Н.Лүндэндорж: Хоёр өвгөнийг зодолдуулаад, бах таваа хангах сонирхол зарим хүнд байж магадгүй

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Проф. Н.Лүндэндоржтой (ScD,PhD) ярилцлаа.

-Та олон жилийн өмнөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж, хуулийг илүү боловсронгуй болгох шаардлага, үндэслэлийг нь хөндөн бичиж, байр сууриа илэрхийлж ирсэн. Харин одоо л эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг анхаарч, орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Таны ярьж, бичиж ирсэн шиг тэрхүү өөрчлөлтийг хийж чадаж байгаа эсэхээс ярилцлагаа эхлэх үү?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг дэмжиж байгаа. Манай Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлага, үндэслэлийн талаар би одоогоос олон жилийн өмнөөс хэлж, бичиж байсан. Тэр материалууд миний ном зохиолд ч хэвлэгдсэн байдаг. Үүнийг яагаад хэлэв гэхээр би анхнаасаа л өөрчлөх санал гаргаж байсан. Асуулт их өргөн учраас олон зүйл ярих хэрэгтэй ч хоёрхон зүйлийг онцлох нь зөв байх.

-Бололгүй яах вэ?

-Үндсэн хуульд УИХ-д хэт их эрх мэдэл төвлөрүүлснийг өдгөө олон хүн хүлээн зөвшөөрдөг болсон байна. Ялангуяа томилгоо, төсвийн эрх мэдэл нь судлаачдын төвшнөөс халиад бараг жирийн иргэн буруутгадаг зүйл болсон. Гэтэл УИХ өөрөө энэ байдлыг засах санаачилга гаргаж байгаа нь үүлэн чөлөөний нар шиг ховор олдох боломж юм. Үүнийг алдаж болохгүй. Одоогийн өөрчлөлтийн саналаар УИХ сайд нарыг томилдог томилгооны эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байгаа. Ингэснээр Засгийн газар бие даан ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэнэ. Үүний ач холбогдлыг цөөн үгээр хэлэх боломжгүй. Энэ бол өөрчлөлтийг дэмжиж байгаа миний нэгдэх үндэслэл. Дараагийнх нь, УИХ төсвийн эрх мэдлээ мөн хумъя гэж байгаа. Засгийн газраас орж ирсэн төсвийг хэлэлцэх явцад их өөрчилж, задалж, нэгдсэн бодлого алдагдах, төсөв тарамдах явдал олон жил үргэлжилсэн. Үүний үр дагавар нь нэгдсэн бодлогоор улс орны хөгжлийн том асуудалд хөрөнгө төвлөрүүлэхэд саад болох болсон. Энэ жилийн төсөв батлах процессийг харж байгаа биз дээ. Одоогийн өөрчлөлтийн санал бол УИХ төсөв хэлэлцэхдээ Засгийн газрын санал авалгүйгээр зардал нэмэхийг хориглож байгаа. Ний нуугүй хэлэхэд, энэ 24 өөрчлөлтийн бусдыг орхиод зөвхөн энэ хоёрыг хийхэд л бараг хангалттай дэвшил болно.

-Олон нийтэд Үндсэн хуульд 24 төрлийн өөрчлөлт оруулж байгаа гэх ерөнхий л мэдээлэл бий. Одоогоор тэрхүү төсөл нь ч гэсэн тодорхой хүрээлэл дунд өрнөж байх шиг байна. Та манай уншигчдад өөрчлөлт тус бүрээр нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтдээ 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал явж байгаа. Дөрөв нь шинээр нэмэгдэж байгаа асуудал. Эдгээрийг тус бүрээр ярих юм бол хэдэн өдрийн яриа болно. Тиймээс тоймлон хэлье. УИХ хуралддаг хугацаагаа нэмнэ. Бараг 19 хүн хууль баталдгийг болиулна. УИХ өөрөө тардаг байсныг тараадаг болно. Цэцийн дүгнэлтээр сонгуулийн мажоратори тогтолцоог мөнхжүүлснийг засах үүдийг нээнэ. Давхар дээлийг 1/3 болгоно. Ерөнхий сайдыг огцруулах процессийг нарийсгаж, 39 гишүүний саналаар огцруулдаг болно. Улаанбаатараас гадна хоттой болно. Шүүгчээр томилох насыг нэмнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгоно. Ач холбогдол багатай өөр цөөн зүйл үлдэх шиг боллоо. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу. Одоо Монголд нийт ард түмнээс мандаттай ганц л хүн байна. Засгийн газарт чиглэл өгөх эрх байсан байгаагүй бараг адил формаль эрх. Ерөнхий сайд зарлигт гарын үсэг зурснаар амь ордог зүйл шүү дээ.

-Үндсэн хуулиараа оролдох нь ямар нэгэн сөрөг үр дагавар авч ирэх үү?

-Сөрөг үр дагавар юу байх вэ дээ. Харин ч Засаг шиг засагтай болно. Засгийн газрын хариуцлага дээшилнэ. Төсвөө УИХ сайн хянаж чадвал зөв юманд зарцуулдаг болно. УИХ-ын төлөөлөх чадвар дээшилнэ. Эрх мэдлийн тэнцвэр сайжирна. Эдгээрийг хийж чадвал үүнээс илүү дэвшил гэж үгүй байх аа.

-Тэгвэл тухайн улс, орон Үндсэн хуулиараа “оролдох” нь хэр ололт, бас сөрөг үр дагавартай вэ?

-Оролдох гэдэг үг ямар утгатай билээ. Буруу хийвэл буруу байлгүй яахав. Өвчтөнийг оношлохгүй, эмчлэхгүй бол яах билээ. Өвчилсөн бол оношлох хэрэгтэй. Оношилсон бол эмчлэх хэрэгтэй. Түүнтэй ижил. Яагаад болгоомжлол яваад байна вэ гэхээр өмнө нь буруу аргаар буруу өөрчлөлт хийж байсан учраас болгоомжлол дагуулаад байгааг би ойлгож байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг байх аа. Болгоомжлох нь буруу биш. Энэ нь хүмүүст эргэцүүлэн бодох, ул суурьтай хандах бололцоо олгож байгаа.

-Ер нь өөрчлөлт оруулах цаг үе нь мөн үү?

-Цаг нь хэзээ болсон байдаг вэ гэхээр болохгүй зүйлээ оношилж, засах арга замаа олж харсан тэр цагт цаг эхэлдэг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа 20 гаруй заалтаас гадна ямар өөрчлөлтийг оруулах шаардлагатай байсан байв?

Өөр өөрчлөлт оруулах бололцоо нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хязгаарлагдмал. Гэхдээ санаанд орж байгаа зүйлээ хэлье. 25 дугаар зүйлд засах зүйлүүд нэлээд бий. Хуулийг биш төрийг дээдлэх тухай, улсын биш төрийн хуулийн тухай, нийтийн өмч биш төрийн өмчийн тухай, аль нэг эрх мэдэлд эрх бариулах тухай зэрэг буруу зөрүү нэр томьёоноос үүдсэн, шүүхийн тогтолцоогоо буруу тодорхойлсон гэх мэт олон зүйл үлдэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд байгаа энэ мэтийг тайлбараар засаад онолоор, зарчмаар уншаад явж болдог л доо. Харамсалтай нь манайд ийм соёл, төвшин бүрэлдээгүй учраас асуудал болоод байна. Үүнээс гадна парламентын улсад улс төрийн нам төрийн хэрэгт их үүрэгтэй оролцдог учраас одоогийн Үндсэн хуульд ч, нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч тодорхой зүйл тусгагдаагүй байгаа. Уул нь намын санхүүжилт, сонгуульд оролцох оролцооны шударга, зарчимтай байдлыг бэхжүүлсэн зохицуулалт хэрэгтэй байгаа.

-Зарим хүн Үндсэн хуулиараа оролдох хэрэггүй гэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Үзэл бодлын эрх чөлөөг хүндэтгэнэ. Харин үндэслэл, зөв мэтгэлцээн хийх хэрэгтэй. Жишээ нь, УИХ-ын томилгоо, төсвийн эрхийг хумихыг буруу гэдэг үндэслэлийг гаргах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал түүнийг дагаад нэн тэргүүнд ямар хуульд өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Маш чухал асуулт. Бүх органик хуульд өөрчлөлт орно. Бусад ердийн хуульд ч өөрчлөлт оруулах шаардлага гарч мэднэ. Үүнийг хийхэд их цаг хугацаа хэрэгтэй болно. Гэхдээ чиг баримжаа буюу Үндсэн хуулийн хэм хэмжээ нь байгаа болохоор хийх өөрчлөлт тодорхой учраас нэг их бэрхшээл үүсэхгүй болов уу.

-Уучлаарай, сэдвээс өөр нэг зүйл асууя. Та хариулахгүй ч байсан болно. “Зууны мэдээ” сонин болон ТV-9 телевизээр Ц.Нямдорж сайд та хоёрыг их муу харилцаатай. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөл болон таниар оролдох гэж байна гэсэн мэдээ гарч байна л даа?

-Их хөндлөнгийн асуулт байна. Тийм мэдээ харсан. Зарим нэг хүмүүсийн хүсэл мөрөөдөл гэх үү дээ. Ойр дотно хүн, шавь нартаа заримдаа хатуу үг хэлдэг учраас гомдоно, ойлгоно. Зарим хүнд ашиглагдана гээд олон л юм болно. Түүний нэг л дээ. Ц.Нямдорж бид хоёр зөвхөн ажил төрлийн л төлөө маргадаг болохоос хувийн муудалцах шалтгаан, булаацалдсан зүйл байхгүй. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин Ц.Нямдорж нэг л зүйлийн талаар давтан ярьдаг. Энэ нь өс хонзон гэхээс илүү тэр хүний л байр суурь, үзэл бодол, араншин.

Хүмүүс намайг Ц.Нямдоржтой үзэлц, одоо алдах юмгүй, элдэв но-г нь дууд гэх зэргээр янз бүрийн баримт дэлгэж, их хатгадаг. Одоо ч гэсэн хоёр өвгөнийг зодолдуулаад, хажуугаас нь хараад бах таваа хангах сонирхол зарим хүнд байж магадгүй. Бид тэгж болно. Гэхдээ үлдэх үр хүүхэдтэй хүмүүс учраас жижигхэн Монголд эргээд уулзах нүүртэй үлдэх эсэх нь бид хоёрын л асуудал. Бидний нас намба, туулсан зам хүмүүсийн тоглоом шоглоом болохоос өнгөрсөн. Өөр өөрийнхөөрөө л байна.

Эх сурвалж: newspress.mn

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …