Монгол бичгээ авч үлдэх нэг боломж

Юникодын Техникийн Хорооны ээлжит хуралдаан АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод болж, энэ удаад “Монгол бичгийн юникод стандарт”-ын тухайд тусгайлан авч хэлэлцээд, БНХАУ-ын талын боловсруулсан график код бус Монголын талын боловсруулсан саналыг үндэслэн цаашид авиан кодыг хэвээр үлдээхээр (харгалзаж үзэхээр) шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ нь эцсийн шийд биш гэж үзэж байна. Манай тал ирэх 8 сард болох дараагийн хуралдаанд энэ сайжруулсан хувилбарынхаа шийдэл, давуу талуудыг Монгол бичгийн программ зохиогчид, нийт хэрэглэгчид, олон нийтэд танилцуулах, сурталчлан түгээх, Өвөр Монголчуудаа өөрийн талд татах, Монгол үндэстний нийтлэг эрх ашгийн үүднээс асуудалд хандахад уриалах, хамтран ажиллах, ялангуяа төр засгаас энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, (төрийн бодлого угаасаа байхгүй тул) мөнгө санхүүгээр дэмжиж ажиллах, энэ хугацаанд авиан кодын тогтворжилтыг хангах тэгснээрээ график кодоос илүү гэдгийг батлан харуулах нүсэр ажилтай тулгарлаа.

Төдийгөөс өдий хүртэл Монголынхоо төлөө гэх нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, бие, сэтгэлийн алжаал, өөрийн цаг зав, хөрөнгө мөнгөний сүйтгэлийг үл ажран хамаг бүхнээ зориулж ирсэн С.Бадрал, То.Жамьянсүрэн, Д.Лхагвасүрэн нар болон Болорсофт компанийн мэргэжилтнүүд, төрийг төлөөлж уг хуралд оролцсон Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газрын мэргэжилтэн Б.Энхдалай нарт машид гялайснаа илэрхийлье! Монгол Улсын түүхчид хожмын өдөр эдгээр эрхмүүдийн бүтээсэн үйлс, нийт монгол үндэстний өмнө байгуулсан гавьяаг түүх шастирт алтан үсгээр бичиж мөнхлөх болтугай!

Бусдын өв соёл, гялайх гялтайх бүхнийг ичгүүр сонжуургүйгээр өөрсдийн болгодог дээрэмчин хятадууд энэ түр зуурын шийдлийг зүгээр хараад суухгүй л болов уу. Цаадуул чинь сөрсөн базаагаа бэлдээд, шаргуу ажиллаж байгаа. Зүй нь манай төр өөрийн цөөхөн мэргэжилтнүүдээ төрийн тусгай хамгаалалтад авч, цалин хангамж өгч ажиллуулах хэрэгтэй юм даа. Ямартай ч жаахан уужуухан амьсгаа авах боломжтой боллоо. Гэхдээ тайвширч, алгуурлаж хэрхэвч болохгүй!

Л.Мөнхтөр
2018 оны 4 сарын 8

 “Монгол бичгийн юникод стандарт”-ыг БНХАУ-ын талын боловсруулбал ямар сөрөг үр нөлөөтэй талаар энд дарж унших боломжтой. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …