Нэлээд эртний үүлдрийн уг нохой Төвдийн хийдүүд болон Гималайн уулсын нүүдэлчин ардын хоточ нохой нь байсаар иржээ. Төвдөөс Казакстанд ирэх хүртлээ их түүх туулсан билээ.
Александр Гритсков хэмээх эрхэм Төвд рүү түүх, соёл, уламжлал судлахаар явжээ. Дарамсалад таван жил амьдрах хугацаандаа Төвдийн түүх соёлыг сонирхон, Тантарын уламжлалт сургуульд элсэн орж Буддизмын философийг судалжээ.
Далай ламтай ч уулзаж байсан байна. Александр Төвдөд мастифф үүлдрийн уг нохойг харснаасаа хойш өөрийн эх орон Казакстан руу авч явахыг хүсэх болжээ.
“Цасны арслан” өөрийн эздээ яаж хамгаалахаа сайн мэддэг. Хүнд жин, өтгөн үстэй уг нохой сарлагийг цасны цоохор ирвэснээс хүртэл хамгаалдаг байна. 1271 оны үед Марко Поло Азид хийсэн аяллын тэмдэглэлдээ Төвдийн мастиффыг “Оюун санаа болон биеийн хүчний хувьд хүчирхэг, тайван дөлгөөн, хуцах дуу нь онцгой, эзэндээ хэт наалдаад байдаггүй ч хамгийн сайн хамгаалагч нь” хэмээн тэмдэглэжээ.
1898 онд Мастифф Берлиний амьтны хүрээлэнд байсан талаар тэмдэглэн үлдээсэн баримтууд бий.
Нэг мастифф цоохор ирвэс, эсвэл бар, эсвэл бүр арслантай ч тулалдаж чадах хүчтэй.
Өдгөө уг нохойг авч тэжээх тийм ч амар биш болсон. Мастиффыг тэжээхийн тулд тодорхой хэмжээний татвар төлдөг тул айл бүр авч чаддаггүй. Ялангуяа тариаланчид тэжээхийг хэчнээн хүссэн ч авч чадахгүй тохиолдол их байдаг аж. Энэ жил Хятадын Зэжиан аймгийн нэг хүн энэхүү Төвдийн мастифф үүлдрийн нохойны гөлөгийг 12 сая юань буюу 2 сая орчим ам доллараар худалдаж авсан байна.
Мастиффын жин 80кг-д хүрч 16 нас насалдаг. Хүйтэн цаг агаарт дассан түүнд тусгай арчилгаа шаардлагагүй байна.