Э.Ууганбаатар: Ой тогтоолтоор хичээллэнэ гэдэг бол арга техникийг сурах биш, тархиа хэрхэн хөгжүүлэхээс эхэлнэ

“Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Open mind” сургалтын төвийн захирал,  НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, “Оюунлаг Булган” төслийг хэрэгжүүлэгч, ой тогтоолт судлаач,  Э.Ууганбаатарыг урилаа.

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Таныг “Оюунлаг Булган” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлсэн гэдгээр манай уншигчид сайн мэдэх байх л даа. Энэ хөтөлбөрийн талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө Өглөө.Мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монголынхоо нийт багш, сурагч оюутнууддаа 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. “Оюунлаг Булган” хөтөлбөр маань 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хамгийн анх Булган аймагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Учир нь ой тогтоолтоор Монголчууд олон улсын тэмцээнд амжилттай оролцох нь бүү хэл хамаг медалийг нь түүж, рекорд эвдэн ёстой л шуугиулж байна. Ой тогтоолтын арга техникийг мэдэх хүний хувьд ерөнхий боловсролын хичээлүүд дээр ашиглаж болохыг мэдээд төрөлх Булган аймагтаа “Оюунлаг Булган” хөтөлбөр болгон хэрэгжүүлж эхлээд гурав дахь жилдээ орж байна.

-“Оюунлаг Булган” төслийн гол зорилгын талаар ярьж өгнө үү?

-“Оюунлаг Булган” хөтөлбөр Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” мөрийн хөтөлбөрийн дэд хөтөлбөр болон хэрэгжиж байгаа. Төсөл маань шатар, ном, мэтгэлцээн, ой тогтоолт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Манай багийн хувьд ой тогтоолтыг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7, 11 ангийн сурагчдыг сонгон хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Мөн сургууль бүрт анги хариуцсан сургагч багш бэлтгэгдэж байгаа.

Бид бүхэн ой тогтоолтын тамирчин гэхээсээ илүү ой тогтоолтын арга техникийг ашиглан ЕБС-н хичээлүүдийг сонирхолтой арга барилаар сурч эзэмших, сурагчдын сурлагад ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байгаа билээ.

-Булган аймагт төсөл хэрэгжиж дууссаны дараа аль аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Одоогийн байдлаар яг энэ аймаг гээд хэлэх арай болоогүй л байна. Манай баг хамт олны минь зорьж байгаа зорилт бол ой тогтоолт гэдэг зүйлийг сургалтын хэлбэрээр нэмэлтээр авдаг биш, харин ой тогтоолтын техникийг хүн болгон математик, англи хэл сурдаг шигээ л сурах ёстой гэж бодоод байгаа.

Ерөнхийдөө бол дээрх төслийг ерөнхий боловсролын сургалтын системд нэвтрүүлэх алс хэтийн зорилготой. Гэхдээ эхний удаад бид аймгийнхаа удирдлагууд болон боловсролын газрын удирдлагуудтай ярилцаад амжилттай хэрэгжүүлж эхэлж байна.

Хөтөлбөрийг хүүхдүүд их сонирхож, шамдан сурч байгаа. Багш нар маань ч гэсэн хичээлийнхээ арга барилдаа хэрэгжүүлж эхлээд явж байгаа. Энэ бол зөвхөн манай багийн зааж байгаагаар үр дүн гарахгүй. Багш, сурагчид өөрсдөө хичээх ёстой.

Таныг ой тогтоолт судлаач гэдгийг нь мэдэх юм байна. Хэзээнээс эхэлж ой тогтоолтыг судлах болов?

-Бид бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр маань Монголын Оюун Ухааны Академийн захирал Х. Хатанбаатар багштай салшгүй холбоотой. Х. Хатанбаатар багшийг хүндэлж, багшдаа баярлаж явдаг. Анх оюутан байх хугацаандаа Х. Хатанбаатар гэдэг хүний лекцэнд суугаад үнэхээр илбэ шиг санагдаж байсан. Багшийнхаа сургалтанд суусан,өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Х. Хатанбаатар багшийнхаа заасан зүйлийг орхилгүй харин илүү баяжуулж судлаад найз нөхөдтэйгөө нийлээд ой тогтоолтын чиглэлээр ном гаргаж, сургалт зохион байгуулсан. Энэ бүх зүйл маань бол оюутан байх үеэс эхлэлтэй.

-Ой тогтоолтоор хэдэн наснаасаа эхлэн хичээллэх боломжтой вэ?

-Ой тогтоолтоор манай улсын тамирчид мундаг байгаа нь ой тогтоолтын арга техниктээ биш асар их хүч хөдөлмөр, цаг хугацааг зориулж, маш олон зүйлийг золиосолж байж амжилтад хүрч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүн тэмцээнд орохын тулд хоёр, гурав өдөр бэлтгэл хийгээд амжилт үзүүлдэггүйдээ л адил. Энэ бол оюуны спорт. Ой тогтоолтыг үндэслэгч Английн эрдэмтэн Тонни Бузан ой тогтоолтын чиглэлээр 100 гаруй ном гаргасан байдаг. Тонни Бузаны зөвлөснөөр хүүхдийг анх эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас нь эхлээд уураг, тархи, оюун ухааныг нь хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Саяхан манай баг хамт олны гаргасан Тону Бузаны “Brain Child” номыг орчуулан “Гавал хүүхэд” нэртэйгээр эрхлэн гаргасан. Энэ ном хүүхдийг эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас нь эхлээд хөгжүүлж, хүмүүжүүлэх арга техникийг зааж зөвлөсөн ном байгаа юм. Тэгэхээр ой тогтоолтоор хичээллэнэ гэдэг зөвхөн арга техникийг сурах биш, уураг тархиа хэрхэн хөгжүүлэхээс эхэлнэ.

-Та хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэх цагаас нь бэлдэх хэрэгтэй гэж ярилаа. Тэгэхээр “Гавал хүүхэд” ном залуу эцэг эхчүүдийн ширээний ном гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Хүн бүр эцэг, эх болохдоо аз жаргалтай байдаг. Гэхдээ нэг л зүйлд санаа зовж эхэлдэг. Энэ нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? гэдэг асуултын хариултыг хайдаг. Би ч асуултынхаа хариултыг хайж яваа залуу аавынхаа хувьд олон эцэг эхчүүдийн асуултын хариултад тус болох байх гэсэн үндсэн дээр “Гавал хүүхэд ” номыг эрхлэн гаргасан.

“Гавал хүүхэд” номын агуулга нь хүүхдийг бага наснаас нь эхлэн хэрхэн хөгжүүлж, хүмүүжүүлэх талаар зөвлөсөн бүтээл. Одоогийн хүүхдүүд гар утсаар маш их тоглож байгааг эцэг эхчүүд яаж болиулахаа мэдэхгүй учир утгагүй баахан загнадаг. Энэ нь нөхцөл байдлыг бүр л хүндрүүлдэг. Тэгвэл өөр ямар арга зам байгааг, яаж хүүхэдтэйгээ харилцах талаар зөвлөсөн. Тийм учраас ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ ? гэдэг асуултын хариулт болно гэсэн үг.

-Ухаалаг эцэг эхчүүдэд зориулсан “Гавал хүүхэд” номыг сонирхсон хүмүүс аль номын худалдааны төвөөс худалдан авах боломжтой вэ?

-Ном маань бүхий л номын худалдааны төвүүдээр борлуулагдаж байгаа.

-Та ой тогтоолтыг судлахынхаа хажуугаар олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Өнгөрсөн сард болсон “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны VII-р их хурлаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Оюутан байхын л олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартаа Монголын хамгийн том оюутны байгууллага. Энэ зун наймдугаар сард болсон “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны VII-р их хурлаар оюутныхаа холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа. Энэ том хариуцлагыг хичээнгүйлэн дааж оюутан залуусынхаа төлөө баг хамт олонтойгоо зүтгэх болно.

-“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо оюутануудруу чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулан явуулдаг вэ?

-Оюутны байгууллага гэдэг утгаараа оюутнууд руугаа чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Бид бүхний зохион байгуулдаг ажлуудын нэг бол Summer Саmp зуслан цугларалт, оюутны холбоонд шинээр элссэн гишүүддээ зориулж Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалтыг зохион байгуулдаг. Оюутны байгууллага учраас оюутан хаана тэр газарт хүрч ажиллаж,оюутнуудтайгаа дуу хоолойгоо нэгтгэдэг.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …