнгөн шуурхай үйлчлэх, гаалийн байгууллагын системийг сайжруулах, гааль бизнесийн түншлэлийг сайжруулах гэх мэт. Нэг жилдээ нэг ажлыг барьж аван улам боловсронгуй болгож ажилладаг. Хамгийн гол нь гаалийн шинээр гарч байгаа хууль тогтоомжийг хэрэглэгчиддээ таниулах нь чухал байдаг. Харилцагчид тэр бүр хууль тогтоомжийг мэддэггүйгээсээ санаатай болон санамсаргүй зөрчлүүдэд орох тохиолдол их байдаг. Тэрийг гаальчид бид ойлгуулах, таниулах, сурталчлах гол үүрэгтэй байдаг. Сүүлийн үед “Эрсдэлийн менежмент” гэдэг үр дүнгээ өгч, үйлчлүүлэгчдэд таалагдаж байгаа аргыг нэвтрүүлсэн. Энэ нь ирж байгаа ачаа болгоныг шалгаж үзэлгүйгээр шаардлагатай ачаануудыг үзнэ. 100 гаруй ачааг шалгахад бид 5 юм уу 10-ыг нь эрсдэлийн сангаар шалгаж үзнэ. “Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем” гэсэн програмд орсон байгаа. Хуучин шиг бичгийн машинаар хийхээ больсон. Айл(компани, аж ахуй нэгж)-үүдийг зөрчилгүй болон зөрчил гаргаж байснаар нь (татвараас зайлсхийсэн, бараа дутуу мэдүүлсэн, үнэлгээ нь бага өгсөн, цаанаасаа бичиг баримтаа худал бүрдүүлсэн) сан үүсгэж ногоон(шууд гаргах), улбар шар(бичиг баримтын хэмжээнд шалгах) болон улаан өнгийн төлөв байдал(зөрчилтэй)-д шилжүүлдэг. Гэвч ногоон нь хүртэл зөрчилтэй байх магадлалтай. Иймд бүрдүүлэлтийн дараах шалгалтаа олшруулах нь дэлхийн нийтийн хандлага болоод байна.

-Та бүхний ажилд ямар саад бэрхшээл тулгардаг байх л даа. Үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Нэг үеийг бодвол манай гаалийн байгууллага харилцагчидтай харилцах хялбар болж байгаа. Учир нь энэ гаалийн харилцаанд орж байгаа үйлчлүүлэгч, хувь хүн, зорчигч, аж ахуй, компаниуд дүрэм журмыг сайн ойлгодог болоод байна. Тэр нь бид нарын ажлыг их хөнгөвчилж өгч байна. Өмнө нь хориотой болон хязгаарласан барааг оруулж ирэх асуудал их байсан. Жишээ нь нууцаар спирт оруулж ирэх, ангийн арьс гаргах гэх мэт. Аж ахуй нэгжүүд ч мөн тэр үед аль болохоор татварын орлогоо дарах, бараагаа дарах гэх мэт зүйл ч их байлаа. Энэ нь 90 оны эхэн үеэс сүүл үе хүртэл их тохиолдсон. Би өөрийн туршлагаас харахад 2007 оноос хойш аж ахуй нэгжүүд, томоохон компаниудтай харилцаанд орсноос ажил нэлээд жигдэрсэн.

-Гаалийн 10 хувийн татвар гэж авдаг шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

Бид НӨАТ-ын татвар гэж 10 хувь авдаг. Энэ нь гаалийн татвар биш, ашгийн татвар. Гаалийн 5 хувийн татвар авдаг. Ингээд нийт 15 хувийн татварыг авдаг. Гаалийн 5 хувийн татвар бол бага татварт орно. Зарим орны туршлагыг харахад НӨАТ авалгүй зөвхөн гаалийн татвар авдаг. Тэр жишиг адил энэ хоёр татварыг салгавал зүгээр. Гааль дээр зөвхөн гаалийн татвараа авдаг бол уг нь сайн. Мөн гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг сайжруулах. Бид туршлага судлах зорилгоор БНСУ-ын Бусан хотын гаалийн үйл ажиллагаатай танилцаж долоон хоног явсан. Бусан хотын боомт дэлхийд тавд ордог. Өдөрт 5,000 чингэлэг усан онгоцоор орж ирдэг. Улаанбаатарт ачаалалтай үедээ өдөрт 200 чингэлэг орж ирдэг. Нэвтрүүлэх боомтын терминалуудын нэвтрэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах юм бол орчин үеийн тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Нэг компанийн 40 тоннын чингэлэгтэй 20 гаруй ачааны тал хувийг шалгана, тоолно, ухна. Тэнд бол 4-5 цагийн ажил гарна. Үүнийг хөгжилтэй орнууд жижиг машин яваад рентгенээр харчихдаг. Тэгээд дэлгэцээр шууд хараад шаардлагатай бараануудыг шалгадаг. Энэ нь боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулж буй хэрэг. Цаашлаад хоёр жил тутам сэлгэн ажиллуулах хуулийг өөрчлөн тогтвор суурьшилтай болгохыг онцолмоор байна. Бид төрийн хяналтын ажлаа хийхээс гадна үйлчилгээний байгууллагын хувьд үйлчлүүлэгчдэд хурдан шуурхай үйлчлэх нь бидний үүрэг. Саяхнаас 3.5 тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг байрлуулсан нь 105 жилийн ойдоо барьж байгаа бидний бэлэг.

-Танай салбарыг ямар мэргэжлийн хүмүүс голлон удирдан авч явж байна вэ?

-Манайд дандаа гадаад, дотоодод төгссөн өндөр боловсролтой хүмүүс ажилладаг. Хууль эрх зүйч, барааны мэргэжилтэн манайд голлон ажилладаг. Мөн бид геологийн талын мэргэжлийн зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Манай ажилд бараа судлаач, цахилгааны инженер, хүнсний технологич, хэлний мэргэжилтнүүд ч хэрэгтэй. Гаалийн байцаагч хүн өөрийгөө цаг ямагт боловсруулж, мэдээллээс хоцрохгүй байх шаардлагатай. Интернет орчинтой өдөр тутам харилцаж байх хэрэгтэй. Шинэ технологиудыг мэддэг байх, үнэ өртгийг нь судалсан байх үүрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд бидэнтэй харилцдаг хувь хүн, аж ахуйд, компаниуд гаалийн үйл ажиллагаа түргэн, шуурхай болсон гэх нь их болсон.

Ярилцсанд баярлалаа

Б.Халиун

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …