“Багш нар аравдугаар сарыг хүлээхгүй” гэв

Засгийн Газраас багш, эмч эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардсан. Шаардлагын хариуд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Засгийн Газрын 100 хоногийн тайлангийн хурлын үеэрээ 2018 оны аравдугаар сараас эхлэн төрийн албан хаагчдийн цалин тэтгэмжийг нэмэгдүүлэн гэж хэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэн даруй нэмэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэн Засгийн Газраас шаардлаа.

МБШУҮЭХ-ны шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т. Баясгалан “Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос УИХ, Засгийн Газарт хандаж таван зүйлийг шаардаж байна.

Нэгдүгээрт- Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэмэгдүүлэх

Хоёрдугаарт- 2018 онд төрийн албан хаагчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас баталсан 56.6 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн амралт эхлэхээс өмнө яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Гуравдугаарт-УИХ-ын 2017 оны 4-р сарын 14-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар тогтоолыг хүчингүй болгох

Дөрөвдүгээрт- Боловсролын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлэх асуудлуудыг тавьж байна. Дээрх шаардлагын хариуг 2018 оны 4-р сарын 30-ны дотор биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орж ажил хаялт зарлана.

Багш нараас ирж байгаа дийлэнх санал шаардлага бол 2018 оны аравдугаар сарыг хүлээх арга байхгүй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Яам тамгын газрын дарга нарын ярьж байгаагаар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг аравдугаар сард УИХ-д оруулж батлах тухай ярьж байна. Тийм учраас аравдугаар сард цалин нэмэгдэхгүй байж болзошгүй гэсэн хардлага үүсчихсэн байгаа л даа. Магадгүй 2019 онд ч гэсэн нэмэх нөхцөл байдал үүсчихээд байгааг үгүйсгэхгүй. Ер нь 2018 оны есдүгээр сарын 1-ны өдөр гэхэд цалин нэмэхгүй бол ажил хаялт зарлана гэж төлөвлөж байгаа” гэж мэдэгдлээ.

Шавь цогцолбор сургуулийн ҮЭХ-ны дарга н. Дүүриймаа “БСШУСЯ, Сангийн яамны хамтарсан ажлын жишиг норматив батлах тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолыг харахаар ажлын байрны цомхтгол явагдах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг сургуулийн таван үйлчлэгчээс гурван үйлчлэгч халагдаж хоёр үйлчлэгч үлдэх нөхцөл үүсэж байгааг бид эсэргүүцэж байна. Гаргасан тогтоол шийдвэрээ эргэн нэг харах нь зүйтэй байна. Бидний цалин хөлсийг ажлын цомхтголд орсон үйлчилгээний ажилчдын цалингаар нэмэгдүүлэх гэсэн нэгийг нөгөөгөөр нөхөх маягаар ажиллаж байгаагаар болих хэрэгтэй”гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …