Монголын үнэт цаасны бирж дээр IPO гаргаж байгаа “Анд энерги”ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаатай хийсэн товч ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Эхний асуултаа яагаад Монголд гэрлийн үйлдвэрийн бизнес хийх болсон талаар эхлэе.
-Манай компани 2011 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үедээ Эрдэнэт хотын төв гудамжны гоёлын гэрэлтүүлгийн ажлыг хийхээр болсон юм. Ингээд бид БНХАУ-ын Гуанжоу хотруу явж гэрлийн судалгаа хийн худалдан авахаар захиалгаа өгсөн боловч анх төлөвлөсөн 1 сарын хугацаандаа ирээгүй 3 сар болсон. Гэтэл ажил гүйцэтгэх хугацаа маань 45 хоног байгаад байдаг. Ингээд ажлаа дуусгахын тулд Улаанбаатар хотоос 3,500 төгрөгөөр гэрлээ худалдаж аваад ажлаа дуусгаж байсан юм.
Гэтэл нөгөө гэрэл маань 1 сарын дараагаас шатаж эхэлсэн. Бид ахиад үнэтэй гэрэлүүдийг худалдаж авч хийсэн боловч ахин шатаад байсан. Ингээд бид нэг хийх ажлаа 2,3 удаа гүйцэтгэсэн. Үүнээс л Монголчууд бид яагаад чанартай гэрэл хийж болдоггүй юм, өөрсдөө хийж болохгүй гэж гэсэн санаа төрсөн.
Мөн компанийн үүсгэн байгуулагчид бүгдээрээ Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн үед манай үйлдвэрт цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор гэрэл бага зарцуулдаг LED гэрлийг ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайн үед LED гэрлийн хэрэглээ одооных шиг ийм өндөр байгаагүй, үнийн хувьд ч хямд биш байсан.
Тэгээд бид нэг LED гэрлийг задалж үзээд хийж болохоор юм байна гэдэг сэдлийг авчсан. Ингээд л 2013 оны сүүлээр үйлдвэр байгуулая гэж сэтгэл шулуудан зүтгэсний хүчинд 2014 оны 5 сараас үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа.
-Та үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ юу гэж тодорхойлох вэ?, онцлог нь юу байна?
-Онцлогын хувьд 1-рт чанар. Манай ашиглаж буй материал маань чанартай байдаг. Материалын өнгө ялгах чадвар, гэрэлтүүлэх чадвар өндөртэй. Бид түүхий эд нийлүүлэгч компанитайгаа байнгын харилцаатай байж, шинэчлэн сайжруулалт хийсэн материалуудыг авч байдаг юм. 2-рт, Манай бүтээгдэхүүнд ямар нэг асуудал гарахад тухайн хэрэглэгч эргээд бидэнд хандах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, эргэх холбоотой сайтай. Бид гэмтэл гарсан гэрлээ засварлах, сайжруулах боломжтой байдаг.
Бид хямд төсөр материалыг аваад одоогийн зах зээл дээр бага үнээр худалдах боломжтой. Гэхдээ энэ нь чанар муугаас гадна бидний нэр хүндэд муу шүү дэ.
-Анд энерги компани одоо нээлттэй хувьцаат компани болох гэж байна. Ер нь нээлттэй ХК-ийн давуу талыг юу гэж харсан бэ?
-Манай компани эхэндээ бусад жижиг дунд үйлдвэрүүдийн л адил эргэлтийн хөрөнгийн дутагдалд их орж байсан. Банкнаас зээл авлаа гэхэд 15-20%-ийн хүү төлөх жишээний.
Гэтэл өнөөдөр манай компани IPO гаргаж хөрөнгө босгосноор 5%-ийн л санхүүжилтын зардлыг нэг удаа төлж байна. Цаашдаа хүүгийн дарамт байхгүйгээр.
Товчоор хэлбэл, 1-р бид мөнгөтэй болно, 2-рт зах зээлд өрсөлдөх боломжийг бидэнд өгч байна, 3-рт дэлхийн том компаниуд шиг олон хөрөнгө оруулагчтай зөв засаглал, менежменттэй болох боломжийг олгож байна. Үүгээрээ давуу талтай гэж харсан.
-Хөрөнгө оруулалт татснаар танай үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэхээр байгаа. Тэгвэл зах зээлээ өргөжүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ?
-Тэгэхээр хамгийн түрүүнд манай компанийн хувьцааг олон хүн бага ч хамаагүй ширхэгээр худалдан аваасай гэж хүсэж байгаа. Ингэснээр зах зээлийн боломж бий болно гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч маань би “Анд энерги”ХК-ийн хувьцаа эзэмшигч учраас компанийнхаа бүтээгдэхүүнийг худалдаж авна гэсэн хүслийг төрүүлнэ. Энэ маань аяндаа манай бүтээгдэхүүний эрэлтийг бий болгоно.
Мөн бид Монгол Улсын хамгийн том зах зээл болох Улаанбаатар хотод бид хүчтэйгээр орж ирэхээр төлөвлөж байна. Иргэд маань Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авья гэдэг болсон байна. Үүнийг ашиглана.
Бас томоохон аж ахуйн нэгжүүдтэйгээ байнгын харилцааг бий болгож хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
-Танайх ирэх 5 жилд орлогоо 5 дахин өсгөхөөр төлөвлөж байгаа. Үүнд хүрэх боломжтой юу?
-Үүнд бидний хэрэгжүүлэх эхний алхам маш чухал байгаа. Жишээ нь 2018 он гэхэд бид 50,000 гэрэлийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг зах зээлд борлуулж, хэрэглэгчид маань манай бүтээгдэхүүний чанарыг мэдрээд байнгын хэрэглэгч болгож чадах юм бол дараа дараагийн төлөвлөгөөнд туссан борлуулалт, орлогын төлөвлөгөө маань төвөггүй биелэх боломжтой.
-Та түрээнд хэллээ. Манайх олон хувьцаа эзэмшигчтэй болмоор байна гэж. Гүйцэтгэх удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчиддээ юу амлаж чадах вэ?
-Юуны түрээнд зах зээл дээрээс босгох хөрөнгийг хөрөнгө оруулагчиддаа танилцуулж байгаа төслийнхөө дагуу үйлдвэрийн барилга, шинэ тоног төхөөрөмж авахад зарцуулж, хангалттай сайн боловсон хүчнээ бэлтгээд хүчин чадлаа 150,000-д хүргэнэ гэдгээ амлаж байна.
Мөн Монголынхоо хэрэглэгчдийг чанар сайтай гэрэлээр хангахаас гадна гэрлийнхээ гол гол түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэх бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээ хэлье.
Танд баярлалаа, Та бүхний ажилд амжилт хүсье!
Баярлалаа
marketinfo.mn