Сирид улсад Иргэний дайн дэгдээд хэдийн 30 сарын нүүрийг үзжээ. 2011 оны “Арабын хавар” хөдөлгөөний уршгаар бий болсон нөхцөл байдлыг талууд янз бүрээр л “нэрлэнэ”. Эрх баригчид үүнийг гадны террористуудын эхүүлсэн үймээн гэдэг. Харин Сөрөг хүчнийхэн нэг нам, нэг хүний дарангуйлалын системийг үгүй хийнэ гэж ярьдаг. Тэгвэл босогчид Б. Ассадыг он жилүүд хэдийн дууссан гэж тэмцэнэ. Дээр нь үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөн нь “нэмэр хачир” болно.
Мөн дэлхийн нөлөө бүхий орнууд Ойрхи Дорнод дахь ашиг сонирхолоо хадгалаж үлдэхийн тулд увайгүй байдлаар хөшигний ард “хор найруулна”. Дээд түвшинд АНУ-ОХУ. Дунд түвшинд Барууны орнууд-Арабын төлөөлөл, доод түвшинд Б. Ассад-Босогчид. Энэ оны 1 сарын байдлаар Сирид 100 мянга орчим зэвсэгт этгээдүүд дайн байлданны ажиллагаанд шууд оролцож байгааг НҮБ тоо баримт дурьдан мэдэгдсэн билээ.
Бүс нутгийн мөнгө санхүүг хэдийн гартаа “атгасан” Саудын Арави, Катар Ассадын дэглэмийг солихын тулд байдаг бүхнээ “зориулна”. Турк ч ялгаагүй суннит ахан дүүсээ ямар ч байдлаар дэмжсээр ирэв. Түүгээр ч зогсохгүй АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд Сирийн Сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрч, элдэв төрлийн туслалцаа илгээх болов. Ихэвчлэн зэвсгийн тусламж байгаа нь “тодорхой”.
Өнөөдөр Сирийн босогчид нийт нутгийн 60%-д хэдийн хяналтаа тогтоосноор барахгүй нийслэл Дамаскийг буулгаж авахаар хамаг хүчээ хаяж байна. Олон сар үргэжилсэн энэ дайнд хоёр тал үнэхээр “туйлдаж” буй нь илт. Ингээд Сирийн Сөрөг хүчний бүтцийг тодруулъя.
Сөрөг хүчний нам, эвсэл:
Сирийн Үндэсний Зөвлөл, Сирийн Шилжилтийн Зөвлөл, Сирийн Үндэсний Зохицуулах Хороо
Сирийн Чөлөөт Арми:
Сирийн Чөлөөт арми, Идлибийн Эх Орончдын Бригад, Суннитийн жихадууд, Гураба аль-Шам бүлэг, Сирийн Исламист Чөлөөлөх Хөдөлгөөн, Ахфад аль-Расулын бригад зэрэг
Шууд дэмжлэг үзүүлэгч:
АНУ, Турк, Саудын Арави, Катар, Мусальманий Ахан Дүүс Хөдөлгөөн
Шууд бусаар дэмжлэг үзүүлэгч:
Франц, Их Британи
Гаднаас ирсэн дэмжигчид:
Сирийн Исламист Фронт, Аль-Нусрагийн фронт, Ирак-Сирийн Исламист Улс Хөдөлгөөн, Пакистаны Тихрик и Талибан, Фатах алт-Ислам, Абдуллах Аззам Шахедийн бригад, Жунд аль-Шам, Фажрул Ислам, Иракийн чөлөөт Арми гэх зэрэг
/үүн дээр маш олон тооны жижиг хэмжэний зэвсэг отярдууд бий бөгөөд тоо хэдэн зуугаар тоологдоно/
Сирийн Сөрөг хүчин буюу босогчид нэгдсэн зохион байгуулалт, цэргийн эрдмийн чадвар сул гэдгийг өнгөрсөн хугацаанд Ассадын талынхан сайтар “мэдэж” авсан. Гэхдээ босогчид Барууны орнуудад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн зэвсэг техникээр найдвартай хангагдаж байгаа юм. Хэдийгээр АНУ, Европын Холбоо босочгдод зэвсэг нийлэхгүй гэж хэлдэг ч бодит байдал тэс өөрөөр нь ойлгомжтой. Тэд Сирид өөрсдийн цэргийн сургагч, тагнуулын хэрэгсэл, буу зэвсэг, машин тэрэг, бэлэн мөнгө, хар тамхи, биеэ үнэлэгч зэргийг цаг тухайд нь нийлүүлж байна. Босогчид зэвсгээс гадна хөлсний дайчид болон мужахедуудын дэмжлэгийг авч төдийгүй тэдний дийлэх нь Афганистан, Сомали, Чечень, Балкан, Ирак, Ливи зэрэг орнуудад дайтаж явсан бүлэг хүмүүс байдаг.
Олны дотор сайнтай, муутай гэдэг шиг дээрх Сирий хүчний дотор цэвэр улс төрийн зорилготой нам, бүлэг, эвсэл болон цэргийн хүчнүүд байдаг. Тэд Б. Ассадын дэглэмийг хүчээр бус яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх арга замыг нэн түрүүнд тавьдаг. Өмнө нь Дамасктай хэд хэдэн удаа зөвшилцөлд хүрэхээр “оролдож” байсан удаатай. Тухайлбал ирэх 2014 онд Сирид Ерөнхийлөгч болон парламентын сонгуулийг ээлж дарааллан явуулж, Б. Ассадыг төрийн эрхнээс буулгаж болох талаар яригдаад хүртэл амжсан. Ассад ч тийм боломж гарвал буухад бэлэн гэдгээ “зарлачихсан”.
Юутай ч сөргөлдөгч талууд өөрсдөө улс дотроо учраа олоод, дайны галыг зогсох ямар ч чадваргүй нь бидэнд “илэрхий” боллоо. Тэр тусмаа энэ дайн зөвхөн Ассадтай холбоогүй төдийгүй бүс нутаг, дэлхийн томоохон тоглогчдын “эрх ашиг” нэгэн зэрэг хөндөгдөж байгаа тул яах аргагүй “галаар наадах” тоглоом болчихоод байгаа юм. Өнгөн дээрээ дэлхий томоохон гүрнүүд хийгээд Сирийн сөргөлдөгч талууд дайныг дуусгахын тулд “байна” гэдэг ч цаагуураа Сирийг улам л “тогтворгүй” болгох бодлого явуулж байна.
Мөн “Дэлхийн Засгийн газар” гэгддэг НҮБ өөрөө ч Сирийн асуудал дээр нэр хүндгүй болж, хэнд нь үйчлээд байгаа нь “тодорхой” биш болчихсон. Сүүлийн жишээ гэхэд Сирид ажилласан шинжээдийн тайлан сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч одоо хэр тайлан мэдээллээ дэлгэн тавьсангүй. Энэ нь өнөөдөр НҮБ ямар их улс төржиж, бусдад барьцаалагдаж, нэр төдий субъект болсныг илтгэлээ. Нөгөө дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гэдэг шиг…
ОУ-ын тоймч Х. Уламбаяр
2013.09.26