“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд тендерээс их хэмжээний мөнгө завшсан тухай зарим хэвлэл онцолсон. Дуулианы эзэн болоод буй түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг Баянхошуунд хийгдэх дэд бүтцийн ажлын тендерийг будлиантуулсан гэж хэвлэлүүд бичээд байх юм. Хэл ам дагуулаад байгаа тендерийнхээ тухай тодорхой мэдээлэл өгөөч?
– Азийн хөгжлийн банк(АХБ)-наас санхүүжилттэй манай төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хэсэгчлэн хөгжүүлж, зургаан дэд төвийг бүтээн байгуулах юм. Өөрөөр хэлбэл, хот доторх хотыг бий болгоно. Үүний нэг нь Баянхошуу дэд төв. Төсөвт өртөгтэй 6.9 сая ам.долларын санхүүжилттэй автозам болоод инженерийн дэд бүтэцийн ажил хийх компанийг тендерээр сонгон шалгаруулсан.
Ингэхдээ тендерийг хоёр удаа зарласан л даа. Эхлээд зарласан тендерт Хятадын компани шалгарсан боловч юанийн ханш өссөнтэй холбоотойгоор энэ ажлыг хийх боломжгүй гээд татгалзсан. Дахин тендер зарлахад Германы “Ludwig Pfeiffer” компани шалгарсан юм. Тэдний өгсөн үнийн санал нь 9.1 сая ам.доллар байсан. Өмнөх тендерт ялсан Хятадын компани мөн л иймэрхүү үнийн санал өгсөн байв. Ингээд тендерт шалгарсан Германы компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл АХБ-наас ирсэн. Одоогоор бид гэрээ байгуулах шатандаа явж байна.
Тендерт шалгарсан компанийн үнийн санал болох 9.1 сая ам.долларт НӨАТ орчихсон байгаа. НӨАТ-ын арван хувь нь Монголдоо үлдэнэ. Тэгэхээр татварын арван хувийг хасаад 8.2 сая ам.доллараар гэрээ хийнэ гэсэн үг.
-Тэгвэл та гүтгэгджээ дээ. Хуулийн байгууллагад хандах уу?
-Тендерийн зөрүүг Д.Авирмэд гэдэг хүнийг аваад идсэн гэсэн мэдээлэл бол ор үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Намайг болон төслийн багийнхныг гүтгэсэн энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шүүхэд хандсан байгаа. Эрүүгийн цагдаагийн газраас хүртэл ирж биднээс тайлбар авсан. Дан ганц Д.Авирмэд гэдэг хүний нэр төрийг гутаах зорилготой ийм мэдээлэл тараасан бол өөр хэрэг. Гэтэл улс орны бүтээн байгуулалттай холбоотой том төсөл явж байхад ингэж худал хуурмаг мэдээлэл цацах нь маш хортой. Цаашид хэрэгжих олон төсөл хөтөлбөрүүдэд тээг болж мэднэ шүү дээ.
Тендерийн шалгаруулалтыг Д.Авирмэд гэдэг хүн бие дааж шийдвэр гаргадаггүй. Тендерийн үнэлгээний хороо нь АХБ-ны худалдан авалтын хороо руу шууд саналаа явуулна. Тэндээ шалгагдаад, нэмэлт материал хэрэгтэй бол хүлээж аваад, эцсийн шийдвэрээ гаргадаг. Засгийн газрын АХБ-тай байгуулсан хэлэлцээрт бүх худалдан авалт болоод санхүүгийн үйл ажиллагаа АХБ-ны бодлогоор явагдана гэж заасан байгаа.
-Тендер яаж зарлагдсан юм бэ?
-Энэ тендер олон улсад нээлттэй зарлагдсан болохоор гадаад, дотоодын компаниуд оролцох бүрэн боломжтой байсан. Автозам, цэвэр бохир ус, дулаан гээд дэд бүтцийн энэ бүх ажлыг хийж байсан туршлагатай компани хэрэгтэй учраас Германы компани шалгарсан гэсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу