Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.
Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж шүүхийн шийдвэрийг хүлээн зогссон юм. Мөн Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр н.Жавхлан, н.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурхсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан” гэж мэдээллээ.